"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 25 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хууль тогтоомжийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ. Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршиж байна.

Энэ хуулиар, түүний үйлчлэх хүрээ ямар байх, ямар нийтлэг зарчим баримтлах хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг ямар үе шаттайгаар зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хэн хариуцах, түүнийг зохион байгуулах ямар хэлбэрүүд байх, хэрхэн санхүүжүүлэх болон хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг хэрхэн үнэлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардлыг яаж тооцох зэрэг асуудлыг нарийвчлан хуульчлав. Мөн хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл, хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, багц хуулийн төсөл гэсэн төрөлтэй байх ажээ. Түүнчлэн хуулийн төсөл ямар бүтэцтэй байх, бүтэц нь ямар шаардлагыг хангасан байх, хуулийн төслийн эх бичвэрийн агуулга, хэл зүй, найруулгад ямар нийтлэг шаардлага тавих зэргийг хуульчилсны зэрэгцээ хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, төсөл өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийн сан, хэвлэн нийтлэх, олон нийтэд хүргэх, таниулах асуудлыг бүлэглэн тус тус зохицуулсан байна. Түүнээс гадна хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг түүний дотор хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэрхэн хийхийг энэ хуулиас мэдэх боломжтой. Хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, тухайлбал, “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно”, “Бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгана”, гэсэн хэсэг, заалт нэмжээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг эмхэтгэлд нийтлэв.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ. Энэ хуулиар, давж заалдах шатны шүүхийг байгуулж, анхан болон давж заалдах шатны шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоожээ. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх энэ хууль хүчин төгөлдөр болмогц анхан болон давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлэхээр болж байна.

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого юунд оршиж байгаа, бодлогыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын хүрээнд хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг эмхэтгэлд нийтлэгдсэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор тогтоож өгсөн байна.

Түүнээс гадна төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг ямар арга зам, үе шаттайгаар хэрэгжүүлэх, хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэхийг энэ тогтоолоос мэдэж болно.

Мөн дугаарт, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08, 09 дүгээр дүгнэлтийн тухай, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай”, ““Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай,” “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2015 оны хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоол, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.