В.Дашпунцаг: Хүүхдүүдтэй ажилласан хүмүүс сэтгэлгээний хувьд яг хүүхэд шиг болчихдог юм байна
Энэ удаагийн “Чухал хүн” буландаа БХИС-ийн “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, доктор, дэд профессор, ахмад Нирун овогт Ванчингийн Дашпунцагийг урилаа. Бидний яриа хувийн гэхээсээ илүү хувьсгалын тал руугаа хэвийсэн юм. Тэрбээр өөрийгөө ярихаасаа илүүтэй сургуулийн үүх түүх, онцлогийг өгүүлэх нь дээр гэж үзсэн нь энэ.

-Цэргийн хүмүүсийн үүх түүх их сонин байдаг. Та цэргийн хүн болсон түүхээсээ яриач?

-“Монголын мэдээ” сониноор дамжуулж Монголынхоо ард түмэн, Улаанбаатарчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ванчингийн Дашпунцаг гэдэг. 1978 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1986-1994 онд сумынхаа найман жилийн дунд сургууль. 1994-1996 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр дунд сургууль.

1996-2000 онд УБИС, 2005 он Удирдлагын академийг төгссөн.  2001-2002 онд магистр, 2004-2008 МУИС-д докторын зэрэг хамгаалсан түүхтэй. Өнөөдөр би ахмад цолтой, Батлан хамгаалах их сургуульд ажиллаж байна. Би 2000 онд УБИС-ийг төгсөөд БХИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд нийгмийн ухаан, түүхийн багшаар ажиллаж, амьдралынхаа гарааг эхэлсэн. Ингэж л энэ сургуультай холбогдсон доо.

Үндсэндээ 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 14 дэх хичээлийн жилдээ ажиллаж байна. Ажиллах явцдаа 2000-2008 онд Нийгмийн ухааны тэнхимд, 2008-2013 он хүртэл Тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны нэгдүгээр сараас “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Цэргийн хүн болсон түүх бол их сонин. Би 2001 онд анх дэслэгч цол хүртсэн.

Миний амьдралд тохиолдсон баяртай үйл явдлын нэг. Ерөөсөө би анх аравдугаар ангиа төгсөхдөө л тухай үеийн Цэргийн их сургуульд орохоор элсэлтийн шалгалтад бэлтгэж байсан. Бас ч гэж гайгүй сурлагатай ч хүүхэд байлаа. Гэтэл тухайн жил УБИС ганцхан удаа дөрөвдүгээр шалгалт авсан юм.

Тэгэхэд нь би шалгалт өгчихгүй юу. Гэтэл суурь шалгалтад ганцаараа тэнцээд, дагалдах хоёр шалгалтад гарцаагүй орох болоод, бүх бичиг баримт маань УБИС руу явчихсан. Ингээд л зургадугаар сард болсон элсэлтийн шалгалтад орж чадалгүй, багш болчихсон юм.

Гэхдээ УБИС-ийг төгссөнөөр харин ч миний амьдралд аз завшаантай үйл явдал болсон гэж боддог. Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба болох багшийн мэргэжлийг эзэмшлээ. Хүнд заадаг, сургадаг, амьдралыг нь чиглүүлж, тус буян болдог мэргэжил эзэмшсэнээрээ бахархдаг. Нөгөө талаар УБИС-ийг төгсч гараад цэргийн сургуультай холбогдсоноор миний мөрөөдөл биелсэн юм.

-Цэргийн хүн болох л ёстой байж дээ?

-Тийм л байж. Миний цэргийн хүн болсон түүх их сонирхолтой. Би ЗХЖШ-ын даргаас хоёр удаа дэслэгч цол хүртсэн. Энгийн хүн бол нэг л удаа дэслэгч цол аваад, ахлах дэслэгч болоод явдаг. Би л хоёр авсан хүн дээ. 2001 оны зургадугаар сард дэслэгч цол аваад, хоёр жил гаруй явсан.

Гэтэл 2002 онд БХИС бүтцийн өөрчлөлтөд ороод, Удирдлага технологийн дээд сургууль гэж байгуулагдсан. Гэтэл тухайн сургуульд ажиллаж байсан офицер багш нарын цолыг байхгүй болгож, энгийн орон тоон дээр ажиллуулж эхэлсэн. Ингээд л 2002-2008 оны сүүлч хүртэл энгийнээр ажилласан.

Улмаар 2009 оны нэгдүгээр сарын 1-нд дахин дэслэгч цолоо авсан. Тэнхимийн даргаар томилогдоход өгсөн юм. Учир нь тэнхимийн даргын орон тоон дээр ажиллах хүн заавал цолтой байх ёстой. Тэгээд л хоёр дахь удаагаа дэслэгч цол авсан хэрэг. Цэргийн хүн байна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ.

Монгол Улсын төр, нийгэм, уламжлалт соёлын түүхтэй холбогдоход цэрэг, цэргийн дарга нарын түүх гарцаагүй хамт явдаг. Энэ түүхийн нэлээд том хэсэг нь монгол цэргийн нуруунд үүрэгдэж ирсэн. Тийм учраас цэргийн албанд орсондоо, өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний ахмад гэдэг цолыг зүүж яваагаараа бахархдаг л хүн дээ.

-Дэслэгч цолыг чинь номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүмүүст өгдөг биш бил үү. Энгийн багш байж байгаад дэслэгч цол авсан гэхээр их сонирхолтой санагдаж байна?

-Өнөөдрийг хүртэл манай зэвсэгт хүчинд ийм жишээ олон байсан. Тухайн ажиллаж байгаа мест нь офицер орон тоотой байвал дээд боловсролтой хүмүүсийг түргэвчилсэн сургалтад хамруулаад, цол өгдөг. Тэр шугамаар л явсан. Түүнээс биш дөрвөн жил казарамд амьдраад явсан хүн биш л дээ.

Гэхдээ цэргийн төрөлжсөн, нарийн сургалт дээр бол номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүмүүс ажилладаг. Харин  багшийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажилтан гэх мэт ажил дээр курсээр дамжиж цол авсан хүмүүс ажилладаг юм.

-“Тэмүжин өрлөг” бол нэг талдаа цэргийн сургууль. Гэхдээ энд хүүхдүүд суралцаж байгаагаараа онцлог. Ийм сургуулийг удирдаж, зохион байгуулж ажиллахад ямар байдаг вэ?

-"Монголын мэдээ" сонины “Чухал хүн” гэдэг буланд уригдаж байгаа юм байна. Би Монголын зэвсэгт хүчний жирийн нэгэн л офицер. Дээрээс нь Монголын олон аавуудын нэгэн адил жирийн нэг эр хүн. Хэдийгээр хувь хүн бүрт онцлох зүйл байгаа. Гэхдээ би өөрийгөө Монгол Улсын жирийн нэг иргэн, аав, офицер гэж тодорхойлмоор байна.

Харин миний хувьд хамгийн онцлох зүйл бол манай сургуулийн үйл ажиллагаа гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ганц байгаа онцлог сургууль. Хэдийгээр манай сургууль 2010 онд байгуулагдсан гэх боловч үүх түүхийнхээ хувьд маш их цаг хугацааг хамарна.

Учир нь 1925 онд тухайн үеийн Ардын Засгийн газрын Цэргийн явдлын яамны сайд Хатанбаатар Магсаржав анх 14-16 насны хөвгүүдээс бүрдсэн цэргийн сургууль байгуулъя гэсэн санаачилга гаргасан. Улмаар тухайн ондоо байгуулсан байдаг юм билээ. Энэ сургууль үйл  ажиллагаагаа явуулж байгаад 1937 онд Сүхбаатарын нэрэмжит сургууль болсон. Түүний дараа 1943 онд Сүхбаатарын нэрэмжит офицерын сургууль болгосон юм билээ.

Улмаар 1953 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Тэр сургууль тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт маш олон алдартай хүмүүсийг бэлтгэж, төгсгөсөн. Өнгөрсөн жил офицерын сургуулийн 70 жилийн ойг БХЯ-тай манай сургууль хамтраад тэмдэглэж өнгөрүүлсэн.

Зөв үйл аргалын цог шиг цогшиж, ундарч явдаг гэдгийн илэрхийлэл болж, тухайн үеийн сургуулиудын угшил болж манай сургууль байгуулагдсан. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар, тухайн үеийн БХ-ын сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга Л.Мөнхбаяр нарын тушаал, захирамжаар манай сургууль байгуулагдсан түүхтэй.

Дэлхийн олон оронд манайхтай төстэй сургуулиуд байдаг. 18 дугаар зууны эхэн үеэр анх Суваровын сургуультай ижил төстэй сургуулиуд Франц, Герман, Англид байгуулагдаж байсан юм билээ. Түүний нэгэн адилаар манай улсад ч байгуулагдаад ажиллаж байгаа нь энэ.

-Сургуулийнхаа онцлогийг товойлгоод ярьвал?

-Манайх улсын сургууль. Сурагчдын маань ихэнх хувийг хагас болон бүтэн өнчин хүүхдүүд эзэлдэг. Нийгмийн амьжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдтэй нийлээд үндсэндээ 60 орчим хувийг нь эзэлж байдаг. Түүгээрээ онцлог. Энэ бол хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн эцэг, эхийг нь сургууль, багш нь орлох.

Нийгмийн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айлын хүүхдүүдийг ирээдүйд Монгол Улсдаа хэрэгтэй, чанартай боловсон хүчин болгож бэлтгэхэд төрийн зүгээс анхаарсан томоохон алхмын нэг илэрхийлэл гэж үзэж болно. Энд хүүхдийг бүрэн хооллож, хувцсаар хангаж байна.

Дээрээс нь ирэх есдүгээр сарын 1-нд манай сургуулийн шинэ байр ашиглалтад орох гэж байна. Хүүхдүүд 100 хувь дотуур байраар хангагдана. Түүнээс гадна манай сургуульд дандаа хөвгүүд суралцдаг. Өнөөдөр 202 хүүхэд суралцаж байна. Бас нэг өөр онцлог нь, ерөнхий боловсролын сургуулиуд хамран суралцах тойрогтой, харьяаллаас өөр хүүхэд авдаггүй. Харин манайх бол хамран суралцах тойрог хамаардаггүй, Монгол Улсын 21 аймаг, 324 сумаас хүссэн хүүхэд нь шалгалтаа өгөөд, манай сургуульд элсэн суралцах боломжтой.

Сүүлийн үед манай сургуулийн гадаад харицлаа холбоо өргөжиж байна. Энэ бол яах аргагүй нэг том онцлог. 2014 оны хичээлийн жилд манай сургуулийн 10 дугаар ангийн хоёр сурагч Турк улсын Цэргийн ахлах сургуульд суралцахаар явлаа. Мөн энэ хичээлийн жилд ОХУ-ын Суваровын сургуульд хүүхдүүдээ суралцуулахаар ажиллаж байна.   

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танай сургуулийн хамт олон ямар амжилт үзүүлсэн бэ. Тэр талаар яриач?

-Хэдийгээр байгуулагдаад удаагүй байгаа гэхэд манай сургуулийн хамт олон маш их амжилт  гаргасан. Сурагч, багш гэлтгүй амжилт гаргасан. Эцэг, эхчүүдийн талаар ч энд дурьдмаар байна. Тодорхой жишээ гэвэл, намайг ажлаа авсаны дараа математик, гадаад хэлээр чамгүй амжилт гаргалаа.

Цөөхөн жишээ дурьдахад, өнгөрсөн жил Франц улсад зо­хион байгуулагдсан “Кенгуру” Олон улсын математикийн олимпиадад манай сургуулиас гурван хүүхэд оролцож, нэг нь гурав, нөгөө хоёр нь дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэ жил тэр олимпиадад 10 хүүхэд оролцож, нэг нь алт, хоёр нь мөнгөн медаль авсан. Долоон хүүхэд зургадугаар байрт шалгарсан гайхамшигтай амжилт үзүүлсэн.

Ердөө энэ жишээг дурьдахад л ямар амжилттай байгаа нь тодорхой харагдана. Дээрээс нь спорт урлагаар өндөр амжилт гаргадаг. Хамгийн ойрын жишээ гэвэл наймдугаар ангийн сурагч н.Амарбаяр Д.Банди багшийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс 28 кг-ын жинд хоёр дахь удаагаа алтан медаль авсан.

Мөн олон улс, улс, дүүргийн олон тэмцээнээс алтан медаль авч, 13 настайдаа спортын мастер цол хүртсэн н.Тулга гэдэг таэквондогийн тамирчин хүү байна гэх мэтээр сурагчид маань олон сайхан амжилт гаргалаа. Мөн багш нар маань тодорхой хэмжээний амжилт гаргаж байна.

Ширээний теннисийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс манай сургуулийн багш н.Нямдулам хүрэл медаль хүртсэн. Ер нь бол сургуулийн зүгээс багш нараа хөгжүүлэх тал дээр маш их ажил зохион байгуулдаг. Сайн, чанартай боловсон хүчин, сурагч бэлтгэе гэвэл сайн багштай л байх ёстой.

Аливаа байгууллагын хөгжил гэдэг тухайн хамт олон нэг гэр бүл шиг байж, нэг зүг рүү хандаж чадаж байж хөгжинө. Мэдээж гадаад, дотоод хүчин зүйл байлгүй л яах вэ, гэхдээ л нэгдэж чадахгүй бол юу билээ. Түүнээс гадна дотооддоо, өөрсдийнхөө нөөц бололцоог эрэлхийлсэн үйл ажиллагаа үр дүнд хүрдэг. Байгууллагын хөгжлийн хамгийн гол зүйл нь хүнээ хөгжүүлэх гэж би боддог.

-Боловсон хүчнээ хөгжүүлэхийн тулд юу хийж байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг заавал магистр, докторын зэрэгтэй бай гэж шаарддаггүй. Манай сургуулийн ихэнх багш нар залуучууд. Тэдний 70 орчим хувь нь магистрын зэрэгтэй. Надтай нийлээд хоёр багш докторын зэрэг хамгаалсан. Энэ бол багш нар сургалтын үйл ажиллагаанаас гадна өөрсдөө судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө хөгжүүлэх, өөрийн гэсэн сэдэвтэй болж байгаа. Энэ нь сургалтын чанарт эергээр нөлөөлөх нэг томоохон үзүүлэлт болж өгдөг.

Залуу багш н.Болдсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгос улсаас Монголын их, дээд болон дунд сургуулийн багш нарын дунд зарласан эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэллээ. Шагналд нь Солонгос улсаар долоо хоног аялаад ирсэн. Мөн Буриадын их сургуульд зохион байгуулсан угсаатны зүйн сэдэвтэй эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ. Дээрээс нь н.Наранчимэг багш Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн.

Гадаад хэлний багш н.Цэцэгмаа, зураг технологийн багш н.Дэлгэрсайхан нар БТА цол, тэмдгээр шагнууллаа. Төр зас­гийн зүгээс манай сургуулийн багш нарын амжилтыг үнэлсэн нь энэ. Түүнээс гадна багш нартай холбоотой нэг зүйлийг ярих хэрэгтэй. Манай сургуулийн сурагчид хүн төрөлхтний хөгжлийг дагаад дэлхий ертөнцийн хүмүүстэй хэл нэвтрэлцдэг байгаасай гэж би их хүсдэг.

Мэдээж манай сургуулийн нэг том онцлог нь эх оронч үзэл, монгол бахархал, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгохыг гол зорилгоо болгодог. Үүний зэрэгцээ хүүхдүүд маань хүн төрөлхтний асар хурдацтай явагдаж байгаа хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд хэлний боловсролтой байгаасай гэж хүсдэг юм.

Мөн сэтгэлгээний, технологийн өндөр боловс­ролыг эзэмшүүлэхийг боддог. Тиймээс ОХУ-ын иргэн Сергей гэдэг хүн манай сургуульд багшилж байгаад сая амарлаа. Энэ багш тухайн үеийн ЗХУ-ын армид хошууч цолтой ажиллаж байсан хүн. Манай сурагчдад Орос хэл заадаг.

Дээрээс нь ирэх наймдугаар сарын 1-нээс Англи багш ирж ажиллахаар гэрээ хийгээд явж байна. Мөн Солонгосын Армид тодорхой хэмжээнд таеквондогийн хичээл зааж байсан хүн наймдугаар сарын 1-нээс ирж секц, дугуйлан хичээллүүлэх гэж байгаа. Энэ бол хүүхдүүдийн сайн сайхны төлөө, дээрээс нь Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин бэлтгэх зорилготой ажил.

-Цэргийн сургууль гэдэг утгаараа тэр чиглэлийн хичээл заадаг багш нар байж таарна. Хэчнээн багш, ямар боловсрол мэдлэг олгож байна?

-Манай сургуулийн хамгийн гол онцлог бол цэргийн анхан шатны боловсрол олгодог. ЕБС-ийн стандартын хичээлийг зааж, бүрэн дунд боловсрол олгохоосоо гадна цэргийн анхан шатны боловсрол олгоно. Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, аюулгүй амьд гарах арга ухаан, цэргийн ёс зүй, таеквондо гэх зэрэг хичээлүүд орно. Манай сургууль тусдаа цэргийн албатай. Ахлах дэслэгч П.Үнэнбат гэдэг залуу цэргийн албаны даргаар ажилладаг.

Доороо хоёр сургагч багштай. Манай н.Дашцэрэн сургагч ахлагч маань Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, туршлагатай хүн. Тиймдээ ч  манай сургуулийн хүүхдүүдэд цэргийн албыг багаас нь мэдрүүлэх тал дээр сайн ажилладаг. Гэхдээ үүний цаана нэг зүйл бий. Хэдийгээр манай сургууль хүүхдүүдэд цэргийн анхан шатны боловсрол олгодог боловч тэднийг сэтгэлгээний тал дээр чөлөөтэй байлгах, түгжигдмэл сэтгэлгээтэй болгочих вий гэдэг дээр анхаарч ажилладаг.

Манай сургуулийн сурагчид чинь насанд хүрээгүй, сэтгэлгээ нь бүрэн гүйцэд төлөвшөөгүй, цагаан цаас байгаа шүү дээ. Ийм насан дээр нь хэт цэргийн дүрмээр барьчихвал энэ хүүхдүүд насанд хүрсэн хойноо ямар нэгэн зүйлийг сэтгэхдээ муу, даргын  үгийг хардаг болчих вий гэдгээс маш их сэргийлдэг.

Тийм учраас  аль болохоор хүүхдүүдийнхээ сэтгэлгээг задгай, чөлөөтэй байлгахыг боддог. Хүүхдүүд хааяа нэг хашгирах, үймүүлэх тохиолдол байдаг. Хүүхдэд чихэр харуулчихаад далд хийчихээр яах билээ. Хүүхэд л болсон хойно долоохыг хүснэ биз дээ.

Үүнтэй адил хүүхдийг “Чи битгий хашгир, үсэрч дэвхцээд бай” гэж хорих нь нэг талаасаа ямар ч утгагүй зүйл шүү дээ. Яагаад гэвэл хүүхэд чинь хашгирдаг, үсэрдэг, биеийнхээ асар их энергийг тэгж байж гадагшлуулдаг онцлогтой. Тиймээс энэ тал дээр манай сургуулийн багш нар маш их анхаарч ажилладаг. Хэдийгээр цэргийн сургууль ч гэсэн хүүхдүүдийнхээ сэтгэлгээг задгай байлгах талаас нь анхаарах хэрэгтэй.

Ширээ гэдгийг зүгээр л нэг эд зүйл гэж харахаасаа илүү хэдэн хөлтэй юм, юугаар хийв, гурвалжин юм уу, бөөрөнхий юм уу, дээрээс нь харвал ямар байх вэ, доороос нь харвал ямар байх бол гэж аливааг эргэцүүлж боддог, бодсоныхоо дараа түүнийгээ зөв цэгцтэй, логик дараалалтай илэрхийлдэг байх тал руу нь сургалтын маань үйл ажиллагаа чиглэдэг.
 
-Цэргийн салбарт удаан ажилласан хүмүүс ширүүн, дориун, тушаагаад сурчихсан ч юм шиг санагддаг. Тийм хүмүүс хүүхэдтэй харьцахад хэцүү байх болов уу гэж боддог л юм?

-Олон жил цэргийн салбарт ажилласан хүмүүсийн нэг дутагдалтай тал нь тэр. Тэд хүссэндээ тийм болчихсон юм биш. Байнгын хэвшмэл үйл ажиллагаа нь хүмүүсийг тийм болгодог байх. Дандаа л тушаалаар явдаг, эсвэл тушаал өгдөг болохоор  шүү дээ. Гэхдээ бүгд тийм биш.

Таны асуултад хариулахад, манай гурван сургагч багш байна. Би ч гэсэн цэргийн хүн. Эхлээд надад их сонин санагддаг байсан. 10 жилийн сургууль руу ороход шуугиад л, зөгийний үүр аятай л байдаг. Хүүхэд өөрөө цагаан, гоё ертөнц учраас тэнд ажиллаж байгаа томчуудыг өөрсдийнхөө байдал руу татан оруулдаг.

Хүүхдүүдтэй ажилласан хүмүүс  сэтгэлгээний хувьд яг хүүхэд шиг болчихдог байхгүй юу. Би анх ирээд багш нартайгаа уулзаад ярилцаж байхдаа “Багш нар нь ямар сонин хүүхэд шиг юм бэ” гэж боддог байсан. Би чинь дандаа л их сургуульд багшилдаг байсан болохоор сонин санагдаж байгаа юм чинь.

Гэтэл жилийн дараа эргээд харсан чинь өөрөө нөгөөдүүлтэйгээ адилхан болчихсон, хүүхэд сэтгэлгээтэй, нулимс нь их ойрхон, хүүхдүүдээ юм юмнаас хамгаалах маягтай болсон. Хүүхэдтэйгээ адилхан баярладаг, хөөрдөг сэтгэлгээтэй болчихдог юм байна. Хүүхдүүд маань хүссэн хүсээгүй өөрсдийнхөө хийж байгаа үйлдлээрээ тэнд байгаа насанд хүрсэн хүмүүсээ өөрсөдтэйгээ адилхан болгодог.

Тэгээд багш, сурагчдын хооронд их сайхан харилцаа тогтдог байдал дунд сургуулийн орчинд байдаг юм байна гэдгийг 13 жил их сургуульд багшилсныхаа дараа мэдэж авлаа. Энэ бол миний амьдралд тохиолдсон онцлогтой зүйл.

-Хүүхдүүд маань энэ сургуулиа төгсчихөөд заавал цэргийн сургуульд суралцана гэсэн юм байхгүй биз дээ?

-Би цаашид цэргийн хүн болоод явна аа гэвэл сургуулиа төгсөөд БХИС-д орж суралцах боломжтой. Тэгэхгүй Монголын бусад их, дээд сургуульд элсэн суралцана гэвэл бас болно. Бидний нэг зорьдог зүйл бол энэ хүүхдүүдэд цэргийн боловсрол олгоно. Түүний хажуугаар ерөнхий эрдмийн боловсролыг маш сайн эзэмшүүлэхийг зорьдог.

Хэрвээ бусад их, дээд сургуульд элсэн суралцахаар болоход манай хүүхдүүд элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан байх ёстой гэсэн шаардлага тавьж,  багш нар маань олон төрлийн дугуйлан, секц, сонгон хичээллүүлдэг.  Манай сургууль 21 аймгаас элсэлт авна. Тэгэхдээ жилд ердөө 30 хүүхэд л элсүүлж авдаг.

Манай сургуульд орохын тулд 500 гаруй хүүхэд өрсөлдөхөд түүнээс ердөө 30-ыг нь л авдаг гэхээр шалгуур өндөртэй байгаа биз дээ. Үүнийг дагаад манай сургууль олон түмний анхаарлын төвд байнга байж байдаг. Өөрөөр хэлбэл, эрэлт ихтэй гэсэн үг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ энэ сургуульд өгье, чанартай боловсрол эзэмшүүлье гэдэг. Гэтэл хязгааргүй хүслийн цаана хязгаарлагдмал нөөц явж байдаг шүү дээ.

Тиймээс 30 хүүхэд л авах бололцоотой байгаа юм. Танай сониноор дамжуулж хэлэхэд манай сургуулийн энэ жилийн элсэлтийн шалгалтын бүртгэл зургадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд болно. Харин 20, 21, 22-нд элсэлтийн шалгалтаа авна. Хэрвээ манай сургуульд хүүхдээ суралцуулахыг хүссэн эцэг, эх байвал энэ өдрүүдэд манай сургууль дээр ирэхэд болно. Математик, монгол хэлний хичээлээр шалгалт авдаг.

Математик нь суурь хичээл, монгол хэл нь дагалдах хичээл болж явдаг. Түүнээс гадна эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Манай сургууль эмнэлэгтэй, түүгээрээ дамжуулаад хүүхдийн болон нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулсан эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг юм. Хүүхдүүд цэргийн анхан шатны бэлтгэл хийдэг учраас суурь өвчингүй байх шаардлага тавьдаг.

-30-аас дээш хүүхэд элсүүлэх боломж байдаггүй юм уу. Яагаад ингээд хязгаарлачихсан юм бэ?

-1990 онд ардчиллын салхи үлээж, бид хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулсан. Түүнээс өмнө бол хүйтэн дайнтай холбоотойгоор цэрэг, дайны үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байсан. Ардчилал гарснаас хойш Монгол Улсын цэргийн номлол, дүрэм, зэвсэгт хүчинтэй холбоотой хууль, эрх зүйн актууд 100 хувь өөрчлөгдсөн. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчин цомхон, чадварлаг байх тал руугаа чиглэж эхэлсэн.

Тиймээс бага насны хүүхдүүдийг хэт олноор нь цэргийн сургуульд элсүүлэн сургах нь төдийлөн оновчтой шийдэл биш гэж үзсэн. Батлан хамгаалах салбараас барьж байгаа бодлого энэ. Түүнээс гадна эдийн засагтай холбоотой асуудлууд ч бас байгаа шүү дээ. Олон хүүхдийг нэг дор байрлуулаад, хооллоод, хувцаслана гэдэг улс орны эдийн засагт нэг их нөлөөлөхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд жин дарна шүү дээ.  Өнөөдөр 30 хүүхэд элсээд суралцлаа гэхэд ирээдүйд Монгол Улсын хөгжил цэцэгжилтэд том хувь нэмэр оруулах боловсон хүчин төрж гарна гэдэгт би итгэдэг.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-25 04:31:37
    yamar aimaar hugshin tsaraitain be uurtuu anhaaral tavihaar boljee barag l 50 tai yum shig haragdajb na
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах