Оношлогонд орж байгаа машины 50 хувь нь шинэ байдаг гэв
Манай улс 1999 онд Авто тээврийн хуультай болж тээврийн хэрэгслээ жил бүр тоолж үзлэгт оруулсаар ирсэн. Жилээс жилд хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ихсэж байгаа. Авто тээврийн үзлэг оношлогоог өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлжээ. Энэхүү үзлэг оношлогоо хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх дүүрэгт байрлах Авто оношлогоо төв дээр очлоо.
 
Уг төв дээр очих үед үзлэгт орох гэсэн автомашинууд хоёр эгнээ болж урт дараалал үүсгэсэн байлаа. Тус оношлогооны төвийн оношлогч инженер Ч.Зоригтөгстэй уулзлахад “Ер нь автомашин эзэмшигчид оношлогоондоо орж сурч байгаа. Өдөрт дунджаар 300 гаруй автомашин орж байна. Тухайн жолооч өнгөрсөн жил хэдэн сард автомашинаа оношлогоонд оруулсан тэр сардаа оруулах ёстой. Оношлогоог авто инженерүүд хийдэг. Одоогоор хоёр ээлжээр ажлын өдөр өглөө 08:00-20:00 цаг хүртэл, харин амралтын өдөр өглөө 09:00- 19:00 цаг хүртэл ажиллаж байна.
 
Жолооч нар оношлогоонд орохын өмнө жолоочийн хариуцлагын даатгал, автомашины даатгал, татвараа төлсөн байхаас гадна автомашиныхаа өнгө үзэмж болон бусад зүйлүүдийг бүрэн хангасан байх хэрэгтэй юм. Зарим жолооч нар оношлогоонд орох өдрөө мэдэхгүй ирж байна. Тухайлбал, долоо, наймдугаар сард оношлогоонд орсон машин тавдугаар сард орохгүй. Заавал оношлогоонд орох сардаа орно. Орох cap өдрөө мэдэхгүйн улмаас ачаалал үүсгэж, урт дараалал бий болгож байна. Иймээс жолооч нар Авто тээврийн газрын сайт руу орж, арлын болон улсын дугаараа бичиж, автомашинаа хэзээ оношлогоонд орсон cap өдрийг харах боломжтой. Сайт дээр хэзээ оношлогоонд орсон нь тодорхой гарч ирнэ. Үзлэг оношлогоонд орохдоо суудлын автомашин 11 мянган төгрөг харин ачааны машин 16 мянга 500 төгрөг төлдөг. Автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн үзлэгт түүний гаднах өнгө, үзэмж, Улсын дугаар, техникийн бичиг баримт, ерөнхий иж бүрдэл зэргийг шалгах ажилбарууд багтана. Мөн гэрэлтүүлэг, цахилгаан системийн ажиллагааг шалгахад, их гэрэл, эргэх дохионы гэрэл болон гэрэл шилжүүлүүр зэргийг үзлэг хийж, шалгах ба хянах самбарын заагч багажны ажиллагаа, дуут дохио болон цахилгаан дамжуулах багажны бүрэн бүтэн байдал, аккумляторын
техникийн байдлыг ажиллуулж үзнэ. Мөн бусад үзүүлэлтийг гаднах байдлын үзлэг хийж шалгадаг байна. Тормозны системийг шалгаж үзлэг хийхдээ тормозны дөрөөний сул явалт, бүрэн явалт, удаашралт, тормозны зам, хүч зэрэг үзүүлэлтийг тусгай багаж болон тормозны стенд дээр, тормозны механизмын идэвхижлийг тормозны удирдлагын дамжуулгын чөмөг, шингэн болон хийн дам­жуулгын хоолой, гуурсны битүүмж, төв цилиндр ба хүчлүүрийн техникийн байдлыг нүдээр үзэж тус тус шалгаж үнэлгээ өгнө. Гар /зогсоолын/ тормозны ажиллагааг ту­хайн автомашиныг налуу байрлалд, тормозны стенд дээр болон децелерометр /хурд сааралтыг хэмжигч/-ээр нарийн шалгана” гэв. Зарим жолооч нар хоёр дахь удаагаа орох гэж байна хэмээж байлаа. Тэд эхний оношлогоогоор тэнцээгүйн улмаас автомашинаа засварлаж дахин ирж байгаа аж. Онош­логоонд ороод тэнцэхгүй тохиолдол нэлээд байдаг аж.
 
Ихэнх нь тэнхлэгийн тохиргоо, орон зай, гэрлийн үзүүлэлт, өнгө үзэмж зэрэг нь шаардлага хангахгүй байгаатай холбоотой гэнэ. Үзлэг оношлогооны  технологийн кар­тын дагуу автомашиныг оношлогоонд оруулж байв. Техникийн инженер бүх зүйлийг дарааллын дагуу явуулж, шаардлага хангасан автомашинуудыг шууд гаргаж, харин шаардлага хангаагүйд нь дахин ирэх үүрэг өгч байсан юм. Үзлэг оношлогоондоо тэнцээгүй автомашин гурван удаа орох эрхтэй байдаг юм байна. Харин гурван удаа ороод тэнцээгүй тохиолдолд мөнгөө төлж үзлэг оношлогоонд ордог аж. Гурван удаа оношлогоонд орж дахин унах тохиолдол нэлээд байдаг гэнэ.
 
Мөн үзлэг оношлогоонд орж байгаа жолооч нар галын хор, эмийн сан авч ирэхгүй тохиолдол нэлээд байдаг аж. Энэ байдлаас шалтгаалан иж бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр оношлогоо хангалтгүй болдог байна. Иймээс автомашинаа үзлэг оношлогоонд оруулж байгаа жолооч нар бэлтгэлээ сайн хангаж ирэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, автомашин нь ямар ч техникийн зөрчилгүй байж оношлогоонд орсон гэдэг үнэлгээ авах юм байна. Жолооч нар оношлогоо, татвар хоёрыгоо ялгаж салгахгүй байгаа гэнэ.
 
Оношлогоонд импор­тоор орж ирсэн шинэ автомашинууд ихэвчлэн ордог байна. 50 хувийг нь эзэлдэг аж. Сонирхуулахад энэ үеэр Казакстан улсаас орж ирсэн гэх бусдаас содон нэгэн автомашин оношлогоонд орсон юм. Жолооч нар болон оношлогооны инженерүүд Монголд харж байгаагүй ховор автомашин байна гэж байна лээ. Ер нь бусдаас дуу чимээ болон моторынхоо хүчин чадлаараа өөр байсан. Тухайн автомашины жолооч нь спорт загварын “Viper” гэдэг автомашин гэж байна лээ. Шинээр импортоор орж ирсэн автомашин 72 цагийн дотор номер дугаар авах ёстой байдаг аж. Иймээс хамгийн түрүүнд оношлогоонд оруулдаг юм. Мөн жолооч нар оношлогоо, татвар хоёрыгоо ялгаж салгахгүйгээр зургадугаар сарын 1-нээс өмнө оношлогоондоо орно гэж тавдугаар сарын сүүлээр авто оношлогооны төвүүдэд ихээр дугаарладаг юм байна. Иймээс татвар оношлогоо хоёроо ялгаж, оношлогоондоо орох хугацаанд ирэх хэрэгтэй аж.

Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.