Т.Болдбаатар: Риогийн Олимпийн наадмаас 5-7 медаль авна гэж төлөвлөж байгаа
Эрүүл мэнд, спортын яамны спорт хариуцсан дэд сайд Т.Болдбаатарыг “Чухал сэдэв” буландаа урьж, ярилцлаа.
 
-Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байсан. Гэтэл татан буугдаад, спортын салбар эрүүл мэндийн салбартай нэгдэн нэг  яам болчихлоо.Ингэснээр чиг үүрэг нь багассан гэх ойлголт хүмүүсийн дунд байна. Спортын салбар, Эрүүл мэндийн яамтай нэгдсэнээр үнэхээр чиг үүрэг нь багасч байна уу. Өөрөө энэ салбарыг хариуцсан дэд  сайдын хувьд ямар чиг шугамыг баримтлан ажиллаж байна вэ?

-Шийдлийн Засгийн газрын үед эрүүл мэнд, спортын салбарыг нэгтгээд Эрүүл мэнд, спортын яам болгочихлоо шүү дээ. Энэ  шийдэл маш  зөв. Үнэхээр эрүүл мэнд, спорт хоёр холбогдохоос өөр арга байхгүй. Учир нь дэлхий нийтээрээ нэг ойлголтод хүрчихлээ. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргий­лэх, эрүүлжихийн тулд идэвхитэй хөдөлгөөн, дасгал, спортоор тогтмол хичээллэх нь чухал гэдгийг дэлхий нийтээрээ баталчихлаа. Тиймээс энэ хоёр салбар нэгдсэн нь хамгийн зүйтэй шийдэл гэж үзэж байгаа.

-Эрүүл мэнд, спортын яаман дээр ямар чиг үүргээр ажиллаж байна вэ?

-Эрүүл мэнд, спортын  яам нь таван газартай. Эрүүл мэнд, биеийн тамир, спортоо хариуцсан тус бүр нэг газартай. Бас төрийн захиргаа удирдлагын, стратегийн бодлого төлөвлөлтийн, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын гэсэн газруудтай.  Тэгээд ч Эрүүл мэнд, спорт нэг яаманд нэгтгэснээр  спортоо илүү их анхаарч ажиллах боломж нь бүрдсэн гэж болно. Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байхад соёлоо, спортоо, аялал жуулчлалтайгаа хариуцаад явж байсан.  Эрүүл мэндийн яамны бөөрөнд спортыг “наачихлаа” гэж ойлгож болохгүй.

-Эрүүл мэнд, спортын яам болоод тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?

-Биеийн тамир, спорт гэсэн хоёр чиглэл ярьж байна шүү дээ. Спорт  гэдэг нь маань их спорттой холбож ойлгох асуудал. Мэргэжлийн тамирчид тэмцээн уралдаанд оролцоод явна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадам гээд.   Харин биеийн тамир  гэдэг бол бүх нийтээрээ биеийн тамир спортоор хичээллэх юм.  Өнөөх яриад байгаа идэвхтэй хөдөлгөөн. Иргэд биеийн тамираар хичээллэж, хөдөлгөөнөөр эрүүлжих хэрэгтэй.  Яг энэ чиглэлийн ухуулга сурталчилгааг хүргэх томоохон үүрэг бий болоод байна. Өнгөрсөн оны статистик мэдээг харахад,  манай оронд жилдээ 5000 орчим тэмцээн, уралдаан болсон байна.

Монгол Улсын гурван сая иргэний сая  нь энэ тэмцээн, уралдаанд хамрагдсан байдаг юм билээ.   Үүнээс цэвэр  спортоор хичээллэдэг, спортыг амьдралынхаа зорилго болгочихсон  100 орчим мянган иргэн байдаг. Энэ бол манай улсын хувьд хангалтгүй тоо. Гурван сая иргэний сая орчим нь биеийн тамираар хичээллэдэг гэхэд ердөө л 100 орчим мянга нь мэргэжлийн тамирчин байна шүү дээ.  Харин нийтийн биеийн тамираар хичээллэдэг, идэвхтэй хөдөлгөөн хийдэг 300 мянга орчим иргэн байна. Тухайлбал, фитнессээр хичээллэдэг, гүйдэг, ууланд авирах, аялах гэх мэтээр тогтмол биеийн тамираар хичээллэдэг хүмүүс гэсэн үг.

Одоо манай яаман дээрх спортын чиглэлийн  гол  анхаарал хандуулж байгаа ажил бол ирэх жил болох  хүн төрөлхтөний спортын их наадам болох “Рио”-гийн олимп, паралимп юм.  2016 оны Рио Де Жанейрогийн олимп, паралимпийн наадамд  нэлээд хүч гарган бэлтгэж байна. Засгийн газрын зүгээс ч их анхаарал тавьж байна. Биеийн тамир, спортын хөгжлийн төв дээр шигшээ багийн алба гэж байгаа. Шигшээ багийн албанд 17 спортын төрлийн  120-иод тамирчин, 30 гаруй дасгалжуулагч, нийтдээ 150 орчим хүн бэлтгэлдээ гарч, ажлаа эхлүүлсэн. Зөвхөн шигшээ багийн тамирчдын бэлтгэл цугларалт, тэмцээнд оролцуулахад зориулж  4.4 тэрбум төгрөгийн төсвийг 2015 онд  баталсан байгаа.

Энэ мөнгөө зарцуулаад ажиллаж байна. Миний хувьд энэ санхүүжилт нэлээд боломжийн гэж тооцож байгаа. Зардал мөнгө хүрэхгүй л гээд байгаа. Уг нь 4.4 тэрбумаар нэлээд сайн бэлтгэл, сургуулилт хийчихэж болно шүү дээ. Шигшээ багт л зориулагдаж байгаа мөнгө шүү дээ.  Мөнгө санхүүгийн хувьд чамлах, гомдоллох зүйл байж болохгүй гэж бодож байгаа. Менежментээ зөв хийн “Рио”-ийн олимпод амжилттай  оролцох ёстой. Рио бол экваторын өмнө байрладаг. Тийм болохоор Монгол Улсаас 13 цагийн зөрүүтэй.

Олимпийн наадам ирэх жил наймдугаар сард болно. Бразил дэлхийн өмнөд талд байгаа болохоор манайд зун байхад тэнд өвөл болж байна гэсэн үг. Гэхдээ өвлийнх нь градус +20 орчим байх юм билээ. Энэ бол манай тамирчдын хувьд харьцангуй боломжийн, тааламжтай цаг агаарын нөхцөл шүү дээ. Ер нь Олон улсын спортын шинжлэх ухааны тогтоосноор нэг цагийг нэг хоногтой дүйж байж цагийн зөрүү нь гардаг юм билээ. Тэгэхээр 13 хоногийн өмнө Риод очиж, бэлтгэл сургуулиалтаа хийгээд, Олимпийн наадамдаа бэлтгэх ёстой.  2008 оны Бээжингийн олимпийн наадамд манай тамирчид  28 эрх авч оролцсон. Харин  Лондонгийн олимпийн наадамд  29 эрх авсан. Одоо бид  30-аас дээш эрх авч,  ирэх жилийн  олимпийн наадамд оролцоно гэсэн зорилготой байгаа. Медалийнхаа тоог  таваас дээш ахиулж, 5-7 медаль авна гэж бодож байгаа. 

-Жүдо бөхийн тамирчид маань нэлээд олон жинд Олимпийн эрх авчих байх. Боксын тамирчид Олимпийн эрхийн төлөө тоглоно. Бас ч гэж хэдэн эрх авчрах болов уу.  Топ дөрвөн спортын төрөл дээр эрх авдгаараа л авна. Буудлагынхан хоёр ч эрх авчихлаа. Марафон гүйлтийн төрөлд нэг эрх авчихсан байна. Спортын топ дөрвөн төрлөөс гадна ямар спортын төрөл дээр эрх авахаар анхаарлаа хандуулж байна?

-Паралимпийн төрөлд хоёр тамирчин эрхээ авчихсан байгаа. Олимпийн төрөлд бол гурван тамирчин эрхээ авсан. Жүдо бол оноо цуглуулах зарчимаар явдаг. Тэгж байж эрхээ авна. Харин бусад нь шууд эрх авах боломжтой. Хүндийн өргөлтөөр  эрх авахаар шаргуу ажиллаж байна. Марафоноор Г.Сэр-Од олимпод орох эрхээ авсан. Одоо ДАШТ-д орох бэлтгэлээ Японд хийж байна. Цаашид марафоноор дахиад 2-3 эрх магадлал өндөр байна. Одоогийн байдлаар Үндэсний шигшээ баг дээр  Паралимпийн таван, Олимпийн наадмын  11 төрөл, олимпийн бус нэг төрөл бий. 

Хүмүүсийн хэлж заншсснаар топ дөрвөн төрлөөс гадна байт харваа, хүндийн өргөлтийн төрлүүдээр олимпийн эрх, пара байт харваа, пара хөнгөн атлетик, пара жудогийн төрлөөр Паралимпийн эрх авна гэсэн зорилготойгоор улсын шигшээ багаа бүрдүүлж, төсвөөс хөрөнгө мөнгө гаргаад ажиллаж байна.

-Цагаан хуудсаар орох гэсэн асуудал байдаг. Энэ талаар?

-Түүнийг бол он гаргаад, Олимп дөхөхөөр асуудлаа  шийдэж эхэлнэ. Ер нь эрхийн тэмцээнүүд одооноос эхэлж байна. Одоо эхний олимпийн гурав, паралимпийн хоёр эрхтэйгээ байж байна. Усанд сэлэлтийн төрөлд цагаан хуудасны асуудал яригдах магадлалтай байгаа. Гэхдээ эдгээр асуудал тухайн спортын төрлийн Олон улсын холбооны шийдвэрээс шалтгаална.

Монгол Улсын хувьд олимпод оролцох нь чухал гэхээсээ илүү одоо тэр тусмаа зуны спортын төрөлдөө амжилттай оролцох, медаль авах тал дээр илүү анхаарч ажиллах болсон. Өөрөөр хэлбэл, эрх авч оролцсон төрөл бүрдээ л медалийн төлөө өрсөлдөхүйц байлга­х­ын төлөө Үндэсний шиг­шээ багийн тамирчин, дасгалжуулагч нараа дайчилж ажиллаж байгаа.

-Та саяхан Японд очиж, тэнд тамирчдаа бэлтгэл сургуулилт  хийлгэх тал дээр  хамтарч ажиллах асуудлыг шийдээд ирсэн гэсэн.  Ямар спортын төрөл дээр бэлтгэл хийлгэхээр болсон бэ?

-Саяхан Японы Шизүока, Нийгата мужийн урилгаар зочлоод ирлээ. Их үр дүнтэй ажил болсон.   Шизүока  мужтай хамтран ажиллахаар болж, мужийн захирагчтай нь санамж бичигт гарын үсэг зурлаа. Шизүока  муж нь 35 хоттой юм билээ. Ер нь дэлхий дахинд  хөтөлбөр хэрэгждэг юм байна. Тэр нь юу вэ гэхээр,  олимпийг зохион байгуулж буй улс бусад оролцох орнуудын тамирчдын  зардал мөнгийг нь дааж, өөрийн орондоо авчирч, бэлтгэл сургуулилтыг хийлгэдэг жишиг байдаг юм байна.

Зөвхөн манай тамирчдыг аваачиж, бэлтгэл хийлгэх гэж байгаа юм биш шүү. Урьд нь бид энэ хөтөлбөрийг мэдэхгүй, хамрагдахгүй л яваад байсан юм байна.  Тэгэхээр бид одоо  2020 оны Токиогийн  олимп хол байна гэж бодож болохгүй.  Ирэх жилийн Риогийн Олимпийн наадамд оролцох тамирчдаа биш юм гэхэд залуу халаагаа, 2020 оны олимпийн наадамд оролцох баг, өсвөр үеийн шигшээ багаа бэлтгээд яваад байж болох нь. Ирэх жилийн олимпийн наадамд оролцох тамирчдаа ч бэлтгэл хийлгэж болно л доо. 

Ийм сайхан боломж нээгдчихлээ. Хамгийн гол нь Японы зардлаар шүү дээ. Японд очиж бэлтгэл хийнэ гэдэг нь 2020 оны олимпод амжилттай оролцоход нөлөөлнө. Ядаж л цаг агаарт нь дасчихсан байна. Бид чинь Ази тивдээ болж байгаа олимпийн наадамд өндөр амжилт гаргаад байгаа шүү дээ. 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас хоёр алтан медаль аваад ирсэн. Ялгаа байхгүй Азийн орон. Нэг цагийн бүсэд байдаг. Үүнээс үзвэл 2020 оны Токиогийн олимпийн наадамд нэлээд өндөр амжилт гаргах боломжтой. Тэр дундаа эртнээс бэлтгэл хийчих юм бол бүр ч илүү боломжтой гэж бодож байгаа.  Манай тамирчид спортын бүхий л төрлөөр Японд бэлтгэл хийх боломжтой болсон. Хот болгон нь өөр өөрийн саналаа тавьж байна. Изүнокүни  хотынхон манай улсын чөлөөт бөхийн тамирчдыг аваачиж, бэлтгэл хийлгүүлэх хүсэлтэй байна. Тус хотын чөлөөтийн эмэгтэй тамирчид нь дэлхийд нэрд гарсан байдаг юм билээ.

Паралимпийн тамирчдыг бүх төрлөөр нь авч, бэлтгэл хийлгэе гэсэн хүсэлт тавьж байна. Үндсэндээ тэдний зардлаар тодорхой хугацаанд очиж, бэлтгэл хийгээд байх боломжтой.  Одоо долдугаар сарын 16-нд Яйзу, Изүнокүний хотын орлогч дарга нар болон Шизүока мужийн спортын газрын дарга нь манай улсад ирэх юм. Тэд манай Биеийн тамир, спортын хөгжлийн төвтэй хамтарч ажиллах гэрээ байгуулна.  Эхний ээлжинд Японы томоохон гурван хотын удирдлага  манайд ирж гэрээ хийнэ. Тэгэхдээ эхлэх хугацаагаа нарийн тохирох байх.  Миний хувьд  есдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлвэл зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Зуны халуун өнгөрөөд, бага зэрэг сэрүү орчихсон байна. 

-Ирэх жилийн олимпийн наадамд оролцох тамирчид маань ч гэсэн очоод, бэлтгэл хийж болно гэсэн үү. Энэ тал дээр жаахан тодруулаач?

-Боломжтой. Би юунд олзуурхаад байна вэ гэхээр юуны өмнө зардал мөнгөний асуудлыг шийдчихэж байгаа юм. Нөгөө талаар Японд спортын анагаах ухаан өндөр төвшинд хөгжчихсөн. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл хийлгэх нь байна шүү дээ, тэнд. Одоо бол хар хүчээрээ бэлтгэл хийгээд, спортын анагаах ухааныг  тоохгүйгээр амжилтад хүрнэ гэдэг ойлголт дэлхийн хаана ч байхгүй болсон.  Тиймээс бидэнд сайхан боломж бүрдээд байна.

Ер нь долоо, наймдугаар сард Шизүока, Нийгата мужийн захирагчид нь ирнэ. Тэд ирэхдээ мужийнхаа хотуудын дарга нартай ирнэ. Хотын дарга нар нь манай Спорт, биеийн тамирын хөгжлийн төвтэй гэрээ байгуулаад, ямар ямар чиглэлээр бэлтгэл хийлгэхээ тохироод, есдүгээр сараас анхны бэлтгэлүүдээ хийгээд эхлэх байх. Бэлтгэл хийгээд эхлэхээр мэдээж Риоруу явах тамирчид маань ч гэсэн бэлтгэл хийх бүрэн боломжтой болно.

-Яамны зүгээс спорт холбоодуудтай хэрхэн хамтар­ч ажиллаж байна вэ. Манай чөлөөт бөхийн тамир­чид Доха хотод болсон Азийн аваргад оролцохоор явсан. Гэтэл визийн асуудлаас болоод гурван тамирчин эргэж ирээд, бөөн асуудал үүссэн. Яамны зүгээс визийн асуудалд нь оролцож, тусалж дэмжих зүйл байдаггүй юм уу. Эсвэл холбоод нь өөрсдөө л хийж байх ёстой юм уу?

-Спортын холбоод чинь төрийн бус байгууллага шүү дээ.  Яамтай хамтран ажилладаг. Бид холбоодуудад төсвөөс мөнгө хуваарилж өгч байгаа.  Үндэсний шигшээ багийн тамирчдын олон улсын тэмцээн, наадамд оролцох зардлыг  төсвөөс гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, сайдын багцад суусан хөрөнгийг хуваарилж байгаа юм. Үндэсний шигшээ баг барьж буй бүх холбоод олон улсын тэмцээн, наадамд оролцохдоо улсын төсвийн хөрөнгөөр гадаад орнуудад явж байгаа шүү дээ.

Мөн зарим холбоодод яамны зүгээс олон улсын томоохон наадамд оролцоход санхүүгийн дэмжлэгийг тогтмол үзүүлж ирлээ. Жишээлбэл, энэ онд гэхэд Дифлимпийн өвлийн наадам, Дэлхийн хараагүй иргэдийн зуны наадам, Их Алтай эко спортын наадам, Тусгай олимпийн зуны наадам, Универсиад, Тэргэнцэртэй иргэдийн наадам зэрэг наадмуудад Монголын баг тамирчдыг оролцоход дэмжлэг үзүүлж байна. Энэ бол Засгийн газрын зүгээс спортоо дэмжиж буй том илрэл юм. Үүнийг бас манай иргэд мэдэхгүй, холбоод өөрсдөө зардлаа даагаад явдаг гэх ойлголт бий. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ бол сайдын багцад байгаа хөрөнгийг хуваарилж өгч байгаа. Ямар нэг спортын төрлөөр тэмцээнд оролцох бол холбоод өмнөх жил нь саналаа тавих ёстой. 

Бид тэр саналыг аваад,  яаман дээр хуралдаж байгаад төсвөө хуваарилж байгаа. Жишээлбэл, 2016 онд олон улсад болон Монголд зохион байгуулагдах тэмцээний саналыг энэ жил бид аваад, яаман дээр хуралддаг. Улмаар шаардлагатай тэмцээн мөн эсэхийг гэдгийг тодорхойлоод, Засгийн газрын тогтоол гаргуулдаг. Тэр тогтоолоо УИХ-д өргөн бариад, төсөвт мөнгийг нь суулгаж өгдөг. Ийм зарчимаар явдаг юм. Тэгэхээр бид холбоодыг маш их дэмжиж байна гэсэн үг.  Виз гаргах асуудал дээр ч бид хамтран ажиллаж, ГХЯ руу албан бичиг хүргүүлдэг. Тамирчдын визийг гаргаж өгч, дэмжиж ажиллаарай гэдэг. Харин аль улсын виз авах, хэрхэн зохицуулах нь спорт холбоодын дотоод асуудал. Манай яамны зүгээс Чөлөөт бөхийн холбоо руу асуудал гарсан даруйд нь албан бичиг явуулсан. Ямар учраас визийн асуудал гарав, тайлбар явуул гэсэн. Одоо бол бид хэвлэлийн л мэдээлэлтэй байгаа шүү дээ.  
 
Ахмад тамирчид маань шагнал, урамшуулалгүй үлдчихээд байна

-Манай улс  топ дөрөв буюу олимп, дэлхийн наадмаас медаль авах боломжтой спортын төрлүүдээ илүүтэй дэмжиж ирсэн. Одоо ч гэсэн дэмжиж байгаа. Тэгвэл бусад спортын төрлүүдээ манай улс хэзээнээс анхаарч эхлэх гээд байгаа юм бэ. Тэр дундаа өвлийн спортын төрлийн тамирчин, дасгалжуулагч энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?

-Үнэн, үнэн. Гэхдээ топ дөрвөөс бусад төрлийг арай ч огт хаячихаагүй л дээ. Тэгж бас ойлгож болохгүй. Нийтдээ 17 спортын төрлөөр шигшээ багийг бүрдүүлж, бэлтгэл сургуулилт хийлгэж байгаа. Түүний тав нь паралимпийнх. Тэгэхээр 12 спортын төрлийн тамирчдаар шигшээ баг бүрдүүлж байгаа гэсэн үг. Ер нь сүүлийн үед топ дөрөв гэж бид нэг их ярихгүй байгаа шүү дээ.

Шигшээ баг бүрдүүлж байгаа 12 спортын төрлөөрөө бид адилхан амжилт гаргах ёстой гэж үзэж байгаа. Гэвч яах аргагүй тэр дөрвөн спортын тамирчид ялгараад, илүү амжилт гаргаад байна. Буудлагын тамирчид гэхэд олимпийн эрхээ аваад эхэлчихлээ. Марафон дээр Б.Сэр-Од эрхээ авсныг эс тооцвол нөгөө дөрвөн төрөлдөө илүү найдлага тавихаас өөр арга алга. Жүдогийн тамирчид маань маш сайн оноо цуглуулж байгаа. Чөлөөтийн тамирчид маань Америкт болох дэлхийн аваргаас эрх авах ёстой. Нэлээд хэдэн эрх авчих байх. Ингээд бодохоор яах аргагүй топ дөрөв нь илүү хөгжөөд, бусад спортын төрлүүдээс хавь илүү байна л даа. Түүнээс биш шигшээ баг дээр бол яг л адилхан нөхцөлд энэ 12 спортын төрлийн тамирчид бэлтгэлээ хийгээд, хичээллээд явж байгаа. Одоогоор 126 тамирчин, 20 гаруй дасгалжуулагч шигшээ багт байгаа.

-Шигшээ багт  өвлийн спортын төрөл бий юу?

-Өвлийн спортоос цанын төрөл бий. Энэ намраас тэшүүрийн төрлийн шигшээ багийг үндэсний шигшээ багт оруулах болно. Өвлийн спорт гэснээс сая Японы айчлалын хүрээнд бид Нийгата мужтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон. Энэ дотор өвлийн спортын төрлүүдээр бэлтгэл хийлгэх тухай асуудал мөн яригдсан юм. Өөрөөр хэлбэл, Нийгата муж нь Токиогоос хойш баруун эрэгтээ байдаг бөгөөд уулын цанын томоохон баазтай, Япондоо гүйлтийн цанаар тэргүүлдэг тамирчидтай, өвөл ууландаа дөрөв хүртэл метр цас ордог газар юм билээ.

-Тэшүүрийн битүү ордонтой болох асуудлыг олон жил ярилаа. Гадаадынхан хүртэл ордон бариад өгье, газраа шийдчих гэсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл шийдэгдээгүй л байна. Энэ асуудалд анхаарал хандуулж байгаа юу?

-Биокомбинатын замын урд 50 га газар, Буян-Ухаа спортын ордны урд 0,4 га газар байсан юм. 2013 онд Засгийн газрын тогтоол гарч Хан-Уул дүүрэг дэх 0,4 га газарт  битүү дээвэртэй 400 метрийн тойрог бүхий мөсөн ордныг барихаар болж бүх ажил амжилттай явагдаж байтал Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  газрынх нь зөвшөөрлийг цуцлаад, Төрийн орон сууцны корпорацид шилжүүлээд өгчихсөн.

Концесс­ын ажил гацаанд ингээд орж улмаар 2015 онд Засгийн газрын тогтоолоор Концессын жагсаалтаас хасагдсан харамсалтай бас маргаантай асуудал үүсээд байгаа. Гэхдээ өвлийн ордны төслийг цааш хэрэгжүүлэх зорилгоор Монгол­ын тэшүүрийн холбоотой нягт хамтран ажиллаж байна. Саяхан Туркийн Засгийн газраас битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн барих 300 сая ам.долларын хөнгөлөлттэй  зээл орж ирж байна. Тиймээс ТОСК-ийн мэдэлд байгаа гэх  50 га газрыг эргүүлэн авч,  битүү дээвэртэй ордон барих асуудлыг хөөцөлдөж байгаа.

Учир нь нийслэлээс тухайн 50га газраас таван га газарт Монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спорт бэлтгэлийн төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар бариулахаар нэлээд шаргуу ажиллаж байгаа. Тиймээс бид аливаа зүйлээ илүү цогц хэлбэрээр нь барьж байгуулах юм бол ирээдүйд Улаанбаатар хотдоо олон улс, тив, дэлхийн томоохон наадам зохион байгуулах боломж бололцоо бүрдэх юм гэж төлөвлөж байна. Саяхан л Засгийн газрын хуралдаанд 300 сая ам.доллараар битүү дээвэртэй цэнгэлдэх барих асуудал орж ирсэн юм. Ажил нэлээд бүтэмжтэй явж байна. Бараг энэ сардаа багтаагаад шинэ мэдээлэл өгөх боломжтой болох байх.

-Ганцхан битүү дээвэртэй цэнгэлдэх барьчихаар хоккей, уран гулгалт, шорт трек, тэшүүр гээд мөсөн дээр явагддаг спортын тамирчид тэнд бэлтгэлээ хийгээд байх боломж бүрдэх байх?

-Ийм боломж бүрдэнэ. Шалыг нь солиод л тус тусын бэлтгэлээ хийх боломжтой болно. Улсын төсөв чинь их хэцүү шүү дээ. Олон ажил хийх санаа байх юм, даанч хөрөнгө мөнгөндөө шахагдаад байна. Одоо бид Спортын төв ордноо шинэчлэхгүй бол ашиглах ямар  ч боломжгүй болчихсон. БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлд оруулах гээд хөөцөлдөж байгаа. Төслийг нь Сангийн яамаар дамжуулж өгчихөөд байж байна. Засгийн газрын хуралдаанаар Хятадын хөнгөлөлттэй зээлд хамрагдах жагсаалтыг батлах юм билээ.

Тэр жагсаалтад Спортын төв ордныг оруулахаар хөөцөлдөж байна. Спортын төв ордон дээр хоёр удаа мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан шүү дээ. Ашиглах боломжгүй болчихсон байр. Чөлөөтийн эмэгтэй тамирчдын бэлтгэл хийдэг заал, хүндийн өргөлтийнхний заал өвөлдөө маш хүйтэн. Хананаасаа сэнгэнэдэг, цан цохидог. Хэцүү байдаг юм билээ.

Тамирчид тэсвэр хатуу­жил­тай тулдаа л бэлтгэл хийгээд байгаа болохоос энгийн хүмүүс орвол хөлдчихмөөр л нөхцөл­тэй байгаа шүү дээ. Өвлийн спортынхоны заал тал­байн хувьд Монголын тэшүүр­ийн холбоотой хамтран өм­нөх төслийг дахин Засгийн га­зарт концессийн гэрээгээр гүйцэт­гүүлэхээр санал бэлдэж байгаа. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгж­вэл гүйлтийн тэшүүрийн 400 метрийн тойрог замтай бай­хаас гадна шорт трек, хоккей, уран гулгалтын бэлтгэл, сургалт хийх, тэмцээн зо­хион байгуулах хоёр талбай­тай байхаар том ордон болох юм.

-Тамирчдын шагнал урамшууллын талаар асуух зүйл байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль авахад тэдэн төгрөг өгнө гээд журам гаргасан.  Тамирчдад өгч байгаа энэ шагналын цар хүрээг нэмэгдүүлэх боломж байдаггүй юм уу.  Олон л спортын төрлөөр дэлхийн аварга болж байгаа тамирчид байна.  Ач холбогдол багатай гэж үзээд үнэлэхгүй байна уу?

-Анхнаасаа олимпийн төрөлд  ордог спортоор амжилт гаргаж байгаа тамирчдад  шагнал,  урамшуулал олгоё гээд шийдээд явчихсан юм. Одоо өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад шагнал урамшуулал олгож байгаа. Харин цар хүрээг нь өргөтгөнө гэвэл миний бодлоор ахмадын спортын төрлүүдийг оруулбал зүгээр юм шиг санагддаг.

Ахмадууд маань олон улсын тэмцээнд ороод, амжилт гаргаж байгаа мөртлөө ямар нэг шагнал, урамшуулалгүй үлдчихээд байгаа юм. Шагнал гэснээс өнгөрсөн Монголын Засгийн газар амжилт гаргасан тамирчиддаа өртэй яваа гэхэд хилсдэхгүй байх. Учир нь сүүлийн жилүүдэд манай тамирчдын амжилт тогтмол өсөхийн хэрээр мөнгөн шагнал авах тамирчдын тоо өсч байгаа. Ийм ч үүднээс 2014 онд олон улс, тив, дэлхийн тэмцээн, наадмаас медаль авсан тамирчдын мөнгөн шагналыг 2015 оны төсвөөс өгөөд одоо 30 хувийн үлдэгдэлтэй байна.

Энэ сардаа үлдсэнийг өгчихвөл бүх тамирчдад 2014 оны арванхоёрдугаар сарын 05-аас өмнө медаль авсан тамирчдын мөнгөн шагналыг нь олгоод дуусах байх. Түрүүчийн ахмадууддаа шагнал өгөх тухайд гэвэл хэрэв мөнгө нь байдаг бол амжилт гаргасан хүн бүрийн хөдөлмөрийг адилхан үнэлэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ бүх мөнгөн шагнал, урамшуулал гэдэг чинь Монголын ард түмний, татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тиймээс энэ хязгаарлагдмал төсвийг нэн чухал хэрэгцээтэй хэсэгт нь хүргэх үүднээс Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу хүргэж байна. Цаашид Биеийн тамир, спортын тусгай сантай байх, сан нь спорт лото, спортын бооцоот тэмцээн зэргийг хийж өөрсдийн үйл ажиллагаагаар санхүүжээд явах эрх зүйн орчин бүрдүүлсэн тохиолдолд мөнгөн шагнал, урамшуулал, дэмжлэгийг хэрэгтэй хүн бүрт нь хүргэх боломж байна гэж үзэж байна.

-Төсөвлөж байгаа мөнгө нь зардал энэ тэрдээ таардаг юм байж. Гэтэл амжилт гаргах боломжтой, эсвэл гаргаад явж байгаа тамирчдад бэртэл гэмтэл гэж нэг том “дайсан” байна. Бэртсэн тамирчдыг эмчлүүлэх тал дээр төр засгаас бага ч болов мөнгө төсөвлөж болдоггүй юм уу. Тухайлбал, Сингапурын хүүхдийн Олимпийн наадамд түрүүлсэн Б.Батцэцэг бэртлээ эмчлүүлэх гээд, хүмүүс хандивын тоглолт зохион байгуулаад явж байна. Төрөөс ч, Чөлөөт бөхийн холбооны зүгээс ч анхаарч байгаа юм сайн харагдахгүй л байна шүү дээ. Энэ мэтээр бэртэл авчихаад, эмчлүүлэх гээд ядаж яваа тамирчид олон байгаа байх?

-Анхаарах л асуудал. Гэхдээ бид улс орны эдийн засаг,  төсвөө бодолцох хэрэгтэй. Нэгэнт Монгол Улс чинь  Эрүүл мэндийн даатгалын системтэй орон шүү дээ. Тийм болохоор даатгалынхаа системээр л  асуудлаа шийдээд явах учиртай. Шигшээ багийн тамирчид бол  цалинжиж байгаа шүү дээ. Тамирчид ч ярьдаг. Шигшээ багт орчихвол амьдрал сайхан болно гэж. Ахмад үеийн тамирчидтай ярилцаж байхад “Бид одоо үед тамирчин байсан ч болоосой” гэж их хэлдэг. Одоо бол төр засгийн зүгээс маш их харж үзэж байгаа шүү дээ. Ахмадуудтай уулзахад, ямар нэгэн витамин хэрэглэж үзсэнгүй. Ганц нэгхэн л эм ууж үзсэн гэж ярьдаг. Тэмцээн, уралдаанд орохоор өөрийнхөө зардлаар явна. Амжилт гаргаад ирэхэд ямар ч шагнал урамшуулал байхгүй. Ийм л нөхцөлтэй байсан гэдэг. Гэтэл миний бодлоор одоо тамирчдыг их л сайн харж үзэж байна гэж боддог. Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхий, олимпийн тэмцээнд амжилт гаргасан тамирчин насан туршдаа сар бүр урамшуулал авах боломжтой боллоо. Тэмцээн, наадамд оролцсон тамирчдын нэг удаагийн шагнал, урамшуулал гэхэд л чамгүй өндөр байгаа. Өнгөрсөн жилийнх гэхэд 1.4 тэрбум төгрөг болж байна шүү дээ. Энэ бол төрийн зүгээс чамлалтгүй харж үзэж байна гэсэн үг. Түүнээс биш юм болгон дээр л тамын тогооны үлгэр шиг хүрэхгүй байна, болж байгаа юм алга гээд яриад байх нь зохимжгүй. Өнөөдөр эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Гэтэл шигшээ багт зориулаад 4.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол их мөнгө шүү дээ. Тамирчдын бэртэл гэмтлийн хувьд түрүү би хэлсэн дээ. Засгийн газрын тусгай сангийн хуульд Биеийн тамир, спортын тусгай сантай байхаар нэмж оруулаад  байгуулаад өгвөл өөрийн үйл ажиллагаагаар нь санхүүжүүлээд явахаас гадна архи, тамхи, эмийн онцгой албан татвараас тодорхой санхүүжилт аваад явахад хэдэн тамирчдаа гэмтэл бэртлээ эмчлэхэд нь, сурч боловсроход нь, аж амьдралаа дээшлүүлэхэд нь, иргэдийн бие бялдар, эрүүл мэндэд хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь, спортын холбоодоо өөрийн гэсэн материаллаг баазтай болоход нь дэм болохоор тийм сан болох юм гэж бодож байна. Түүнчлэн спортод хөрөнгө оруулалт хийдэг, хандив, туслалцаа үзүүлдэг маш олон байгууллага, бизнесмэнүүд байна. Эдгээрийн спортод өгч буй хөрөнгө оруулалт, хандивыг сангаар дамжуулан бүртгэж аваад оны эцэст татварын хөнгөлөлт, урамшуулал эдлүүлдэг тийм эрх зүйн орчинтой болчихвол маш олон тамирчид гэмтэл бэртлээсээ ангижирч, олон иргэн биеийн тамир, спортоор хичээллэх аюулгүй сайхан орчинтой болох юм.

-Гэхдээ л Б.Батцэцэгт тусалж, дэмжмээр л байна. Хүүхдийн олимпийн наадамд түрүүлнэ гэдэг чинь өндөр амжилт гаргана гэсэн үг. Тэр хүүхдүүд адилхан өсч, том болоод хоорондоо барилдана. Тийм болохоор энэ хүүхэд Олимпийн аварга болохгүй гэх газаргүй. Тийм болохоор ямар нэг аргаар бэртэл, гэмтлийг эмчлэх тал дээр анхаармаар л байгаа юм?

-Яг үүнд төсөвлөгдсөн мөнгө  байхгүй. Улсын төсвийн мөнгө чинь хэцүү шүү дээ. Яг л зориулагдсан зүйлдээ л зарцуулагдах учиртай. Эргээд хяналт шалгалттай учраас өөр зүйлд зарцуулах эрх бидэнд байхгүй. Энэ асуудлыг ойлгохгүй биш ойлгоод л байгаа. Төсвийн бус газар бол мөнгө төгрөгөө дуртай зүйлдээ зарцуулж болно. Гэтэл төсвийн байгууллага тийм биш. Тэр тусмаа манай яаманд энэ жил илүү, дутуу зардал гаргах ганц ч төгрөг байхгүй. Энэ жилийн дотоод томилолтын зардал гэхэд ердөө ганцхан сая төгрөг л үлдсэн байна гэсэн. Сайд юм уу, хоёр газрын дарга нэг орон нутагт томилолтоор явахад л дуусчихаж байгаа мөнгө байхгүй юу.
 
Төр засгаас зардлын мөнгө өгөхгүй гэсэн асуудал огт байхгүй, гол нь ном журмынх нь дагуу ажиллах хэрэгтэй

-Оюуны спортын тал дээр асуух зүйл байна. Өсвөрийн шатарчид тэмцээнд явах гээд, зардал мөнгө нь дутаад, онгоцны буудал дээр үлдэх шахаад байсан. Сүүлдээ УИХ-ын гишүүд мөнгө төгрөг өгч байж явлаа гээд л бөөн асуудал үүссэн. Шатар болон оюуны спортууд шигшээ багт харъяалагдахгүй болохоор төсөв орж ирэхгүй байна уу?

-Манайхны нэг зовлон байдаг. Яагаад энэ мэт асуудал дээр шуугиан тариад байна вэ гэдэг дээр би хэдэн зүйл хэлье. Манай зарим спортын холбоодын нөхдүүд интернэт ухаж сууж байгаад, дэлхийн тэнд тэмцээн болох нь гэдгийг сарын өмнө мэдчихээд, бичиг бариад, энд тэнд хандаад гүйчихдэг. Ийм нөхцөлд мөнгө төгрөг өгөх ямар ч боломж байхгүй шүү дээ.

Улсын төсвийн хөрөнгө чинь урд жилд нь хуваарилагддаг. Дэлхийн бүх орон энэ системд шилжчихсэн шүү дээ. 2015 онд зохион байгуулагдах тэмцээнүүд гэхэд жилийн өмнө тодорхой болчихдог. Зарим хоёр жилийн өмнө ч тодорхой болж байгаа. Тийм болохоор энэ жил тэмцээнд орох бол 2014 онд бэлтгээд, яам руу хандаад, зардлынхаа мөнгийг улсын төсөвт суулгуулаад, тэмцээн, уралдаандаа орох боломжтой байхгүй юу. Тэгэхгүй ганц, хоёр сарын өмнө гэнэт мэдчихээд, одоо явна гээд гүйвэл зардлын мөнгө өгөх ямар ч боломжгүй. Төсөв гэдэг чинь хууль шүү дээ.

УИХ-аар хэлэлцээд, төсвийн тухай хуулиар баталчихаж байгаа болохоор хууль зөрчих эрх хэнд ч байхгүй. Оюуны спортын төрлүүд, шатрыг дэмжих ёстой юу гэвэл тийм. Гэхдээ ном журмынх нь дагуу асуудлаа шийдээд, яамандаа хандах юм бол 2016 онд бид зохион байгуулагдах тэмцээнийх нь зардал мөнгийг бид улсын төсөвт суулгаад л өгнө. Манай улсад шатрын спортоор маш их хүн хичээллэж байна шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй, Юу вэ гэвэл, бид хүн бүрийн тэмцээн, наадамд оролцох зардлыг улсын төсвөөс гаргаад, шийдээд байх боломжгүй. 

-Олон их мастертай болчихлоо. Эмэгтэй их мастер гэхэд хэд хэд гараад ирлээ шүү дээ?

-Яах аргагүй дэмжих  спортын төрөл. Гол нь холбоод сайн ажиллах ёстой. Тамирчид нь ч гэсэн холбоодтойгоо хамтраад, бид ирэх жил тийм тэмцээнд ормоор байна. Түүний дараа жил энэ тэмцээнд ормоор байна гээд төлөвлөөд явах хэрэгтэй. Түүнээс биш гэнэт л нэг өглөө сэрээд, шинэ төрсөн хүүхэд шиг маргааш энэ тэмцээнд явна. Ирэх сард тийм тэмцээнд явмаар байна гээд л ирэхээр мөнгө дутаад, харахад мөнгө өгөхгүй байгаа юм шиг болоод. Улсын төсвөөс мөнгө өгөхгүй байгаа юм шиг харагдаад байдаг. Харин шатар, даамны спортын төрөлд их мастеруудад Засгийн газрын мөнгөн шагналыг тухай бүрд нь шийдвэрлэн олгож байгаа.
 
-Шигшээ багт шатрын  төрлийг нэмэх боломж бий юу?


-Үндэсний шигшээ баг дээр шатрын төрлөөр нэг дасгал­жуулагч дөрвөн тамирчин орон тоогоор цалинжиж, шаардлагатай тэмцээндээ тогтмол оролцож байгаа. 

-Багийн спортын төрөл дээр ямар бодлого барьж, дэмжин ажиллах вэ. Сагсан бөмбөг бол сайн хөгжиж байна. Холбооны удирдлагууд нь сайн ажиллаж байна гэж хараад байгаа. Хөлбөмбөгийн хөгжил хоцронгуй байна шүү дээ?

-Монгол Улс хоёр том хөршийн дунд байдаг. Эдийн засаг, цэрэг зэвсгээрээ энэ хоёр улсаас давж гарах боломжгүй. Тийм болохоор их спортоор л Монгол Улсыг дэлхийд таниулах гарц байна. Багийн спортыг дэмжиж эхэлж байна. Өмнө нь тамирчдад олгодог шагналыг багийг нэг хүн гэж үзэж өгдөг байсан. Амжилт гаргасан бөх байлаа гэхэд шагналаа авчихна биз дээ. Гэтэл багийн спорт дээр болохоор нэг хүнд олгох хэмжээний шагналыг багт нь өгөөд л явдаг байсан. Одоо энэ журмыг өөрчлөөд, амжилт гаргах юм бол багийн тамирчин тус бүрт нь шагнал, урамшуулал олгодог болсон. Энэ бол төр засгаас үзүүлж байгаа маш том дэмжлэг байхгүй юу. Одоо амжилтаа гаргаад л явах хэрэгтэй байна.

-Сагсан бөмбөгийн спортынхон шигшээ багт багтдаггүй биз дээ. Тийм болохоор зардал мөнгөтэй холбоотой асуудал бас гараад байна уу, үгүй юу. Өнгөрсөн жил эмэгтэй тамирчид Азийн наадамд оролцохоор явахдаа банкнаас зээл авч, замын зардлаа зохицуулсан гээд л яригдаад байсан?

-Сагсан бөмбөгийн тамирчид шигшээ багт харьяалагддаггүй. Гэхдээ сагсан бөмбөгийн холбооноос ирэх жил ийм тэмцээнд орно гээд саналаа тавьж болно. Мөн Монголдоо тэмцээн зохион байгуулна, гадаад руу ингэж явна гэдгээ энэ жил төлөвлөөд ирвэл бид ач холбогдлыг нь үзэж байгаад л улсын төсөвтөө суулгаад өгчихнө. Өнөөх л өмнө нь төлөвлөх асуудлыг яриад байна. Түүнээс биш зардал мөнгө өгөхгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Засгийн газраас спортоо дэмжиж байгаа юм чинь өгөх боломжтой бол өгнө.

Гол нь урьд жил нь төлөвлөөд, улсын төсөвт суулгаж өгөх л асуудал. Зургадугаар сард болох тэмцээнийг тавдугаар сард мэдчихээд, гэнэт явна гэвэл хэцүү шүү дээ. Тийм байж хэвлэлээр яриад л, төр засгаас мөнгө өгөхгүй байна гээд байдаг. Энэ бол өөрсдийнх нь ажлын хариуцлагатай л холбоотой асуудал. Өнөөдөр аль ч спортын олон улсын холбоо харьяа холбоодууд руугаа саналаа явуулдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос гэхэд дараа жил тэд тэддүгээр сард ийм тэмцээн болно шүү.

Оролцох мэдүүлгээ өгнө үү гэхэд л яам руугаа хандаад, төсөвт зардал мөнгийг нь суулгаад өг гээд  өгчих хэрэгтэй. Бид ажлын хэсгээрээ судалж хуралдаад, энэ тэмцээний зардлыг төсөвт суулгая, үүнийг нь орхиё гээд шийдээд явчихна. Энэ бол хариуцлагын л асуудал. Шат шатандаа л ажлаа сайн хийх хэрэгтэй. Түүнээс биш мөнгө өгөхгүй гэсэн юм байхгүй. Засгийн газраас спортыг их дэмжиж байгаа шүү дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-06-25 13:32:27
    haanaas garaad irsen unhur ve sportoor xicheellej uzsen boluu
    150.129.140.16
    Мэдэгдсэн Хариулах
  • ганбаатар 2015-06-25 08:48:13
    юу ны 5-7 медаль төлөвлөх тэгэж 5%ийг бүү мөрөөд,за нэг 2 % гэж мөрөөд зүгээр л мөрөөд хөрөнгө сайн хаяж байж л 2-3 л юу юм гэхээс
    202.131.238.115
    Мэдэгдсэн Хариулах
  • н 2015-06-25 08:41:02
    амжилт хүсье,
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2015-06-25 02:52:59
    erguu durak ve. enenii olympiin medal tuluvlunu gej yu baigdiin. oimsond havchuulagdsan baagii
    118.108.173.42
    Мэдэгдсэн Хариулах