Авьяаслаг монголчуудын дуулианы ард авьяаслаг удирдагч амжуулсаар уу?

Монголын улс төрийн зовлон монгол орны амьдралыг тартагт нь тултал идэж дуусч байна гэх дүгнэлтийг олон нийт нь одоо л эргэлзэхгүйгээр хүлээж авч байх шиг байна. Холоос тойруулалгүйгээр шууд хэлэхэд 1990 оны хувьсгалаас хойшхи давалгаанд 25 жил сэгсрэгдсэн ард түмэн чухамхүү эдэлж ирсэн энэ зовлонгийнхоо үүдлийг улс төр суурьтай “эд” гэдгийг баттай мэдэж авлаа. Асар их үнээр л харин мэдэж авч байна даа.

Хувьсгал импортолж ирсэн нөхөд маань өнгөрсөн хориод жилийн турш өөр зуураа “тулалдсаар” энэ оронд ардчиллыг ч, ардчиллын төлөөх намуудыг ч төлөвшүүлж чадсангүй. Одоо амь бөхтэй тэсч ирсэн сөрөг хүчнээ “үрээд” хамтдаа өнхөрч явна. Улс төрийн зүгээс ирж биднийг бишрүүлж буй энэ өвлийн хамгийн том шоуг манай авьяаслаг нэгэн улстөрч “үзэгчид”-ийн өмнө дэлгэж тавиад cap гаруй хугацаа өнгөрсөн ч олон түмэн “Авьяаслаг монголчууд” гэх өөр нэгэн амтлаг шоу үзэж суусаар анзааралгүй өнгөрөв.

Чухамхүү тэр шоу одоо улам таагүй, улам таамаглашгүй байдлаар үргэлжилж байна. Ямар гээч дуулианы тухай ярьж байгааг одоо уншигч авхай та мэдэрч эхэлж байна уу.

Тийм ээ, 17 жил Монголын улс төрийн цорын ганц далд зовлон болж ирсэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гэнэт сонгууль угтсан энэ хүйтэн өвлийн сард амилан босч ирлээ. Гэхдээ бүр нэлээн итгэл үнэмшил дагуулсан баримттайгаар. Тэрхүү баримт нь мэдээж талийгаачийн гэргий, энэ хэргийн цорын ганц амьд гэрч хатаггай Б.Булганыг гэнэт гэрээс нь баривчилсан явдал болж байна. Өнөөдрийн байдлаар Б.Булган яллагдагч болсон нь тодорхой боллоо. Учир нь тэр 17 жилийн турш л “сэжигтэн”-ий амьдралаар аж төрж ирсэн шүү дээ. Ганц тэр ч биш олон түмний хардлаган дунд нэг хоёр улстөрч цээжиндээ цэртэй л амьдарсан гэдэг нь бас үнэн билээ.

Нэг үеэ бодвол манай олон нийт иймэрхүү чих дэлдийлгэсэн үйл явдлуудад ханаран итгэж, дуу дуугаа авалцахаа байсан ч юм шиг. Энэ өөрчлөлт саяын дуулианы дараах уур амьсгалаас батлагдан харагдах шиг болсон. Зарим шинжээч Б.Булганыг ямар нэгэн золгүй зохиомжийн золиосонд үрэгдэх юм биш биз дээ гэж үзэж байхад, зарим нь сонгууль угтсан гол тоглоомоор арай энэ хэргийг сонгосон юм биш гэж эргэлзэж байгаа юм. Тэгэхээр тэд тийм амархан итгэхгүй байна. Тэдний итгэл хямдхан биш болжээ гэсэн үг. Олон нийтийн чөлөөт индрүүдээр “Сонгуулийн шоу” гэх дүгнэлтүүд урссан нь ч дээрх дүгнэлтийг баталж байх шиг.

Нөгөө талдаа ийм хэмжээний шийдвэрүүд зүгээр л урсгалаар, хүчний байгууллагын аль нэгэн статусын нэрийн ард гарах бололцоогүй. Үнэн хэрэгтээ ганц хоёрхон том “гар”-ын оролцоотой л гарч чадах хэмжээний шийдвэр шүү дээ. Энэ талаас нь нухацтай харах гэж хичээвэл С.Зоригийн гэх эл хэргийг сугалан авч “ард нь гарсан болж зарлаад, хаах” аюултай сценари зохиогдсон байхыг үгүйсгэхэд бэрх тооцоо харагдаж байгаа юм. Манай хар масс “Гарцаагүй л энэ хэд маань хэргийн ээдрээний учгийг атгаж дээ” гэж хүлээж авна. Хүлээж авахуулна. Том төвшний технологи ашиглана. Тэгэхээс ч өөр аргагүй. Учир нь энэ хэрэг эл хувьсгалын тойронд гарч ирсэн хэдэн лидерийн сүүлийн хориод жилийнх нь тэмцлийн “бай” байсаар ирсэн шүү дээ. Зарим ажиглагч энэ талаас нь илүү харж байгаа нь ч ийм учиртай. Айдас хүйдэс одоо төрж байна.

Яагаад?

Эрх баригч хүчний хувьд үнэхээр энэ хэргийг сонгуулийн хөзөр болгохоор “сонгосон” бол төдий чинээ эмгэнэлтэй золиосууд хийгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр манай олон нийт энэ хэргийн хувь заяанд маш сонор сэрэмжтэй хандах цаг одоо иржээ гэсэн үг. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэх юм шиг байна гэх далд сурталчилгаа мөн л сонгууль болгоны өмнө явсаар ирсэн. Энэ сэдвийг барьж гүйдэг нөхөд мөн төдий хугацааны турш амь бөхтэй байсаар ирснийг бид санах учиртай. С.Зоригийг хөнөөсөн энэ эмгэнэлт хэрэг хэдэн нөхдийн тоглоом байсаар ирснийг, Б.Булган гэх эмэгтэйг дагадаг домгууд тэдний нэг нэгэндээ тохдог зохиол байсаар ирснийг мартах ёсгүй юм.

Өгүүллийнхээ эхэнд нэгэн өгүүлбэр хэлснийг эрхэм уншигч эргэн санаж байгаа биз ээ. Зовлонт хэрэг буюу Зоригийн ээдрээт хэрэг Монголын ардчиллыг, ардчиллын төлөөх улс төрийн бүх хүчнүүдийг, ардчилагч нэртэй хэдэн улстөрчдийг ч баллаж ирсэн бол одоо огцом эргэлт хийн сөрөг хүчнийг чиглэн эргэсэн нь энэ удаагийн хувьд шинэ ЗҮГ юм.

Яагаад гэвэл, энэ хэргийн улмаас талийгаачийн гэргийг 17 жилийн дараа дахин баривчилж хорьж байгаатай хавсран Орхон аймгийн харьяат дөрвөн иргэнийг мөн баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Жил шахам хугацааны өмнө барьж хорьсон эрэгтэй эмэгтэй хоёр иргэн талийгаачийг бүрэлгэсэн гэмтнүүд байх магадлал үнэхээр бий юү. Байж болно. Байж болох болохдоо тэр нь одоогоос 14 жилийн өмнө онгоцны ослоор харамсалтайгаар амь насаа алдсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёр байсан байж болох уу. Энэ бол сүүлийн үед хүмүүсийн гуниг харууслыг сэдрээн түгэж буй мэдээлэл юм.

Ш.Отгонбилэг бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин МАН-ын гишүүн, улс орондоо алдар суугаа цуурайтуулсан эрхэм байсныг бид мэднэ. Ямар учраас сонгууль ойртсон энэ үед түүний ажиллаж амьдарч байсан Эрдэнэт хотоос сэжигтэн баривчилсан төдийгүй, тэр нөхөд нь Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр байсан гэх итгэх аргагүй домог гарч ирэв ээ.

Ийм л явдал болж байна. Үнэхээр ч Эрдэнэтээс 40 гаруй насны эрийг баривчилсан, тийнхүү барьж явахдаа гэрийнхэнд нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилж байна гэж хэлсэн баримт байна. Хүүгээ гэнэт ийм аймшигт хэргээр баривчлагдсаныг сонссон ээж нь араас нь уйгагүй эрж хайсан, явсан. Эцэст нь 461 дүгээр хорих ангид хоригдож байгааг нь олж мэдсэн байх юм.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж, эцэж цуцахгүй явсан ээжийг харин О.Баасанхүүгийн хажуугаар Л.Цог “олж” аваад уулзсан нь сонин. Л.Цог бол Н.Энхбаярт очих сэжүүрийн хөтөч болох магадлал бас бий. Н.Энхбаярт энэ хэргийг “барьж алхах” сонирхол ч байхыг үгүйсгэх аргагүй. Харин О.Баасанхүү бол одоо энэ хэргийн талаарх мэдээлэл түгээсэн нэгэн гол түгээгч мөн үү гэвэл мөн. Одоогоор энэ дуулиантай холбогдуулж талийгаач Ш.Отгонбилэгийн хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийгээд байна. (Дашрамд хэлэхэд тэр эцгийнх нь овог болсон Эрдэнэт гэх үйлдвэрийн хотоос УИХ-д сонгогдож орж ирсэн гишүүн билээ) Мэдээж тэр хүүгийн хувьд золгүй байддаар амь насаа алдсан аавынхаа дурсгалыг хамгаалах үүрэгтэй хүн. Энэ үүргийнх нь төлөө түүний хийсэн алхамд олон нийт хүндэтгэлтэй хандаж буй нь ч харагдаж байна. Харин С.Зоригийн ар гэрээс хэн ч дугараагүй байна. Баригдаж хоригдоод буй Б.Булганы ар гэрээс мөн адил.

Олон жил элдвийн сзжиг таамаг, хар сэр дагуулсан энэ хэргийг тойрсон дуулиан ийнхүү үргэлжилж байна.

Эх сурвалж: "Үндсэсний шуудан" сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бурхан 2015-12-16 04:10:55
    Үхсэн хүн үг хэлэх биш гээд Отгонбилэг агсаныг алуурчин болгоод хэргийг хаах гэж байна уу??????
  • Зочин 2015-12-16 02:09:16
    Одоо явж явж нөгөө цорын ганц гэрч болох эмэгтэйгээр оролдож эхлэх шив муусайн луйварчингууд өөрсдөөсөө хайгаасай тэр алуурчнаа
  • Зочин 2015-12-15 08:52:35
    Энэ авьяаслаг Монголчуудтай ямар холбоотой юм бэ, үндэсний шуудан сонин минь
  • zochin 2015-12-15 08:49:50
    Tuuh n aldaag ahin davtah nee. Zorig n hereg, otgonbileg n hereg geed baahan helmegduulelt hiigeed daraa n araasan tsagaatgah ajil hiih buz. EMEGNELTEI yum da