“Петро Чайна Дачин Тамсаг”-аас авсан нөхөн төлбөрийн 1.3 тэрбум төгрөг хаачсан бэ?
Монголын газрын тосны хамгийн том ундарга болох Тамсагийн сав газар Дорнод аймгийн Матад сумын нутагт харьяалагддаг. Хорь гаруй жилийн өмнө энд газрын тос анх оргилсноос хойш туршилтын олборлолт нэрийдлээр олон сая баррель нефтийг БНХАУ руу зөөсөн. Гэвч гуравхан жилийн өмнө хүртэл Матад Монголын хамгийн ядуу сумын нэг байсан. Цахилгаан ч үгүй, хааяа нэг улаан буландаа “моторын дуу”-нд бүжиглэхээс өөрөөр хөмөрсөн тогоон доторх шиг амьдарч ирсэн. Харин одоо байдал дээрдэж, Чойбалсангаас өндөр хүчдэлийн шугам татуулсан нь энэ сумынханд ирээдүйдээ итгэх гэрэл гэгээ болж байна. Тамсагийн сав газар дахь газрын тосны хамгийн том олборлогч БНХАУ-ын “Петро Чайна дачин Тамсаг” компани 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй.

Манай Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиг, орлогоо 60:40 харьцаатай хуваадаг гэдэг ч орон нутагт нь хүртээлгүй байсан юм. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газарт яг хэдэн төгрөгийн ашиг орлого хуваарилсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эрх мэдэлтнүүд өнөөдрийг хүртэл нууцалсаар ирсэн.

Харин энэ хооронд дэлхийн хаана ч байхгүй онгон дагшин тал хээрийн эко систем  сүйтгэгдсэн. Иймд байгаль орчны төлөөх ТББ, нутгийн иргэд  Мэнэнгийн талын онгон дагшин байгаль орчныг хадгалж, хамгаалж үлдэхийн төлөө, “Петро Чайна дачин Тамсаг” компанийн экологийн эсрэг гэмт хэргийг илчилж, байгаль орчинд учруулсан хохирлыг нь шат шатны шүүхэд нэхэмжлэн гурван жил тэмцсэний дүнд 1,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргуулж чадсан билээ. Энэ нь байгаль орчны хохирлыг тооцож, нөхөн төлүүлсэн анхны хэрэг гэдгээрээ олон хүний талархлыг хүлээсэн.Монголын төр баялгаас илүү байгаль орчноо үнэлж, нөхөн төлүүлдэг жишиг тогтоосноороо ганц Матад суманд биш уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн олон аймаг, сумын ард иргэдэд үлгэр дуурайлал болох ёстой юм.

Тэгвэл “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-иас нөхөн төлбөр нэрийн дор авсан 1.3 тэрбум төгрөг хаачсан бэ? Энэ мөнгөөр байгаль орчинд нөхөн сэргээлт хийсэн үү гэдэг асуултыг хүн бүр асууж байна. Гэвч үүнд хариулах хүн өнөөдөр олдсонгүй.  Үнэн хэрэгтээ Матад сумынхны гурван жил гаруй тэмцэж олсон 1.3 тэрбум төгрөгийг аймгийн ИТХ-аас Төсвийн тухай хууль яриад хураагаад авчихжээ. Харин ингэж  хураасан мөнгөөрөө хуулийн дагуу цалин тэтгэвэр, тэтгэмжид зарцуулсан гэх  тайлбарыг холбогдох албаныхан хийжээ. Үүнд бухимдсан Матад сумынхан саяхан тус суманд ажлаар очсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд гомдол мэдүүлсэн байна.

Үнэндээ Матадынхан байгаль орчныхоо төлөө тэмцэж байхад аймгаас нь ямар ч дэмжлэг үзүүлээгүй аж. Тэд болж байгаа үйл явдлын хажуугаар  амандаа  ус  балгасан мэт л дуугүй өнгөрдөг байсныг Матад сумын иргэд болоод ТББ-уудын  төлөөлөл тухайн үед ч одоо ч хэлдэг. Гэтэл мөнгө ороод ирэхээр нь хууль яриад хурааж аваад, огт өөр зүйлд зарцуулсанд тэд өнөөдөр бухимдаж байгаа юм.

“Петро Чайна Дачин Тамсаг”-аас  нөхөн төлбөрт авсан 1.3 тэрбум төгрөгийн ердөө 30 хувийг нь Матад суманд өгсөн байна. Энэ мөнгөөр сумынхан газар нутгийнхаа нөхөн сэргээлтийн ажлыг хийжээ. Уг нь  тус сумынхан нөхөн сэргээлтээ ч хийж, ганц нэг бүтээн байгуулалтын  ажил ч хийнэ хэмээн төлөвлөсөн байсан нь ийнхүү талаар болж 1.3 тэрбум төгрөгийнхөө 550 саяыг  аймагтаа хураалгаж, үлдсэн мөнгийг тухайн үед ажилласан хүмүүсийн цалинд хувааж өгсөн аж. Ингээд тэдний тэмцэж олсон мөнгө байгаль орчинд бус цалин, тэтгэвэр, тэтгэмжинд зарцуулагдаад дуусжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-10-28 11:12:11
    Manaihan deer doorgui es surtahuunii olsgolon bolchihson bgaag haruulj bn. Eh oronchid bol oort ni ogie l gevel nutagaa zarahad belen bdg uls yum shuu dee!!!!!!...
  • Ish chaavaas daa 2015-10-28 11:08:13
    Iim l shuudee tor zasag gej shal hudlaa zuil. Eh oronchid mon adil mongo l ogchihvol nutag oron baigal delhii yaanuu er hamaagui !!! Hudlaa eh oronchid yum shuu...