Р.Бурмаа: Нам нь төрийн дээр сандайлчихсан
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Дээрх хуулийн төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлэхээр УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн байсан. Харин өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх санал хэвээр үлдээв.

Хуралдааны үеэр намынхаа эсрэг кноп дарсанаар буруутгагдаад байгаа Р.Бурмаа гишүүн "С.Баярцогт гишүүн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд түүний саналын эсрэг байгаа юм. 2014 оноос энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдэг саналаа дэмжиж байна. Сөрөг хүчин энэ хуулийг өргөн бариагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьсан. Гэхдээ Үндсэн хуульд нийцүүлэн өргөн барьсан юм. Үндсэн хуулийн 29.1-д гишүүн нь Засгийн газрын гишүүнээс бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалттай.

Тэгэхээр УИХ-д 50 хувь байлгах уу, эвсэл 3/2-оор явуулах уу гэдэг бүрэн эрхтэй. Үүнийхээ дагуу УИХ үндсэн чиг үүргийн яамд нь хавсарч болно гэдэг шийдвэрийг гаргаад явж байгаа. Тиймээс миний хувьд бүх юм ном ёсоороо явж байгаа гэж харж байна. Юуны түрүүнд 2014, 2016 онд гэдэг асуудлыг тодруулж хэлмээр байгаа юм. Энд сууж байгаа УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн санаачилгыг дэмжээд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, энэ ухаалаг төрийн хүрээнд УИХ нь УИХ шигээ, Засгийн газар нь Засгийн газар шигээ ажиллах шаардлага байгаа юм.

Өнөөдөр эсрэг санал өгсөн гэж яллуулаад байгаа хэдэн гишүүн төрийг тогтвортой байлгахын төлөө явсан. Тэр байтугай намын удирдлагын шийдвэрийг дагасангүй, намаас хөөнө гэх зэргээр "хэдэн он бэ" гэмээр юм яриад байна. Би 25 жилийг ардчиллын төлөө зориулахдаа төрийн дээр нам сандайлсаныг болиулах гэж, хуулиа дээдэлдэг эрхзүйт төрийн төлөө явж ирсэн. Гэтэл өнөөдөр нам нь төрийн дээр сандайлчихсан. Засгийн газарт намын удирдлагын нэрээр орсон хэдхэн тооны хүмүүс төрийн шийдвэр гаргах дээд байгууллага болох УИХ-ыг, ард түмний элч болсон төлөөлөгчийг дарамталдаг байдлаа болих хэрэгтэй” гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.