Хасбанк Монгол улсаас анх удаа компанийн засаглалаар тэргүүлэгч байгууллагаар тодорлоо
Эдийн засаг, бизнес, улстөр, санхүүгийн зах зээлийн талаар  цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлдэг, салбартаа нэр хүндтэй, Английн Capital Finance International сэтгүүлээс Ази тивийн шилдэг засаглалтай компаниар ХасБанкийг шалгарууллаа. Ази тивээс Монгол улсын байгууллага энэхүү шалгаруулалтад нэр дэвшсэн нь анхных бөгөөд бусад өндөр хөгжилтэй улс орнуудын олон шилдэг компаниуд дундаас ХасБанк уг шагналыг хүртсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Capital Finance International сэтгүүл нь тив тивийн санхүүгийн салбарт үлгэр жишээ болж буй байгууллага, хувь хүмүүсийг жил бүр сонгон шалгаруулж, танилцуулдаг уламжлалтай бөгөөд энэхүү шалгаруулалтаа Олон Улсын Худалдааны байгууллага, Дэлхийн Банк, Европын холбоо зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй олон улсын байгууллагуудаас санал асуулга авсны үндсэн дээр явуулдгаараа онцлог юм.

Шагналын гол шалгуур үзүүлэлтүүдэд тухайн байгууллагын засаглалын зохистой зарчим, хувь нийлүүлэгчдийн оновчтой бүтэц, гүйцэтгэх удирдлагын хараат бус байдал, нийгэмд оруулж буй үнэ цэнэ цаашлаад бизнесийн гол чиг шугам мөн дэлхийн өнцөг булан бүрт оршиж буй ижил төрлийн байгууллагуудад үлгэр жишээ болохуйц тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн байдал зэрэг олон үзүүлэлт ордог байна.

Capital Finance International сэтгүүлийн шалгаруулалтын бүрэлдэхүүн дээр дурдсан Олон улсын байгууллагуудаас Ази тивд засаглалаараа ямар байгууллага тэргүүлж буй талаар санал авсны үндсэн дээр ХасБанкийг анх байгуулагдсан цагаасаа эхлэн засаглалын зохистой зарчимыг баримталж, түүнийгээ улам төгөлдөржүүлж ирсэн, Монголын бусад байгууллагуудад компанийн сайн засаглалын үлгэр жишээ үзүүлж буй байгууллага хэмээн үнэлсэн байна.

ХасБанкнь 2013 онд дэлхий дахинд нэр хүндтэй The Banker сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”, Global Banking and Finance review awards-аас Монгол Улсын шилдэг “Иргэдийн банк”, 2014 онд Global Finance сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк” шагналуудыг хүртсэн бөгөөд энэ удаад Capital Finance International сэтгүүлээс Ази тивийн шилдэг засаглалтай банкаар шалгарлаа. Энэ нь Бидний Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгодоо хүрч, ажиллаж байгаагийн илрэл юм.
Бусдад түгээх
  • gplus