Эдийн засгийн хөгжил Засгийн газрын оновчтой шийдвэрээс бүрэн хамаардаг
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэсийн экспорт 52 хувиар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны эхний улиралд 209 сая долларын зэс экспортолж байсан бол энэ онд 349 сая долларын зэс экспортолсон байна. Үүнд “Оюутолгой”-н зэсийн экспорт эхэлсэн нь нөлөөлсөн аж. Хэдийгээр зэсийн экспорт нэмэгдэж, манайд орж ирэх валютын урсгал нэмэгдсэн ч эдийн засаг хүнд байдалд хэвээрээ байна. Энэ нь мэдээж олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ буурч, Хятадын зах зээл дээрх нүүрсний эрэлт багассанаас шалтгаалан манай экспорт буурсантай холбоотой. Нүүрсний экспорт сүүлийн гурван жилийн хамгийн доод төвшиндөө хүрчээ. Жилийн өмнөөс л дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурч, урд хөршийн дотоодын эрэлт ч мөн адил буурч байна хэмээн ярьж суусан. Тэгвэл бид өнөөдөр ч энэ асуудлаа ярьсаар сууна. Ингэж тодорхой бодлого чиглэлгүй харж суусаар байхад эдийн засаг элгээрээ хэвтлээ.

Ам.долларын ханш чангарч эхлэх үед Монголбанкнаас санаа зоволтгүй мөнгөний бодлогод шууд оролцдог тул санаа зовох зүйлгүй ам.долларын ханшийг өсгөхгүй гэж байсан ч өнгөрсөн намар хамгийн дээд цэгтээ хүрсэн. Харин эдийн засагчид алт, зэс, нүүрсний үнэ өсөөд ирэхээр манай эдийн засаг аяндаа сайжирна хэмээн амар тайван хэлж суусан. Биднийг ийнхүү санаа амар сууж байх хойгуур жилийн дотор ам.долларын ханш 340 орчим төгрөгөөр нэмэгдэж юань 60-80 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь манайх шиг импортлогч улсын хувьд жирийн ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх нь тодорхой. Наймаачид валютын ханшийн өсөлтийн сургаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг автоматаар нэмж одоо хэр нь буулгаагүй. Яаж ч буулгахав дээ. Долларын ханш тогтмол өсөлттэй байгаа юм чинь. Жилийн өмнөхөөс бүх зүйлийн үнэ нэмэгджээ. Энэ бүхэн мэдээж манай төрийн дутуу дулимаг бодлоготой шууд холбоотой.

Эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарт баримтлах нэгдсэн бодлого байхгүй, хууль эрхзүйн орчин тогтворгүй, засаг солигдох бүрт энэ салбарт баримтлах бодлого солигддог нь нэгэн үе манайхыг гээд хошуурч байсан гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэж хэлж болно. Одоо харин үүнийхээ горыг амсаад сууж байна. Нэгэнт гаднаас орж ирэх долларын урсгал хумигдсан тул бонд босгож түр зууртаа аргацаах арга хэмжээ авч байгаа. Гэхдээ бондыг зөв үр ашигтай ашиглаж чадвал мэдээж эдийн засгийн хөгжилд сайн нөлөөтэй. Гэвч манайх шиг эдийн засгийн түр хямралыг дарахын тулд баруун солгойгүй хөрөнгө зарах гэж авбал энэ нь ирээдүйд дааж давашгүй өрөнд унах аюултайг эдийн засагчид сануулсаар байна. Эдийн засаг хүндэрсэн үед дан ганц мөнгөний бодлогыг сайжруул хэмээн Монголбанкинд даатгаад сууж болохгүй. Харин энэ үед Засгийн газрын оновчтой шийдвэр чухал нөлөөтэйг эдийн засгийн хямралыг үзэж туулсан олон орны туршлагаас харж болно.

Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараагаар өндөр хөгжилтэй олон орон эдийн засгийн хямралд өртөж, ажилгүйдэл, ядууралд нэрвэгдэж байсан ч тэд бүгд төрийн оновчтой шийдвэрийн ачаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байна. Үүний тод жишээ бол Өмнөд Солонгос улс юм. Японы эзлэн түрэмгийлэлд нэрвэгдэж байгалийн баялагаа Япон руу зөөлгөөд дууссан, Ази тивийн хамгийн ядуу орон болсон Өмнөд Солонгос 1960-аад он хүртэл энэ их хямралаас яаж гарах учраа олохгүй байсан юм. Энэ үед тус улсыг удирдаж байсан их удирдагч генерал Пак Чон Хи ядуусын фронтыг ажиллах хүчний фронт руу шилжүүлсэн байна. Тэрээр тэрбум, тэрбумын өр зээлийг гадаад улсуудад тавьж үүгээрээ хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг байгуулан иргэдээ ажлын байртай болгожээ. Тухайн үед Өмнөд Солонгосчуудын 80 хувь нь ядууралд өртсөн байжээ. Мөн тэрээр гадаадад ажиллах хүчийг санаачилж Арабын орнууд руу олон зуун ажиллах хүч илгээсэн байна. Үүний зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож буй АНУ-ын цэргүүдийн арын албанд иргэдээ ажлуулан тус улсаас маш их хэмжээний хөнгөлттэй зээл тусламж авч чаджээ. Үүнийгээ дэд бүтэц үйлдвэрлэлийн салбарт зарцуулж байсан аж. Одоогоор БНСУ нь эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 12, Ази тивдээ гуравдугаар байрт орж байна. Харин БНСУ-ын хүнд байдлыг бодвол өнөөдрийн манай байдал хэд дахин илүү байгаа тул төрийн зүгээс бага зэрэг дэмжиж чиглүүлээд өгвөл эдийн засгийн хөгжил сайжрах бүрэн боломж бидэнд байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.