Монгол судлаач Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэсэн байна.

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хоёр орны харилцаа болон монгол судлалыг хөгжүүлэх, түүх, соёлыг сэргээх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон жил ажилласан хувь нэмрээ үнэлүүлж төрийн одонгоор шагнагдсанд баяр хүргэе. Шагналыг Ялалтын баярын өмнөхөн гардуулж байна. Монголчууд ч ялалтын өдрийг ойртуулахад оролцсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Танд Ялалтын баярын мэнд хүргэж цаашдын тань ажилд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ. Үүний дараа монгол судлаач Юрий Николаевич Кручкинтай товч ярилцав.

-Танд Ялалтын баярын мэнд хүргэе. Таныг Аюур гэдэг нэрээр монголчууд сайн мэднэ. Монгол судлалын чиглэлээр ямар бүтээл туурвиж байгаа талаараа танилцуулна уу?
-Юуны өмнө Ялалтын баярын өмнөхөн Монгол төрийн одон хүртсэндээ баяртай байна. Их баярлалаа. Ирэх зун Монгол, Оросын харилцаанд том том үйл явдлууд тохионо. Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Маргааш Ялалтын баяр тохиох гэж байна.

Би монгол судлалаар 20 гаруй жил ажиллаж байна. Миний гол бүтээл гэвэл Монголын тухай нэвтэрхий толь бичиг юм. Үүнийгээ шинэчилж байгаа. Хамгийн сүүлд Орос-Монгол, Монгол-Орос толь бичиг шинээр бичиж хэвлүүлсэн. Монголын нутаг дэвсгэрээс цэрэгт мордож, Эх орны аугаа их дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат ном бичлээ. Цаашдаа кино хийх бодолтой байна.

Өнөөдөр Санкт-Петербургээс миний найз нар ирж байгаа. Максим Леонидов, “Секрет” хамтлаг ирнэ. Ирэх бямба гаригт UB паласт маш том тоглолт хийх гэж байна.

-Монгол судлалын чиглэлээр та хэчнээн бүтээл туурвисан бэ?
-Нийт 60 гаруй ном бий. Орчуулсан олон бүтээлтэй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг”, судлаач Болдын “АНУ ба Монголын тусгаар тогтнол”, яруу найрагч Батрэгзэдмаагийн бүтээлүүд зэргийг орос хэл рүү орчуулсан гэв.

Мөн Турк улсын иргэн, “Эмпати-Ертөнц” ХХК-ийн захирал Т.Карабулут, дэд захирал В.Акчай, Улаанбаатар дахь Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал С.Мехмет нарыг боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ayur Tand! 2014-05-09 05:39:57
    Erhem Ayur Tand bayar hurg'e. Aruinaad mend hurgeerei. Bid bagyn naizuud baigaa yum.
  • Nasaa 2014-05-08 14:24:01
    tanid bayar hurgii! bi uul ni 10 jildee oros hel uzej bailaa. odoo bol yu ch baihgui teg. oros heliig dahiad surna gej bodoj baigaa , oor busad hel surch chadsan yum chin. mongold butsaj ochvol ene oros mongol toliig olj avah yumsan
  • enkhee 2014-05-08 05:35:39
    Ю.Н.Кручкин, танд баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. Таны бичсэн Орос-Монгол, Монгол-Орос толь бичиг манай гэрийн ширээний ном билээ. Танд уран бүтээлийн амжилт хүсье