А.Алтанзаяа:Манай багшид өндөр үнэлгээ өгсөн
Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэг дээр олон улсын зөвлөх багш Регина болон үндэсний зөвлөн туслах багийн гишүүд 2015 онд ажиглалт хийж  өндөр үнэлгээ  өгсөн байна.  Энэ талаар 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяагаас тодрууллаа.

-Цэцэрлэгийнхээ онцлог, давуу талыг Та хэрхэн тодорхойлох вэ?

Манай цэцэрлэг хүүхдийг тоглож байх явцад нь хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг 3 жилийн өмнө өөрийн хэмжээнд боловсруулаад 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Цөм  хөтөлбөр нь хүүхэд төвтэй. Хүүхэд тоглоомоор дамжуулж аливаад суралцах, амьдрах ухаан, бусад ур чадварыг эзэмших ёстой гэсэн үзэл баримтлал дээр тулгуурладаг хөтөлбөр. Нас насны хүүхдийн онцлогт тохирсон тоглоомуудыг бий болгож, тэдгээрээс хүүхдүүд өөрсдөө сонгон тоглодог. Тасралтгүй 10 цаг үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгт хүүхэд тоглож байх явцдаа сурах ёстой. Энэ хөтөлбөрийн дагуу дүүүргийнхээ хувьд түшиц цэцэрлэг болсон. Сүүлийн 3 жил нийслэлийн 1500 гаруй багшид цэцэрлэгээ үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна эргэх холбоотой ажиллаж байна.

Түүнчлэн бид бүхий л үйл ажиллагаагаа нээлттэй байлгахыг зорьдог. Тиймээс ч манай цэцэрлэг “Таны хүүхдийн сайн сайхны төлөө тантай хамт” гэсэн уриатай. Эцэг эхийн оролцоо дэмжлэгтэй ажиллах, эцэг эхийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг. Хүүхдүүд цэцэрлэгтээ ирээд ямар хоол идэж, юу сурч, мэдэж байна гээд бүх зүйлийг нээлттэй байлгадаг. Аав ээжүүд хүссэн цагтаа ирж танилцах боломжтой. Нөгөө талаар нээлттэй үйл ажиллагаа нь цэцэрлэгт шаардлагатай байгаа зүйлст эцэг эхчүүд дэмжлэг үзүүлэх нэг гарц нь болж өгдөг юм.

-Тоглож байх явцад нь хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд ямар өөрчлөлт, амжилт гарч байна вэ?

Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүй тоглоомоор дамжин цогцоор хөгжих боломжтой нь харагдаж байна. Тухайлбал, тавиураас тоглоом авч тоглоод дараа нь буцааж тавих, тоглож байхдаа бусадтайгаа зөв харилцах, нэг нэгэндээ туслах гээд олон зүйлд суралцдаг.

Бид үйл ажиллагаа болгондоо эцэг эхчүүдийг татан оролцуулдаг. Багш нар бүлэг бүртээ фэйсбүүк хуудас нээж, өдөр тутмын үйл ажиллагаагаа фото зураг, видео бичлэгээр харуулдаг юм. Цэцэрлэгтээ ямар хоол идэж, ямар дуу сурснаас гадна тоглож байх явцдаа хүүхэд юунд суралцсаныг эцэг эхчүүд харах боломжтой.

-Сургуулийн өмнөх насны боловсролын сургалтын “Цөм хөтөлбөр” энэ хичээлийн хичлээс хэрэгжиж байгаа.  Эерэг үр дүн анзаарагдаж байна уу?

 “Цөм хөтөлбөр”-ийн агуулга, арга зүй нь багш төвт буюу уламжлалт арга зүйгээс хүүхэд төв рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа болохоор бидний үйл ажиллагаа нийцэж байна. Хөтөлбөртэйгээ нийцүүлж чанаржуулах, багш нараа улам сайн хөгжүүлэх, хүүхэд бүрт хүрч ажиллах гэсэн зорилтын маань үр дүн  харагдаж байна.  
 
-Танай цэцэрлэг дээр багшийн олон улсын стандарт нэвтрүүлэх үйл явц хэр явж байна вэ?

Олон Улсын Алхам Алхмаар Холбооны багшийн стандарт байдаг. Энэ стандартын арга зүй 36 шалгуур үзүүлэлтийн дагуу багшийн ажлыг дүгнэдэг үнэлгээний стандарттай. Энэхүү стандартын үнэлгээгээр манай цэцэрлэгийн Г.Янжмаа багштай бага бүлэгт Монгол Улсын бүсийн зөвлөх багш Регина, үндэсний зөвлөх багш нарын хамт эхний ажиглалт хийсэн юм.

Багш ямар харилцааг бий болгож байна, хүүхдүүдтэй, туслах багштай, эцэг эхтэй ямар харилцаа үүсгэж байгаа, цаашлаад багш сургалтын орчин бүрдүүлж чадсан байна уу, тэр нь хүүхдийн хэрэгцээ, хэрэглээн дээр тулгуурлаж чадаж байна уу, бий болгосон орчиндоо багш хүүхдэд хүндэтгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж чадаж байна уу, багшийн сургах арга зүй хэр байна вэ гэх мэтчилэн долоон төрлийн үйл ажиллагаан дээр хоёр цагийн ажиглалт хийсэн. Хоёр дахь үнэлгээ ажиглалтыг ирэх  намар шинэ хичээлийн жилд хүүхдүүдээ 3 нас хүрэхээр давтан хийх юм.

Стандартыг хангаж чадвал Олон улсын Алхам Алхмаар холбооны стандартыг хангасан Багшийн сертификат авах боломжтой болно. Энэ нь тухайн багшийг чадамжийг олон улсын хэмжээнд илтгэсэн өндөр үнэлэмж юм.

-Ажиглалт хийхээр танай цэцэрлэгийг сонгосны учир юу вэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтраад 21 аймаг, 9 дүүргээс тус бүр хоёр, хоёр сургууль цэцэрлэг сонгож авсан юм. Манай цэцэрлэг яг сонгож авсан цэцэрлэг нь биш. Гэхдээ хүүхэд төвт сургалт явуулж байгаа багш гэдэг утгаараа бид өөрсдөө саналаа тавьсан. Бидний саналыг хүлээн аваад, Чингэлтэй дүүргээс манай цэцэрлэгийн Г.Янжмаа, 9 дүгээр цэцэрлэгийн Б.Норжмаа, Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн Ганчимэг гэсэн 3 багшид энэ хичээлийн жилд анхны үнэлгээг хийж байгаа юм.

-Ажиглалтын дараа ямар үнэлэлт дүгнэлт өгсөн бол?

Эхний удаагийн ажиглалт буюу 2 настай хүүхдэд явуулж байгаа багшийн үйл ажиллагаа нэлээд өндөр үнэлгээ авсан. Олон улсын стандартын үнэлгээ 3 наснаас эхэлдэг. Ирэх намар 3 настай цэцэрлэгт орох суурь сайн тавигдсан байна гэж үнэлсэн.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.