“Khaan Quest-2014"-т орон орны 1200 гаруй гаруй цэрэг дайчид оролцож байна
Тив дэлхийн өнцөг булан бүрээс энх амгалангийн төлөө зүрх сэтгэлээ нэгтгэн талын Монгол оронд хуран чуулсан 23 орны төрийн далбаа энэ сарын 20-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зэрэгцэн намирч, хэл соёл, зүс царай ондоо ч бие хаа тэгш, хийморь золбоо өөдөө дайчин эрсийн уухайд нүргэлэн өнгөрлөө.

“Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургууль албан ёсоор нээлтээ хийж, ирэх сарын нэгэн хүртэл 1200 орчим цэрэг дайчид Эмнэлгийн хамтарсан ажиллагаа, Барилгын хамтарсан ажиллагаа, Команд штабын сургууль, Салааны түвшний хээрийн сургалт дадлага зэрэг төрлүүдээр хамтарсан сургуулийг хийж, туршлага солилцож, цэргийн дэг журамтай албанд мөр зэрэгцэн зүтгэхийн хамт үе тэнгийн залуусын хувиар дотносон танилцаж, спорт, урлагийн арга хэмжээ, хүмүүнлэгийн үйлст ч хамтран оролцох ажээ. Манай улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлогын бодит илэрхийлэл, бүс нутаг, олон улсын түвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй “Khaan Quest” сургуулийг анх 2003 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх бүр оролцогч орнуудын тоо өсч, хамрах хүрээ нь өргөжин тэлж байна.
Энэ жил манай улсын Зэвсэгт хүчнээс гадна АНУ-ын Номхон далай дахь хуурай замын командлал, тэнгисийн явган цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын бие бүрэлдэхүүн, Бангладеш, БНСУ зэрэг орны цэргийн баг, НАТО-гийн гишүүн орон Чех улсаас салаа, сургагч багш нар, Канад, Энэтхэг, Франц зэрэг улсаас эмнэлгийн багууд хүрэлцэн иржээ. Мөн энэ жил БНХАУ-аас анх удаа цэргийн салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулж байгаа ажээ.

Энэхүү сургууль бол орон орны цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сэтгэлзүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэн хөгжүүлэхэд юугаар ч орлуулшгүй ач холбогдолтой билээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.