
Монголбанк өчигдөр уламжлал ёсоороо гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 16.75 сая ам.долларыг 1826.10 төгрөгийн ханшаар, 29 сая юанийг 292.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.8 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 1.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж,Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад цэврээр 39.8 сая ам.доллар нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.