“Volkswagen” компани “Германд үйлдвэрлэв” гэсэн нэрийг гутаасан гэнэ
“Volkswagen” компанийн АНУ дахь салбар нь хөдөлгүүрийн утааны найрлагын талаарх үзүүлэлтүүдийг худал мэдүүлдэг байсантай холбоотой дуулиан ба түүний үр дагаврыг дүгнэхдээ Германы “Die Welt” сонин ийм дүгнэлт хийжээ.
 
Тус сонинд бичсэнээр дээр нь карбамидын уусмал өгөх үед утаан дахь азотын исэл нь азот ба ус болон задардаг нэмэлт катализаторыг  “Volkswagen”-аас бусад үйлдвэрлэгчид нэмж угсардаг бол тус компанийнхан ингэлгүйгээр утаан дахь хортой бодисын агуулгыг дан ганц моторын электрон удирдлагын тусламжтайгаар багасгах гэж оролдсон байна. Ингэснээр тусгайлан суулгасан программ хангамж нь утаан дахь хортой бодисын хэмжээг тогтоох шалгалт явж байгааг таньж мэдээд хортой бодис бага ялгаруулдаг өөр горимоор ажиллаж эхлэхэд шалгалтын үр дүн огт өөр гардаг болгосон гэнэ. Үүнийг Америкийн Байгаль орчныг хамгаалах агентлаг ЕРА илрүүлсэн бөгөөд тусгай горимоор бус харин жирийн явалт хийх үед моторын утаан дахь хортой бодисын хэмжээг зөвшөөрөгдсөнөөс 40 дахин давж гардаг байсан гэж мэдэгдсэн юм.
 
Гэвч байгаль орчинд ээлтэй компани болж харагдахын тулд худалдан авагчдыг мэхэлсэн энэхүү үйлдэл нь дан ганц “Volkswagen” компаниар зогсохгүй Германы машин үйлдвэрлэгч бүх компаниудын нэр хүндэд сэв суулгасан үйлдэл боллоо гэж “Die Welt” сонин үзжээ. “Volkswagen” ба түүний охин компани “Audi” нь АНУ-д герман машины нүүр царай болж байдаг тул ийм нөлөө үүсэхээс өөр аргагүй аж. Хамгийн наад зах нь утаан дахь хортой бодисын агуулгын талаар хуурамч мэдээлэл өгч байсан дизель мотортой машиныхаа нийлүүлэлтийг цаашид Америкт нэмэгдүүлэх талаар бүрэн мартаж болно гэнэ.
 
Энэ бүхний үр дүнд нь “Германд үйлдвэрлэв” гэсэн алдартай нэрийг зөөлөн хэлэхэд гутаалаа гэж тус сонин бухимдав. Таагүй үр нөлөө нь зөвхөн машин үйлдвэрлэгчдээр хязгаарлагдахгүй, тэдэнд сэлбэг, эд анги нийлүүлдэг Германы компаниуд, тухайлбал “Bosch” компанийн нэр хүндэд маш хүндээр тусахаар болж.
 
“Die Welt” сонины энэхүү дүгнэлтийг бусад эх сурвалжууд ч баталж байна. Тухайлбал, “Deutsche Welle”-д бичсэнээр “Volkswagen” компани машинуудынхаа утаан дахь хорт бодисын агуулгыг өөрчилж байсантай холбоотойгоор АНУ төдийгүй Итали, Герман болон Азийн орнуудад мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Энэ мөрдөн байцаалт нь дэлхийн хэмжээнд 11 сая машиныг хамрах аж.
 
Үүнтэй холбоотойгоор “Volkswagen” компани гаргасан зөрчлөө арилгахад болон үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг эргэн сэргээхэд 6,5 тэрбум евро гаргахаар төлөвлөөд байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Мөн энэхүү дуулиантай холбоотойгоор тус компанийн хувьцааны үнэ даруй 20% хувиар огцом унасан байна.
 
 
Эх сурвалж: “Die Welt”, “Deutsche Welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-09-25 00:57:42
    Харамсалтай герман чанарыг шороотой хутгаждээ
    • нр 2015-10-17 19:16:57
      Тэр хутгасан гээд байгаа муутгасан чанар нь манай стандартаас хэд дахин илүү байгаа даа.