Дэлхийд үнэлэгдсэн дүрслэхийн бүтээлүүд хотыг чимнэ

Нийслэлчүүд долоо хоног урлагаар тэр дундаа дүрслэх урлагаар амьсгалах нь ээ. Учир нь Улаанбаатар хотын 376 жилийн ой, Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор “UB Art Fair-2015” арга хэмжээг энэ сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Ингээд энэ талаар Монголын Урчуудын Эвлэлийн урлагийн менежер Х.Баттуяатай уулзан “UB Art Fair-2015”-ын талаар тодрууллаа.

-“UB Art Fair-2015” арга хэмжээ товоо зарлалаа. Юуг бид энэ арга хэмжээнээс хүлээж болох вэ?

-Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас бидэнд энэхүү арга хэмжээг зохион байгуулах саналыг тавьсан. Ингээд ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Урчуудын эвлэл, “Profile” agency хамтран ажиллаж байна.  

Энэ удаагийн арга хэмжээг бид “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор зохион байгуулж байгаа. Монголын Урчуудын эвлэл 500 гаруй гишүүн, уран бүтээлчтэй. Тухайн гишүүдийг хамгийн их дэмжин ажилладгаараа олон нийтэд тэдний бүтээлийг танилцуулан дараа дараагийн төслүүдийг хамтран хийх үүднээс олон галерейтай хамтран ажиллаж байгаагаараа онцлог. Мөн дүрслэх урлагийн ангийн оюутнууд, олон нийтэд мэргэжилтнүүдийн саналыг сонсгох зорилгоор лекц, уулзалтууд хийнэ. Ингэхдээ тухайн байршил дээр буюу ерөнхий боловсролын сургуулиуд дээр дүрслэх урлагийн сургуулийнхан өдөрлөгөө зохион байгуулж, мэргэжлийн танилцуулга хийх юм. Түүнчлэн иргэдэд илүү ойртох үүднээс Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Урчуудын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэхээр бэлдэж байна.

-Энэ удаагийн арга хэмжээнд хэчнээн галерей хамтран ажиллаж байгаа вэ?

-Занабазарын Дүрслэх Урлагийн Музей, Уран Зургийн Галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны арт галерей, “Blue Moon”, “Marshal”, “Q Art”, “Сувд”  зэрэг 13 галерей, хоёр залуу уран бүтээлчийн урлан, хоёр зочид буудал хамтран ажиллана.

-“UB Art Fair-2015” уран бүтээлчидтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ. Онцлох уран бүтээлчийг нэрлэх үү?

-Энэ жилийн онцлог гэвэл олон улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцож Монголын нэрийг дэлхийд гарган томоохон шагнал, гранпри авсан бүтээлүүдийг сурталчлах гэж байна. Тухайлбал Д.Дорждэрэмийн “Орон зай дахь дуу хоолой”, Б.Баясгалангийн “Цээж баримал”, С.Дагвадоржийн “Дөрөөн чимээ”, Х.Батбаатарын “Тайлбаргүй”, Э.Отгонбаярын “Туурайн төвөргөөн”, Ц.Ган-Эрдэнийн “Тусгал” зэрэг бүтээлүүд оролцож байна. Эдгээр уран бүтээлчдийн бүтээл нь дүрслэх урлагийн олимпод үнэлэгдсэн, зэрэглэл өндөртэй бүтээлүүд гэж ойлгож болно.              

-Хөтөлбөрийнхөө талаар товч танилцуулаач?

-Хөтөлбөрийн хувьд энэ сарын 25-30-ныг хүртэл 13 галерейд цагийн хуваарийн дагуу үзэсгэлэнгүүд гарна. Мөн ЕБС-уудад мэргэжлийн ангийнхан болон мэргэжилтнүүд явж танилцуулах хичээл заана. Түүнчлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны “А” байранд “Нээлттэй урлан” өдөрлөг болно. Энэ өдөр уран бүтээлчид урландаа иргэдийг хүлээн авч чөлөөт ярилцлага хийнэ. Хамгийн том арга хэмжээ бол энэ сарын 27-нд буюу ирэх ням гарагт Улсын Драмын эрдмийн театрын урд талбайд “UB Art Fair-2015”-д нэгдсэн бүх уран бүтээлчид “Урчуудын өдөр” чөлөөт өдөрлөгт оролцоно. Үүнд манай уран бүтээлчид, 13 галерей болон дүрслэх урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 5 их, дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа. Тэр ч утгаараа энэхүү өдөрлөгт ирсэн иргэд уран бүтээлчидтэй нүүр тулан уулзах, тэдний  бүтээлээр дамжуулан сонин содон өнцөг, мэдрэмжийг нэг дороос харж, таашаах ховор боломж тохионо. Уран бүтээлчид маань өөрийнхөө ертөнцийг тэнд л нийтэд нээлттэй нэг дор дэлгэнэ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд Занабазарын Дүрслэх Урлагийн Музей, Уран Зургийн галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны арт галерейд зургаан эрдэмтэн урлагийн боловсрол олгох лекц, ярилцлага өрнүүлнэ гээд олон сонирхолтой арга хэмжээ долоо хоногийн турш иргэдэд нээлттэйгээр үнэ төлбөргүй зохиогдох болно.


Г.Даша

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.