Мазаалай баавгайг үндэсний бахархал болгоно
НҮБ-аас 1994 онд жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг “Цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Харин манай улс цөлжилттэй тэмцэх өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Энэ жил БОНХЯ-аас дэлхийн “Цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан, НҮБ-ын Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “ЦӨЛЖИЛТ БА МАЗААЛАЙ” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний дагуу НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд “Мазаалай баавгай хамгаалах хөтөлбөр”-ийн төслийг боловсронгуй болгох, санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хөтөлбөрийн зорилго нь говийн экосистемийн дахин үл давтагдах өвөрмөц тогтолцоо, түүний хэвийн үйл ажиллагааг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги, тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг Алтайн өвөр говийн бүхий л бүс нутагт хэрэгжүүлэх замаар мазаалай баавгай болон түүний амьдрах орчинг хамгаалахад чиглэжээ.
 
Уг хэлэлцүүлэгт БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ШУА, Биологийн хүрээлэн мэргэжилтэн Т.Одбаяр, БОНХЯ, Хөрс цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны мэргэжилтэн Д.Баярбат, А.Хауленбек, БОНХЯ-ны ахлах мэргэжилтэн Ё.Онон, БОНХЯ-ны мэргэжилтэн А.Баясгалан нар оролцож хийж буй ажлынхаа талаар тайлагнасан юм. Хэлэлцүүлгээр манай орны уур амьсгалын өөрчлөлт болон нэн ховор амьтан болох “Мазаалай”-н амьдрах орчны талаар хэлэлцсэн юм.
 
Тухайлбал, Монгол улсын хувьд 2010 оны судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилттэй байна гэсэн дүн гарчээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам бүр эрчимжиж байгаа цөлжилт байгалийн өмнө тулгарч буй хамгийн том асуудал болоод байгаа билээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газраас гаргасан тодорхойлолтоор манай орны газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагтхамрагдаж байгаа тооцоо гарчээ. Цөлжилтөд байгалийн хүчин зүйлээс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг болох нь тогтоогдоод байгаа. Хүний буруутай үйл ажиллагаа гэдэг нь уул
уурхайн нөхөн бэргээх асуудал бүрэн хийгдээгүй, бэлчээрийн талхлалтыг нэмэгдүүлж буй, ой модыг хууль бусаар ашиглаж байгаа зэрэг олон асуудал нөлөөлж байгаа юм. Цөлжилт явагдсанаар газрын үржил шим алдагдаж, ургамал ургахгүй болж малын иддэггүй өвс ихээр ургадаг гэнэ. Үүнээс үүдэн хөрсний элэгдэл эвдэрлийг үүсгэж газрын доройтлыг бий болгосноор хүн ам, амьтан, ургамал, аж ахуйн хэлбэр, зах зээлийн урсгалд сөрөг нөлөө үзүүлэх төвшинд хүрээд байгаа ажээ.
 
Цаашилбал, амьтан ургамал, тэр дунаа “Говийн баавгай” гэж нэрлэгддэг “Мазаалай”-д ихээхэн хор уршиг учруулаад байгаа юм. Дэлхийд нийт “цагаан, хүрэн, хар, агуйн, азийн, залхуу, английн, панда” гэсэн найман зүйлийн 13 бие даасан дэд зүйлийн баавгай байдаг. Мазаалай баавгай нь Гималайн хүрэн, Алтайн нуруунд тархсан хүрэн баавгайнаас 5-9 мянган жилийн өмнө тусгаарлагдсан “бие даасан дэд зүйл” болохыг 2014 онд АНУ-ын Айдохогийн их сургуулийн генетикийн лаборторид хийсэн судалгаа нотолсон байна. Манай оронд 2010 онд мазаалай баавгайн генетик фингепринтийн судалгааг хийж, хамгийн багадаа 22-31 толгой гэж тооцоолсон байна. Мөн мазаалай баавгайн үсний дээжинд бодгаль ялгах судалгаа хийсний дүнд найман эм, 14 эр мазаалай байна гэж тодорхойлжээ.
 
Алтайн өвөр говийн эрс тэрс уур амьсгалтай, ургамал бүрхэвч сийрэг, тэжээлийн нөөц хомс, хэт гандуу цөлд цөөн тоогоор амьдарч байгаа энэхүү баавгай нь дэлхийн бусад баавгайнаас экологийн хувьд эрс ялгагдах онцлогтой аж. Манай орны уур амьсгалийн дулаарал, хур тундасны хэмжээ багасах, цөлжилт эрчимжих, булаг шанд ширгэх ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас зэрлэг амьтдад үзүүлэх нөлөө ихсэж байна. Тэр дундаа Мазаалайд үзүүлэх нөлөө их байгаа гэнэ.
 
Тиймээс “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийн нэгдүгээр хавсралтад мазаалайг бүртгүүлжээ. “Мазаалай баавгай хамгаалах хөтөлбөр”- ийн хүрээнд мазаалай баавгайн амьдрах орчинд усан хангамжийг гурав дахин нэмэгдүүлэх, хур тундсыг зориудаар үүсгэх, идэш тэжээлийг нь тарималжуулах гэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна. Мазаалай баавгайн байршил нутгийг хамгаалахад түлхүү анхаарч ажилласны дүнд тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд бүрэн хамруулжээ. Ингэснээр мазаалай баавгайг хамгаалахад илүү тохиромжтой болж байгаа гэнэ.
 
Хөтөлбөрийг 2014-2030 оны хооронд хэрэгжүүлэх юм байна. Үүний үр дүнд мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэх, үр хөврөлийг хадгалах, шилжүүлэн суулгах, сэргээн нутагшуулах, иж бүрэн судалгаа шинжилгээ хийж нөөцийг хамгаалах, орчны бохирдлыг тандах судлах, хяналт шинжилгээний болон удмын сангийн лаборатори байгуулагдана гэсэн зорилттой байгаа ажээ. 2014 онд хийсэн судалгааны үр дүнд мазаалай баавгайг устахаас аварч, түүний тоо толгойг нэмэгдүүлэх нь зөвхөн Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг төдийгүй, дэлхий нийт энэ зүйл амьтныг хамгаалахад анхаарал хандуулж, оролцох шаардлагатай гэдгийг баталсан ажээ. Тиймээс хүрэн баавгайн хамгийн эртний өвөг болох мазаалайг судлаачид баавгайн 14 дэхь бие даасан дэд зүйл гэдгийг олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Түүнчлэн мазаалай баавгайг “Үндэсний бахархал” болгох зорилготой юм байна.
Монголын мэдээ
Б.Пагмасүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • заза 2014-06-19 02:49:51
    Зөв зөв дэмжиж байна
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах