Ц.Буяндалай: 3000 гаруй өрх зээлд хамрагдана
Нийслэлийн засаг даргын хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайтай ярилцлаа.

-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэд рүүгээ чиглэсэн ямар томоохон ажил амжуулав. Энэ асуултаар яриагаа эхэлье?

-Энэ ажлыг аваад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд багагүй ажил амжууллаа. Үүний нэг нь "Бичил бизнесийг дэмжих сангийн хөтөлбөр"-ийг боловсруулж, нийслэлийн ИТХ-аар батлууллаа. Нийслэл анх удаа "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг боловсруулсан. Нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн нийслэлийн 2014 оны төсөвт бизнесийг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн байгаа.

Иргэд бичил бизнес эрхлэх хүсэлтэй байна гэдгийг тодорхойлж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж, энэ санхүүжилтийг хэрхэн хуваарилах, ямар зарчмаар иргэдэд олгох вэ гэдгийг бид судлаж үзсэний үндсэн дээр “Бичил бизнесийг дэмжих сангийн хөтөлбөр’’-ийг боловсруулж, энэ ажил эхэлсэн. Энэхүү хөтөлбөрөөр орлого багатай иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний амжиргааны түвшинг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой болж байгаа юм. Бид энэ хөтөлбөрийг аль болох олон шат дамжлагагүйгээр хэрэгжүүлэх, зорилтот бүлэгт хүргэх үүднээс эрх мэдлийг тухайн хорооны иргэдэд олгох юм. Хорооны иргэд сайн дураараа нэгдэж, удирдлагаа сонгож, хөрөнгө мөнгийг зарцуулахдаа хамтын шийдвэр гаргаж, хөтөлбөрийг өөрсдөө хэрэгжүүлж, хяналт тавьж, үр дүнг нь тооцож байх юм. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэснээр хамгийн багадаа гурван мянган өрх таван сая хүртэлх төгрөгийн зээл авч, өрхийн аж ахуй эрхлэх боломж нээгдэж байгаа.
 
-Зээлийн хэмжээг цаанаас нь зааж өгсөн үү. Тухайн иргэний хүсэлт дээр тулгуурлах юмуу?
 
-Заавал таван сая гэхгүй. Хэмжээ нь өөрчлөгдөж болно. Зээлд хамрагдаж чаддаггүй иргэд маань энэхүү зээлд хамрагдах бүрэн боломжтой. Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох юм. Энэ сан маань ашгийн төлөө бус. Тиймээс зээлийн хүүнээс олсон орлого нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд л зарцуулагдана.
 
-Энэхүү хөтөлбөрт хамрагдах иргэд яг хэзээнээс мөнгөө авах боломжтой вэ. Одоогоор энэ ажил ямар шатандаа явж байгаа бол?
 
-Бид зээлийг хамгийн таатай, хялбар нөхцөлөөр олгох хуулийн хэлбэр болох Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан зээлүүлэх боломжтой гэж үзсэн. Ирэх сард хороодуудад зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, ашгийн төлөө бус, сайн дурын гишүүнчлэлтэй, ардчилсан удирдлага, хамтын шийдвэр, хамтын хяналттай хараат бус бие даасан хадгаламж зээлийн хоршоод байгуулагдана. Харин наймдугаар сард мөнгөө олгоно гэсэн зорилго тавиад ажиллаж бай­на. Хороо бүр дээр байгууллага байгуулагдаад тэр нь асуудлаа шийдээд явах учраас тодорхой хэмжээний цаг хугацаа орох байх? Бид ажил хийхдээ хурдан түргэн хийх гээд алдаа гаргах нь бий. Тиймээс энэ сангийн мөнгийг зөв хүнд нь өгөхийн тулд сайн ажиллах ёстой. Энэ ажил дээр манай нийслэл хотын бүх иргэд идэвхи санаачлагтай оролцоосой гэж хүсч байгаа.
 
-Бичил зээлдэгч иргэдийн өмнө тулгардаг нэг асуудал бол бүтээгдэхүүний борлуулалт байдаг шүү дээ. Сангаас мөнгө зээлж, үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэдийн борлуулалтын асуудлыг яаж шийдэх вэ?
 
-Өмнө нь бичил бизнесийг дэмжих олон төсөл хөтөлбөр
хэрэгждэг байсан. Харамсалтай нь иргэдэд зөвхөн зээл олгоод л орхидог, тухайн зээ­лийг зориулалтаар нь ашиглаж байна уу , эргүүлж төлж үү гэдэг тал дээр хяналт тавьж байгаагүй. Харин бид бол өөр. Маш сайн хяналт тавьж ажиллана. Энэ мөнгө бол цөөн хэдэн хүмүүст олгох мөнгө биш. Тухайн хорооны иргэдэд өгсөн мөнгө.
 
Нэг хүн зээлээ төлж дуусахад дараагийн хүн тэр мөнгийг нь зээлж авч байх юм. Тиймээс иргэд зээл авсан хүн бизнесээ хийж байна уу үгүй юу гэдгийн өөрсдөө хянаж байх болно. Үүнээс гадна бид зээл авах иргэддээ зориулсан сургалтуудыг зохион байгуулна. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь ч анхаарч ажиллана. Төрийн байгууллагуудын зах зээл дээрээс худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж, энэ бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж чадах бизнес эрхлэгчидтэй нь холбож өгөх бодлогыг хэрэгжүүлэх юм.
 
-Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил маш их хийгдэж байна. Харин тэдгээр дээр ажиллаж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр нийслэл ямар оролцоотой байдаг вэ. Зөв­хөн Мэргэжлийн хяналтын газарт даатгаад орхидог уу. Эсвэл ямар нэгэн оролцоотой байдаг юм уу?
 
- Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хөдөлмөр аюулгүй ажиллагааны стандартыг дагаж мөрддөггүйгээс болж эрдэнэт хүний амь нас эрсэдсан харамсалтай хэргүүд гарсаар байгаа. Нийслэл дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нэг ажилтан байдаг. Мөн аюулгүй байдлыг хангаж ажиллах олон журам, дүрэм, хууль бий. Харамсалтай нь манай барилгын компаниуд энэ дүрэм журам, зааврыг мөрдөж ажиллаж чаддаггүйн улмаас бусдыг хохироодог. Тиймээс өнгөрсөн нийслэлийн шуурхай хурал дээр Засаг даргын зүгээс чиглэл өгсөн байгаа.
 
-Өнгөрсөн жил бүтээн байгуулалттай холбоотой хүний амь эрсдсэн тохиолдол цөөнгүй олон гарсан. Асуудлын дараа ямар арга хэмжээ авч ажиллав?
 
-Энэ хэргүүдийг хуулийн байгуул­лага шалгаж, шүүхээр гэм буруутайг нь тогтоон ял оноосон. Цаашид ийм хэрэг, осол аваар гаргахгүйн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа мөрдөж, дү­рэм журмаа сахиж ажиллахыг аж ахуйн нэгжүүдээс шаардаж байгаа.
 
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зам тээвэр, барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуй нэгж байгуулагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн сургалт сурталчилгаа хийх, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хөдөлмөрийн нөхцөлийн төлөв байдалд судалгаа дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг төрийн, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, барилгын салбарт ажиллагсдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг багасгах зорилгоор “Эрүүл барилгачин" аян өрнүүлэх, ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан гарын авлага боловсруулах зэрэг шат дараатай олон ажил зохион байгуулж байна.
 
-Урин дулааны цаг ирж, оюутан залуучууд амарсан байгаа энэ үед түр ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийж байна?
 
-Оюутнуудын өдөр тутмын хэрэглээгээ хангах, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болох, төлөвших, ажлын байранд дадлагажих зэрэг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай уялдуулан “Оюутны хөдөлмөрийн бирж”, их дээд сургууль коллеж, МСҮТ-д “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-үүдийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын зүгээс энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдтай хэд хэдэн уулзалт хийсэн. Оюутнуудыг хичээлийн бус цагаараа түр болон цагаар хөдөлмөр эрхлэх орлогоо нэмэгдүүлэх, суралцаж буй мэргэжлийнх нь дагуу аж ахуйн нэгж байгууллагуудад дадлагажих цаашид цагаар хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бүрдүүлж, ажил олгогч байгууллагыг дэмжих зорилгоор “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.
 
Хөтөлбөрт, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн өрхийн 15-35 насны залуучууд болон их, дээд сургууль, коллеж, мэргэж­лийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй оюутан залуучууд хамрагдаж байгаа. Гэхдээ хөтөлбөр маань бүрэн утгааараа хэрэгжиж чадаж байна уу гэвэл би “үгүй” гэж хариулна. Гаднын улсад бол оюутан залуучуудынх нь 80 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Гэтэл манайд арав гаруй хувь нь л ажил хийдэг. Тиймээс оюутан залуучуудаа ажиллуулах менежментийг илүү сайн хийж, илүү олон залуучуудыг хөдөл­мөрийн зах зээл дээр гаргаж ирэх шаардлагатай байгаа юм. Удахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулинд оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хэд, хэдэн заалт бий.  Энэ хууль батлагдвал тодорхой  хэмжээний үр дүн гарах байх.
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.