Европ хүрэх гэж Эгейн тэнгисийг сэлж гаталсан Сирийн дүрвэгч

Европт шинэ амьдрал эхлүүлэхээр зориг шулуудааад Эгейн тэнгисийг долоон цагийн дотор сэлж гатлан Туркээс Грекийн эрэгт эсэн мэнд хүрсэн Сирийн дүрвэгчийн тухай Английн “The Independent” сонинд ингэж бичжээ.

Сирийн дүрвэгч Амир Мехтр гэдэг эр Эгейн тэнгисийн аварга том давалгаа, аймшигт эргүүлгийг үл ажран долоон цагийн турш сэлсээр Туркээс Грект хүрсэн юм. Сирид тав дахь жилдээ үргэлжилж буй иргэний дайны улмаас гэр орноо алдан сохор зоосгүй үлдсэн түүнд Европ руу хүргэдэг зуучлагчдад төлөх мөнгө байгаагүй тул ийм эрсдэлтэй алхам хийхээр зориг шулууджээ.

Дамаск хотноо Сирийн усанд сэлэлтийн шигшээ багийн гишүүн байсан тэрээр Европын холбоонд очиж шинэ амьдрал эхлүүлэх цорын ганц боломж нь Туркийн эргээс Грекийн Самос арал хүртэл найм гаруй км сэлэх явдал гэж үзсэн аж. Амир Мехтр өнгөрсөн тавдугаар сард эх орноосоо Ливаны нийслэл Бейрутэд дүрвэж ирсэн цагаасаа хойш тэнгисийн эрэг дээр өдөр бүр амь дүйсэн аялалдаа эрчимтэй бэлтгэж эхэлжээ.

Тэгээд есдүгээр сард тэнгисийг сэлж гатлахад бэлэн болсон гэж үзсэн гэнэ. Тэрээр газрын зураг дээрээс Туркээс Грекийн Самос арал хүрэх нь хамгийн дөт зам болохыг тогтоожээ.     

Нэгэн шөнө Амир Мехтр Туркийн Гузелкамли хотын ойролцоо эргээс ус руу үсэрч ороод хууль бус дүрвэгчдийг эрэлхийлэх цагдаа нараас цаг гаруй нуугдан зугтахад хүрсэн гэнэ. Тэгээд баригдах аюул нэгэнт нүүрлэсэн тул ядарсан ч гэсэн усны богино өмд, малгай, нүдний шил, хамар чимхэгчтэй тэрээр Самос арлыг чиглэн сэлж эхэлжээ.

Гар утас, компьютерийн хэдэн флэш, гэр бүл, төрөлх байшингийнхаа хэдэн хуучин гэрэл зураг зэрэг эд хогшлоо ус нэвтэрдэггүй уутанд хийгээд бүсэлхийнээсээ бэхлэн уясан байна. Амир Мехтр түүнчлэн бага зэрэг үзэм авч явсан нь түүний эрч хүчээ сэлбэх цорын ганц эх үүсвэр нь байв. 

Өдгөө Шведийн дүрвэгсдийн төвд буй тэрээр, “Аяллынхаа хором бүрт би одоо үхэх нь гэж бодож байлаа. Гэвч урагшлан сэлсээр байсан юм. Алсад сүүмэлзэх хадан хясааг хараад тэнд миний ирээдүй бий гэж өөрийгөө зоригжуулж байсан даа” гэж дурсан ярьсан юм. Амир Мехтр Самос арлын эрэгт хүрээд 10 гаруй км алхаж байж боомтод хүрэн Европын холбооны албаны хүмүүстэй сая нэг уулзан дүрвэгчээр бүртгүүлжээ. Үүний дараа Европын хэд хэдэн дүрвэгсдийн хуаран дамжсаар сая нэг Шведэд ирж суурьших замдаа оржээ.

Түүний адил тэнгисийг сэлж гатлан Европт эсэн мэнд хүрсэн дүрвэгсэд цөөнгүй ч, усанд живж амь насаа алдсан хүмүүс хавьгүй олон ажээ.
 

Зууны мэдээ
Б.Түшиг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-02-18 02:40:55
    Үнэхээр биширмээр юм,бурхан түүнийг харах болтугай,түүнд аз жаргал хүсэе
  • Zochin 2016-01-17 11:50:34
    Howor l hvn bna mundag bna Saihan l amidraasai. Daa hoorhii
  • byaduu hun 2015-12-27 07:40:07
    iim humuusiig delhii ashiglah heregtei,yamar ih huch chadal we?burhan tuuniig harjee///