Бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!

Эдийн засгийн өр­шөө­лийн хууль гаргах тухайд “элдэв”-тэй маргаан бас байх юм. Гэхдээ тэд юм мэдэхгүйдээ биш зориудаар л ингэж жүжиглээд байгаа болол­той. 2008 онд гарсан Тат­варын өршөөлийн хууль одоог хүртэл хэрэгжиж байгаа нь үнэн. Харин 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нд бас нэг хууль гарсныг энд сануулчихъя. Энэ нь Тат­варын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэ­рэг­жүүлэх хууль байлаа. Гэхдээ энэ хуулийг татвар төлөгчид болоод баялаг бүтээгчдийн олонх нь ашиг­лаж чадаагүй юм. Уг нь хэрэгжсэн бол энэ хуулиар эрүүгийн бо­лон захиргааны бүх хэр­гээс маш олон хүнийг өршөөхөөр байжээ.

Асуудлыг тодруулбал, манай улс 2006 оны зургадугаар сарын 19-нд дөрвөн гол татвараа 10 хувь болгож багасгасан. НӨАТ 15 хувь байсныг 10 хувь, ААН-ийн орлогын албан татвар 15, 25, 40 хувь байсныг 10, 25 хувь болгоод, нийгмийн даатгалын шимтгэлд компаниас 19 хувь төлдөг байсныг 10 хувь болгоод, ХАОАТ маш олон шатлалтай байсныг өөрчилж ганцхан 10 хувь болгожээ. Энэхүү хуулийн заалт нь 2007 оноос эхлэн хэрэгжсэн. Ийнхүү татварын тоо хэмжээ багасахаар өөр эрхзүйн орчин үүсэх нь тодорхой биз. Өөрөөр хэлбэл, үүнд шинэ гараа хэрэгтэй болсон гэсэн үг. Тиймээс 2008 онд дээрх өршөөлийн хоёр хуулийг гаргажээ. Гэхдээ “Татварт өөрчлөлт орж байгаа шүү” гэдэг гол зүйлээ тухайн үед төрд ажиллаж байсан хүмүүс тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, энэ концепцийн өөрчлөлтийг олон түмэнд ойлгуулж хэлэхгүй юм. Энэ ажлыг хийх үүрэгтэй тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар энэ хуулийг олон нийтэд сурталчлан таниулж ажиллаагүйгээс бүгдээрээ эсрэг талд нь зогсчихжээ. Тиймээс тухайн үед эрх мэдэлтэй байсан хүмүүс л үүнийг ашиглажээ.             

Тэр ч байтугай, тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хуулийн журмыг дөрвөн сар 14 хоногийн дараа л гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын хугацаанд л тус хуулийг ашиглах боломжийг олгожээ. Ингээд “Хуулийн эсрэг сурталчилгааг зэрэгцүүлэн явуулсан” гэх шүүмжлэлийг өнөөдөр зарим эдийн засагч ярьдаг. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл талаас нь харвал энэхүү хуулийн хэрэгжих хугацаа нь сонгуулийн шоутай яг  давхацсан байгаа юм. Тиймээс тухайн үед үйл ажиллагаа эрхэлж байсан 43 мянган компаниас хоёрхон хувь нь л өршөөлд хамрагдаж амжжээ. Мөн ямар нэгэн татвар төлдөг 750 мянган иргэнээс 2000 гаруйхан хүн л энэ боломжийг ашигласан юм байна.

Хуулийн таатай шинэ нөхцөл олгочихоод байхад иргэддээ энэхүү тэгш бололцоог ойлгуулахын төлөө тухайн үеийн төрд ажиллаж байсан хүмүүс ажиллаагүй. Тэр ч байтугай, эсрэгээр нь “Та нар энэ хуулийг ашиглавал долдугаар сарын 1-нд шинэ Засгийн газар гарч ирнэ. Тэгээд буцаагаад ялд унагана шүү” гэж буруу сурталчилгаа явуулсан аж. Ийнхүү ташаа ойлголттой олон хүн шинэ Засгийн газраас айсандаа хөдөлж чадаагүй аж. 

Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 3-5 дахин томорлоо. Энэ нь өмнө гаргасан өршөөлийн хуулийг ашигласан хүмүүсийн орлого юм. Өөрөөр хэлбэл, 2008 оноос эхлэн тэдний зах зээл нь 3-5 дахин өссөн гэсэн үг.  Нөгөө ашиглаж чадаагүй 98 хувийнх нь орлого 2-3 дахин багасчээ. Нэг ёсондоо зах зээлээ алдчихаад байгаа юм. Ингээд л “Төр гаргасан хуулиа нэг хэсэгт нь ашиглуулаад нөгөөд нь тэнцвэртэй ашиглуулаагүй учраас сүүлийн жилүүдэд төрийн оролцоотой монополиуд далдалсан мөнгөн дээрээ босоод ирсэн. Тэд одоо улс төр рүү орж, эрх мэдэл булаацалдахаар тэмүүлж байна” гэх хэл ам татлах болов.

Учир нь манай ихэнх мөнгө данс тооцоо нь ил гарсан хүмүүст төвлөрч чаджээ. Гэтэл тэд энэ их мөнгийг уул уурхайд оруулчихсан. Харин одоо тэр бизнес нь “шатчихсан” гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, монголчууд одоо том, жижиггүй ижил, тэгш гараан дээр л байна. Тиймээс өнөөдөр Эдийн засгийн өршөөлийн хууль гаргаач гэдэгт олон хүний санал нэгджээ.

Харин дараа нь төр, ААН, хувь хүний санхүүг шинэ гараанаас эхэлж бүртгэе, үүндээ үнэнч хандая гэж байна. Хуулиа гаргачихвал 2014 оны есдүгээр сараас эсвэл 2015 оноос эхлэн шинэчлэн бүртгэхэд болохоор аж. “Хэрэв бид үүнийг хийхгүй бол эдийн засгийн хөгжил боомилогдож байна. Эдийн засаг долоон их наяд төгрөгт эргэлдэж байгаа хэр нь төгрөг 30 хувиар суларчихлаа. Энэ нь мөнгөө шингээж чадахгүй байгааг ха­руулж байна. Яагаад ийм байдалд хүрэв гэвэл бүгдээрээ хуурамч тайлан баланстай. Тиймээс одоо санхүүгийн шинэчлэл хийхгүй бол бүгдээрээ л томорч чадахгүй. Үү­нийгээ дагаад ямар ч өрсөлдөөнгүй болж, монопольчлогдоод эдийн засаг хөгжихгүй. Компанийн үнэ цэнийн 40 хувь санхүүгийн бүртгэлдээ байдаг шүү дээ” хэмээн эдийн засагчид ярьж байна. 

Манай улсад одоогоор 73 мянган компани үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдний дийлэнхэд нь Эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд 20 сая төгрөгийн орлогоо нуувал бүгдийг хураалгана, тэр битгий хэл таван жилийн ял авах ёстой гээд заачихсан. Гэтэл 2008 оны өршөөлийн хуулийн дараа 852 компанийн дөрвөн тэрбум ам.доллар гараад ирсэн байх юм. Гэтэл тухайн үед улсын төсөв нэг тэрбум ам.долларт хүрэхтэй, үгүйтэй байжээ. Тэгвэл энэ их мөнгийг хэн нуулцсан юм бэ. Төр өөрөө. Тиймээс одоо санхүүгийн реформ хийе. Өөрөөр хэлбэл, том, жижиггүй бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!

Г.ГАНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • марка 2014-05-10 02:18:58
    ЦАГ ҮЕЭ ОЛСОН ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДСӨН БАЙНА.БИ ДЭМЖИЖ БАЙНА.ЗАСГИЙН ГАЗАР НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭЭД ТОМ ЖИЖИГ ЯЛГАЛГҮЙ НЭГ ГАРААНААС МАРШ ..МӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ Х ТАЙЛАНТАЙ ААН ҮҮДИЙГ ТОРГУУЛЬГҮЙ БАЛАНСЫГ НЬ БАТАЛГААЖУУЛААД ҮҮНЭЭС ЦААШ НО.. ШҮҮДЭЭ ГЭВЭЛ БАС
    182.160.5.254
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2014-05-09 03:40:35
    Их зөв зүйлийг хөндөн тавьсан байна. АН- одоо л нэг бүтэн багаараа төрийг удирдаж байгаа энэ үедээ өршөөлийн хууль гаргачихвал монголын бүх ААН-үд , татвар төлөгчид үнэхээр их талархах байх. Үүгээр ч зогсохгүй ижил тэгш гарааны нөхцөлийг шударгаар бүрдүүл
    202.131.225.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗӨВ 2014-05-09 02:14:57
    ТАТВАРЫН ИЙМЭРХҮҮ ӨРШӨӨЛИЙГ БҮХ Л УЛСУУД ТОДОРХОЙ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ МОНГОЛД Ч ЦАГ НЬ БОЛСОН БАЙЖ МАГАДГҮЙ
    112.72.13.147
    Мэдэгдсэн Хариулах