Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдээс хэдэн хүн өршөөлд хамрагдахыг комисс шийднэ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар өнөөдөр /2015.08.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурал хийсэн УИХ-ын гишүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад гаргаж байгааг дурдаад хөнгөн болон хүнд хэрэг үйлдэж анх удаа хэрэг үйлдсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж дахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан байгааг танилцууллаа. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороон дээр байгуулсан гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, хоригдож буй хүмүүсийн яг хэчнээн хувь, мөрдөн байцаах хэрэг бүртгэх шатнаас хэдэн хүн Өршөөлийн хуульд хамрагдахыг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дэргэд байгуулж буй комисс тогтоох юм. Хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, тодорхой тоог гаргана. Урьдчилсан судалгааг Хуульзүйн яам болоод УИХ-ын ажлын хэсэг гаргасан байдаг. Өршөөлийн хуулийн дагуу, Эмэгтэйчүүдийн хорих ангийн ялтны тоо эрс буурна. Нэг харамсалтай зүйл нь олон жилийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд өршөөлд багтаж чадаагүй. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийллийн улмаас ял эдлэж буй хүмүүс хамрагдах боломжгүй байгаа. Энэ нь Өршөөлийн хуулийн гажиг гэхээсээ илүү Эрүүгийн хуулийн гажиг юм. Тиймээс цаашдаа Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуульд гэр бүлийн хүчирхийллийн хуулийг онцгой нарийвчилж оруулах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл онцлон тэмдэглэв.

Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.