Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай  хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль анх 1993 онд батлагдан гарснаас хойш нийтдээ 6 удаа удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 35 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд төсөвт байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллагыг “нийтийн ашиг сонирхлын”, “жижиг дунд”, “бичил” гэж 3 ангилах, ингэж ангилахдаа олон улсад нийтлэг дагаж мөрдөж байгаа хөрөнгийн хэмжээ, борлуулалтын хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн 3 үзүүлэлтийг шалгуур болгох, энэ шалгуурын хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар тусгажээ. Мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах, сургалт явуулах эрх олгох зэргээр төрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлэх, энэ үндсэн дээр Институтийн удирдлага, зохион байгуулалт, тайлагналын зарчмыг хуулиар шинэчлэн тогтоохоор тусгасан байна.

  Харин Аудитын тухай хууль анх 1997 онд батлагдан гарснаас хойш удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 5 бүлэг, 30 зүйлтэй юм. Хуулийн төсөлд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллагыг тодорхойлох шалгуурыг хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр биш “нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага” гэсэн ойлголтод үндэслэх зарчмыг тусгажээ. Мөн аудитын байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн ангилах, тухайн үйл ажиллагаанд холбогдох олон улсын стандартыг мөрддөг байх зарчмыг хуульчлахаар тусгажээ. Түүнчлэн тодорхой аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлж байгаа аудитын байгууллагыг 3 жил тутамд сольж байхаар тусгасан байна. Үүний зэрэгцээ аудитор болон аудитын байгууллагын хараат бус байдлын зарчим, шалгуурыг илүү тодорхой болгож зохицуулах, аудитын байгууллагыг чадавхижуулах, томоохон аудитын байгууллагыг дэмжих үүднээс 4-өөс доошгүй ахлах аудитортой аудитын байгууллага нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар төсөлд тусгажээ.

Харин Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслүүдийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.