“Нөлөөллөөс дээгүүрт” одоо л хэрэгтэй байна
“Татар” хамтлагийнхан 10 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж, Улаанбаатар хотод “Нөлөөллөөс дээгүүрт” нэртэй архины эсрэг аяныг зохион байгуулсан. Олон ч газар тоглолт хийж, архи, тамхины нөлөөлөлд автахгүй байхыг уриалж байсан.  “Өлөн архины нөлөөллөөс дээгүүрт, өмхий тамхины нөлөөллөөс дээгүүрт” гэж дуулаад, залуусыг харин ч нэг байлдан дагуулсан даа.

Энэ аяны нөлөөгөөр олон хүн архи, тамхиа хаясан гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай энэ аян дэндүү богино настай байлаа. Ердөө л Ерөнхийлөгчийн сонгуулийн хэд хоногт л “амьдрах” аян байж. Сонгууль дууслаа, юун аян, “Татар” хамлагийнхан ч ичээндээ орчихсон. Ийм аяныг заавал “Татар” хамтлаг хийх ёстой биш л дээ.

Ерөнхийдөө монголчуудад оюун санаанд нь нөлөөлөх, ухуулах, архины муу муухайг сурталчлах аян хэрэгтэй байгаа учраас энэ жишээг дурьдлаа. Өнөөдөр хөдөө орон нутагт архидалт хэрээс хэтэрч байгаа талаар аймаг, сумын удирдлагууд хэлж байна. Дархан-Уул аймаг гэхэд 100 орчим мянган хүн амтай.

Гэтэл тэнд архи зардаг  538 дэлгүүр байдаг аж. Мөн орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг 22 дэн буудал байсан. Энэ нь архидалтын үүр уурхай болж байсан хэрэг. Харин саяхан Мэргэжлийн хяналтынхан очиж, бүгдийнх нь үйл ажиллагааг зогсоосон байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймагт архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихэссэн гэсэн судалгаа байдаг юм билээ.

Энэ бол архи зардаг олон дэлгүүр, дэн буудалтай холбоотой байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Төв аймгийн Заамар суманд алтны уурхайнууд идэвхтэй ажиллаж байх үед буюу одоогоос 3-4 жилийн өмнө 22 баар байсан гэж байгаа. Одоо Өмнөговь аймгийн Цогтцэций сум бас л баахан баартай болж байгаа юмдаг уу даа. Уул уурхай хөгжиж, жаахан мөнгөтэй болж байгаа газар л баар сав гэгч нь борооны дараах мөөг шиг олшрохыг яана. Ингээд л Монгол Улс архиндаа живчих гээд байна.

Гэхдээ хүмүүс нэг үеэ бодвол ухамсартай, бодолтой болчихсон. Архины эсрэг уриалга гаргаж, аян өрнүүлэгчид ч мэр сэр байх. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын ЗДТГ-аас энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн “Архигүй Манлай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн аж.

Мөн Өмнөговь аймгийн удирдлагууд ч гэсэн “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийн аймгийнхаа хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Хөтөлбөрийн хүрээнд хүмүүст архины хор хөнөөлийг ухуулах, лекц унших, архинаас гарсан хүмүүстэй уулзуулах гээд олон л ажил хийж байгаа бололтой. Мэдээж архины эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж, ажил хэрэг болгож байгаа болохоор үр дүн гарах нь зайлшгүй. Эхнээсээ архины хамаарлаас ангижирч, ажил төрөлтэй болж, амьдрал ахуй нь дээшилж байгаа хүмүүс ч байгаа гэсэн. Ийм санаачилга, ажил хэрэг, хөтөлбөр, аян Монгол Улсын өнцөг булан бүрт хэрэгтэй байна.

Магадгүй “Нөлөөллөөс дээгүүрт” гэдэг аяныг ч сум орон нутагтаа хэрэгжүүлж болно шүү дээ. Уг нь урлагийнхан хэрэгжүүлээд, ухуулаад явбал бүр үр дүнтэй. Жил бүр аль нэг хамтлагийн байгуулагдсаны ой тохиож байгаа. Тэд архины эсрэг аятайхан ухуулга, сурталчилгаа хийгээд байхад болохгүй юм юу байна. Архи гэдэг аль ч улсад, ямар ч цаг үед хэрэглээ байж ирсэн. Тиймээс огт хориглож, устгаж чадахгүй. Гагцхүү хүмүүсийн оюун санаанд нөлөөлж байж л бид архины нөлөөллөөс гарч чадна.

Тиймийн тулд зөвхөн сонгуулийн үеэр аяндах биш бүхий л цаг үед ухуулж, сурталчилж баймаар байна. Тэр тусмаа хүн амын суурьшил нэмэгдэж байгаа аймаг, сумдад “Нөлөөллөөс дээгүүрт” аян юм уу, “Архигүй....” хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй юм. Өмнөговь аймгаас жишээ авч болно шүү дээ, бусад аймаг, сумдын удирдлагууд. Уг нь “Архигүй Монгол” гэдэг хөтөлбөр явж байгаа. Гэхдээ “Архигүй Дархан” хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлбэл орон нутагтаа илүү үр бүтээлтэй. Орон нутаг бүхэн нөлөөллөөс дээгүүрт байж, архигүй тодотголтой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх цаг нь болж.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.