М.Намсрай: Үнэнийг ингэж үнэгүйдүүлж болдог юм уу гэж гайхах байх

Монголын Үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Чингис хааны Монгол шар зурхайн цаг тооны бичгийн зохиогч, зурхайч М.Намсрайтай ярилцсанаа хүргэе.

-Тавдугаар сарын 9-ний өдөр таны болон танай холбооны хувьд тэмдэглэлт өдөр тохиож байна. 25 жилийн хуга­цаанд хийж бүтээсэн зүйлээсээ хуваалцаач?

-Монголын ард түмэндээ Монголын Үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье.

Манай холбоо “Маш согтонги” цагаан морин жилээс “Ялгуусан” хөх морин жил хүртэл 25 жил болжээ.

Миний бие 1990 оны тавдугаар сарын 9-ний өдөр физик математикийн ухааны доктор Б.Батжаргал, алдарт одон оронч С.Нинжбадгар, философич, гүн ухаанч Ш.Агваандондов, Зуухаа, Цэрэн-Очир, “Язу тарнийн сүм”-ийн Болд нартай энэ холбоогоо байгуулсан юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд ялалтын өдөр, Монгол шар зурхайн ёсоор их эзэн Чингис хааны төрсөн өдөр байсан билээ.

-Энэ холбоог ямар учраас үүсгэн байгуулсан юм бэ?

-1990 оны Цагаан сар шар зурхайн тооллоор бүтэн сараар зөрж, төгс буянт зурхайгаар хоёрдугаар сарын 27-нд шинэлэхэд бууз банш хөлдөхөө больж, маргааш нь гуравдугаар сарын 1 болж байлаа.

Малчны календарь дээр хуучин монгол үсгээр, хортой харандаагаар аавын маань тэмдэглэж байсан олон жилийн тооллын зөрөө харагдаж хэдэн зуун жилээр цагаан сараа алдаатай тэмдэглэж ирснийг засан залруулах цаг нь болсон гэж өвөг дээдсийн өв их соёлыг сэргээн шинэчлэхийн тулд нэгдсэн зохион байгуулалтад орохоор бид санаа нэгдсэн юм. 

-Анхны 10-аас та л ганцаараа холбоондоо үнэнч үлджээ. Бусад нь яасан хэрэг вэ?

-Жил хүрэхгүй хугацаанд бид их эрчимтэй ажилласан байдаг. Гандан хийдээс ч хандив авч хамтарч ажиллах талаар Далай ламын засгийн газартай харилцаж Монгол зурхайг аймаг орон нутагт сурталчлах ажил хийхийн зэрэгцээ “Морь сар” сониноо 12 сараар гаргаж эхэлсэн. Монгол хүний багаар ажиллаж сураагүйгээс болдог юмуу болж байгаа юмыг нурааж байж аль ч үгүй болгодог сэтгэлгээ ч юмуу, гадны нөлөө ч юмуу бүгдээрээ л нэг нэг юмтай болно гээд л салж эхлэхэд би Зурхайн холбоогоо бүтэн авч үлдсэн дээ.

-Социализмын үед шашин шүтэх эрх хязгаар­лагдмал ч малчны календарь хийж, малчид цагаан сараа тэмдэглэдэг байсан. Тухайн үед төгс буянт зурхайн буруу зөвийг хүмүүс мэддэг байсан болов уу?

-Миний аавын адил мэддэг хүмүүс байсан. Ихэнх нь төгс буянт зурхайг төрөлх монгол зурхай, Богд хааны үеэс хэрэглэж ирсэн мэт ойлгодог. Үнэндээ өвөг дээдэс маань хэдэн мянган жилээр үе дамжуулаад “Шарсан мах андахгүй шар зурхай” Монголынх гэж гэрээсэлсэн.

Харин миний хувьд аав минь миний алган дээр энд гал, энд ус байдаг, энэ эрхий хуруу чинь мод буюу хөх өнгө, энэ долоовор хуруу гал буюу улаан өнгө гэж бичиг үсэг ч сураагүй нялх хүүхдийн ой ухаанд хадаж өгсөн нь 1990 онд Намсрай гэдэг хүн ном сөхөж, өөрийгөө олох бүхий л боломжийг чиглүүлсэн дээ.

-Танд шар зурхайгаа зурж эхлүүлэхдээ гол барьж авсан баримт юу байв?

-Миний аав бурхан болохынхоо өмнө авдрандаа хадгалсан ном судар, манж түвд бичиг үсэгт монгол шар зурхайн олон ботийг зааж “мэрж идвэл насан туршийн хоол, барж идвэл нэг өдрийн хоол үлдээсэн шүү” гэж хэлж өгч билээ. Ийм баялаг судлагдахуун дээр үндэслэж түүхийн архивт эх хувиараа хадгалагдаж байдаг зарим нэг баримтуудыг тулган  судалж үзээд шар зурхай зөв гэж улам нот итгэсээр явна.

-Таны аав ямар ажил мэргэжилтэй хүн байв. Зурхайтай яаж холбогдсон юм бол?

-Манай аав их айдас­тай амьдардаг байсан. Авга, нагац нар нь бүгд буудуулсан. Элэнц хулан­цаас дамжиж ирсэн ном судраа үхэн үхтлээ авдрынхаа ёроолд хадгалсаар надад хүлээлгэж өгсөн. Нийтэд ил болж зурхай мэддэг гэдгээ харуулахыг огт хүсээгүй. Мөнхийн айдас дунд явсан учир надтай зурхайн талаар ярихдаа хаалгаа түгжиж байгаад ярьдаг байв. Өвөг дээдэс маань шашин номын хүмүүс байсан гэдэг. Өөрсдийнхөө хөрөнгөөр Буриад нутагт анхны модон сүмийг байгуулж, тэндээ ном судар хэвлэж барлаж байснаас надад одоог хүртэл хадгалагдаж байна.

 -Зурхай гэдэг нар, сар, од гаригсын тохиолыг хүний хувь заяатай холбон тооцдог дээд тооны ухаан. Шарсан мах андахгүй шар зурхайн онцлог?

-Монгол шар зурхайн “Үнэн”-ийг батлахын тулд жил бүр гаргадаг “Цаг тооны бичиг”-тээ байгаль цаг уурын үзэгдэл, улс төрийн үйл явдлыг бүтэн жилийн өмнөөс зурж хэлсээр ирэв.

Та миний энэ жилийн “Календарь” дээрх 56 дугаар хуудаст байгаа “Сансарын сонин” гэсэн гарчгийг унш л даа. Өнөөдөр та бид хоёр тавдугаар сарын 2-нд яриад сууж байхад зуны сар гарчихаад байхад Улаанбаатар хотод өдөржингөө цас бороо холилдон орж байна. Үүнийг би “Мичидийн угаалга” энэ өдөр болно гэж жилийн өмнө хэлсэн.

Улс төрийн хувьд “Дан давхар дээл” гээд л элдэв долоон юм ярьцгааж, төр түмэн бужигнах завшаанд 131 дүгээр хуудсанд бичсэнээр “Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдах” иймэрхүү хүмүүсийн үнэн дүр төрх нилээд тодрох, хэн нь хэн бэ гэдэг ялгарах тийм цаг үе ирсэн байна гэж бичээтэй байгаа биз. Би улс төрийг ингэж хэлдэг. Шар зурхайн онцлогийг энэ мэтээр мянга мянган баримтаар иш татан ярьж болно.

-Та ганцаараа Чингис хааны монгол шар зурхай гэж ярьсаар, бичсээр 25 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд танд ямар саад бэрхшээл тулгарч байв?

-Би тас хар үстэй танан цагаан шүдтэй залуу байхдаа анх зурхайн холбоогоо байгуулж байсан. Дандаа л шинэ зүйл хийж, эрсдэлтэй алхмаар зоригтой явж иржээ. Наад зах нь Хүннү захтай дээлийг номон дээрээс Инжинашийн зурагнаас харчихаад анх эхнэртэйгээ хоёулаа хийж өмсөөд гадуур явж байхад хүмүүс гайхан харж байсан. Одоо бол хүн бүр өмсөх болжээ. Хамгийн гол нь зурхайдаа маш их шинэчлэл хийсэн. Хаа яваа газраа цэцгийн үр цацах мэт өөрийн санаа бодлыг бусдад хүргэж, түгээж явна. Гэхдээ би 2003 он хүртэл зурхайгаа хэт туйлширч, улайрч хамгаалах гэсэн хандлагатай явж байгаагаа ухаараад “Ширүүн үгээр дайсныг хураах хорт санаагаар бусдыг хашраах тэргүүтнийг тэвчихтүн”, “Өдөр явсан явдлаа шөнө шүү”, “Ичгүүр гэмтэй явдлыг огт нууж орхихтун”, “Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг” гэдгийг ойлгоод тэр бүрт хандахаа аажмаар болиод, өдөр тутмын сонин хэвлэл, телевиз радиогоор өөрийгөө илэрхийлэх болсон.

Өнөөдөр Монголын ард түмэн миний юу хийгээд, юу яриад явааг ойлгож мэддэг болжээ. Ард түмний маань оюунлаг ихэнх нь үнэнийг дагаж, үнэнийг баримталья гэдэг болжээ.

-Нэг хэсэг Цагаан сар дөхөхөөр л зурхайч Л.Тэрбиш та хоёрын дунд маргаан дэгддэг байлаа. Энэ хугацаанд та хоёр уулзаж ярилцаж нэг ший­дэлд хүрч болоогүй юм уу?

-Бид хоёр нэг санаатай, нэгдсэн бодолтой байж нэг цаг тооны бичиг хийж, нийт ард түмнээ бодох боломжгүй юм билээ. Яагаад гэвэл хувь хүний үзэл санаа, өөр бодол биднийг нийлүүлдэггүй юм байна. 2002 онд би Тэрбишийг халз мэтгэлцээнд дуудаж байсан.

-Та хоёрын маргааны үеэр төр засаг оролцож, төгс буянтын зурхайгаар хийх шийдвэр гаргаж байсан. Магадгүй үүнээс болоод өнөөдрийг хүртэл хүмүүс төгс буянтад итгэ­сээр байдаг юм болов уу? 

-Тэр бол үнэнд гүйцэгдсэн хүмүүсийн аргаа барсан үйлдэл байсан. 2004 онд би Шинжлэх ухааны академи, Одон орон геофизикийн судалгааны эрдэмтдийн баталгаа нотолгоогоор шар зурхайг баримтлах нь зөв байна гэдгийг батлуулж, бүх ард түмний хэлэлцүүлэг хийж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди үүрэг өгснөөр бүх материалыг нэгтгэн эцсийн шийд гаргахад туслаж явсан. Гэвч Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамцын хүсэлтээр хэсэг хүмүүс нийлж Ерөн­хийлөгчид очих материалыг хүргэлгүй төгс буянтаар цагаан сараа хийх нэг жилийн хүчинтэй тогтоолыг Н.Энхбаярын засгийн газраар гаргуулсан байдаг.

-Та гар дээрээ их сонир­холтой ном барьж сууна. Түүх өгүүлэх номынхоо тухай яриач?

-Энэ хугацаанд зохион байгуулсан ажлаа Монголын ард түмэнд тайлагнах зорилгоор “Өвөг дээдсийн өв их соёл Монгол шар зурхайг өнөөдрийн та нартаа хүргэх гэж...” гэсэн нэртэй хоёр боть ном гаргалаа. Шинэ үеийн зурхайчдын үзэл санааны зөрчилдөөн, үнэний төлөөх тэмцэлдээнийг илэрхийлсэн баримтат түүхэн хоёр боть ном. Бид өвөг дээдсийнхээ өв их соёлыг 400-аад жил гадаад дотоодын элдэв үзэл суртлын нөлөөнд автуулж өнөөдрийг хүртэл маргаантай явж байгааг баримт нотолгоотой харуулах зорилготой бүтээсэн. Энэ номонд миний болон бусад хүмүүсийн олон сонирхолтой ярилцлага зурган хэлбэрээр орсон. Холбоогоо байгуулахдаа хэрхэн яаж зүтгэж, үнэнээр явсаар үхэр тэргээр туулай гүйцдэгийг өөрийн биеэр харуулснаа энэ номонд тусгасан.

-Сонингийн хайчилбар, зураг хөрөг бүхнийг яг баримт хэлбэрээр харуулсан нь сонирхол татлаа. Яагаад ийм ном бүтээх болов?

-Жил болоход л сонирхол татаж байсан олон үйл явдал мартагддаг. Би тэдэн онд тэр үйл явдлыг тэр сонинд тэгж ярьсан гэж бичсэнээс тэр ном, сонингоо бодитоор харуулах нь дээр гэж үзсэн юм. Тиймээс эх хувиар нь номондоо багтаалаа. Миний номыг уншаад хү­мүүс тухайн цаг үед ямар үйл явдал болж хэн юу хэлж яаж байсныг яг л кино үзэж байгаа юм шиг харах болно. Үнэнийг баримт нотолно. Миний номыг уншсан хүмүүс “Үнэн”ийг ингэж үнэгүйдүүлж болдог юмаа гэж гайхах байх.

-Та номоо Монгол Улсын хилийн төв цэгүүдээр аялж, судалгаа хийсэн зургуудаар чим­жээ. Судалгаа тань хэр сонирхолтой өгөөжтэй болсон бэ. Шар зурхайгаа үнэн зөв гэдгийг батал­гаажуулах олон баримттай болсон уу? 

-Монгол Улсынхаа 400-аад сум, 21 аймаг хотод очоогүй газар байхгүй. Харин хэд дахин очсон бэ гэдгийг л тоолох байх. Могой жил Монгол Улсынхаа хилийн дөрвөн цэг дээр гарч хоёр сар шахам судалгааны ажил Хилийн цэргийнхний туслалцаатай хийлээ. Надад тусласан бүх хүмүүст баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлмээр байна. Энэ ажлын үр өгөөжийг үнэлээд баршгүй. Агуу их Монгол эрдэм дэлхийн дэвжээн дээр ч тэр, ард түмнийхээ дотор ч тэр эзэнгүй тэнэж явна.

Х.МОНГОЛХАТАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-05 14:36:50
    намсрай гуайг ихэд дэмжиж байна.Та энийгээ улсын их хуралд өргөн бариад батлуулчих тэгвэл вэл ард түмэн эргэлзэхгүй
  • Zochin 2016-02-16 15:24:50
    Nomiig m haanaas olj avj boloh ve? Ene huntei yaj holbogdoj boloh ve?
  • Эрүүл мэндийн онлайн зөвлөх 2015-05-12 02:29:01
    Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс ...