Сурагчдын хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгааг сургуулийн орчинд сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний нэр төрлийг тодорхойлох, тэдгээрийн чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор ДЭМБ-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оны 2-12 сард гүйцэтгэлээ.  

Хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болох төрөл бүрийн ундаа, чихэр нь дийлэнхдээ хүнсний будагч бодис болон бусад төрлийн хүнсний нэмэлт агуулсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүн болон бүтээгдэхүүний шошгын мэдээллээр батлагдаж байна. Тухайлбал, хүнсний будагч бодис тодорхойлох шинжилгээнд хамрагдсан чихэр, ундаа, шүүсний 20 дээжийн 15-д нь буюу 75%-д нь 1-4 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн байна.

Судалгаанд хамрагдсан хүнсний бүтээгдэхүүн дотор олон улсад хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүн илрээгүй боловч ДЭМБ/ДХХААБ-ын Хүнсний Хууль Эрхийн Хорооны хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн стандартад ороогүй болон зарим улс орнуудад хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн зарим будагч бодис, бусад хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байна.

Зарим төрлийн чихэр, ундаанд агуулагдах эдгээр нэмэлт бодисууд нь харшил үүсгэх, хавдар үүсгэх, хүүхдийн сэтгэцэд нөлөөлөх зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул хүнсний бүтээгдэхүүнд, ялангуяа хүүхдийн хоол тэжээлд хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн байна. Тухайлбал, Е102, E110, E122, E124, E129 зэрэг хүнсний будагч бодисыг хүүхдэд анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг буюу ADHD (Attention deficit and hyperactivity syndrom) үүсгэдэг гэж үзсэний улмаас Норвеги, Швед, Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглож,ЕХ-нд хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхгүй байх, мөн уг нэмэлтийг агуулсан хүнсний шошгон дээр хүүхдийн анхаарал төвлөрөлт, хөдөлгөөнд идэвхид нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулга тавихыг хуульчилсан байна.

Хүнсний будагч бодисоос гадна сахар орлуулагч болох аспартам (E951), нимбэгний хүчил (E330), бикарбонатнатри (E500), глутамат натри (E621) зэрэг нэмэлт бодисууд хүнсний бүтээгдэхүүнүүдэд илэрсэн. Гэхдээ эдгээр нэмэлтүүд нь бүх бүтээгдэхүүнд ЗДХ-ээс хэтрээгүй байна. 

Глутамат натри нь хэдийгээр чипс, хоол, салатанд бага хэмжээтэй буюу ЗДХ-нд илэрсэн ч  лабораторийн шинжилгээ хийсэн бүх дээжинд илэрсэн байгаа нь энэхүү амт оруулагч нэмэлт бодисыг хүүхдүүдийн хоол, хүнсэнд түгээмэл хэрэглэж байгааг харуулж байна. Уг бодис нь төрөл бүрийн хоол амтлагч, хуурай бульон шөлнүүдэд агуулагддаг бөгөөд эдгээр амтлагчаар амталсан хоолонд глутамат натри агуулагдах боломжтой. Мөн түүнийг бэлэн хоол, чипс, хиаман бүтээгдэхүүн, нөөшилсөн бүтээгдэхүүнд нэмдэг байна.

Глутамат натрийг их хэмжээтэй агуулсан хоол хүнсийг хэрэглэсний улмаас зүрх дэлсэх, дотор муухайрах, толгой өвдөх, харшил үүсэх, багтраа өвчин сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Глутамат натрийг багтраа өвчтэй хүмүүс болон 3-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Энэхүү бодисыг байнга хэрэглэх үед амтлах мэдрэмжийг бууруулж, хамааралт байдал үүсгэдэг ба хоол боловсруулах замыг гэмтээж ходоодны үрэвсэл, шархлаа үүсгэдэг байна. Иймээс сургуулийн хоолонд энэхүү бодисыг хэрэглэхгүй байх, мөн хүүхдүүдийн дунд  чипс, бэлэн гоймон, хиам зэрэг уг нэмэлтийг агуулсан бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг багасгах нь зүйтэй юм. 

Сахрын агууламж өндөртэй, хүчиллэг ихтэй, чихэртэй ундаа ба чихэрлэг хүнс тогтмол хэрэглэх нь хүүхдийн шүдний пааланг гэмтээж шүдний өвчлөл үүсгэдэг. Бидний судалгаагаар зарим дотоодын болон импортын ундааны хүчиллэгийн хэмжээ нь стандартад заасан хэмжээнээс их байгаа нь уг хүнсийг тогтмол хэрэглэдэг хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. 

Хорт бодисын шинжилгээгээр шинжилсэн хүнсний бүтээгдэхүүнүүдэд афлатоксин, меламин зэрэг хорт бодис илрээгүй, харин алим, мандарины дээжинд дельтаметрин, прометрин, циперметрин, фенвалериат зэрэг пестицидүүд илэрсэн нь хэмжээний хувьд ЗДХ-ээс хэтрээгүй байна.

Хүнд металын шинжилгээгээр нийт шинжилсэн хоол хүнсний 123 дээжийн 3.2% буюу 4 дээжинд кадьмийн агууламж ЗДХ-ээс илүү, нийт шинжилсэн дээжийн 10.5% буюу 13 дээжинд хар тугалгын агууламж ЗДХ-ээс их хэмжээтэй илэрсэн нь анхаарал татаж байна. Кадьмийн агууламж өндөртэй хүнсэнд ундаа жүүс, хар тугалгын агууламж өндөртэй хүнсэнд төрөл бүрийн хоол, салат, эх орны үйлдвэрийн болон импортын печень, вафль, аарцны ундаа, ундаа жүүс орж байна. Цаашид хүнсний бүтээгдэхүүний хүнд металын агууламжийн судалгааг нарийвчлан хийж, статистикийн магадлал бүхий үр дүн гаргах шаардлагатай байна. 

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний шинжилсэн дээжийн 2-9.8% нь E.coli, Bacillus cereus зэрэг хоолны хордлого үүсгэх эмгэг төрөгч нянгаар бохирдсон, 3.6% нь хөгц мөөгөнцрийн бохирдолтой байна. Нянгийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүнд ихэвчлэн боловсруулж бэлтгэсний дараа тодорхой хугацаагаар хадгалж борлуулдаг хотдог, бургер, ороомог, кимбаб, бууз, хуушуур, пирошки зэрэг түргэн хоолнууд болон ширхгийн хоолнууд орж байгаа ба мөн цуйван, будаатай хуурга, шарсан зайдас, нийслэл салат зэрэг зарим хоол, салатны төрлүүд байна. Аюулгүй байдлын хувьд пирошки нь хоолны хордлого үүсгэх эрсдэлтэй хүнс болж байгаа нь судалгаанд хамрагдсан 2 сурагч тутмын нэг нь пирошкиноос хордож байсан, мөн лабораторийн шинжилгээгээр Bacillus cereus нян пирошкины шинжилсэн 3 дээжийн 2-т нь илэрснээс харагдаж байна.

Эдгээр хоолноос гадна “Боролдой” тарганд  нянгийн бохирдол илэрсэн нь энэ төрлийн хүүхдүүд өргөнөөр хэрэглэдэг жижиг савлагаатай сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл болон хадгалалтын горимд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Хөгц мөөгөнцрийн бохирдол эх орны үйлдвэрийн савласан сүү, зайрмаг, печень, ундаа, импортын зайрмаг, мандаринд илэрсэн нь эдгээр бүтээгдэхүүний хадгалалтын горим, хадгалах хугацааг анхаарч, хөгц мөөгөнцрийн бохирдол үүсэхээс сэргийлэх шаардлагатай байна. Халуун хоолноос цуйванд хөгц мөөгөнцрийн бохирдол илэрсэн нь хоолны орцонд орох гурилыг урьдчилан бэлтгэж хадгалж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Хоол хүнс нь нянгийн болон хөгц мөөгөнцрийн бохирдолтой байгаа нь сургуулийн гал тогооны хоол хүнс бэлтгэх, боловсруулах, хадгалах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага зөрчигдсөн, хоол хүнсийг бэлтгэх технологи ажиллагааны горим алдагдсаныг илтгэж байна. 

Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг баталгаат эх үүсвэрээс, лабораторийн шинжилгээний бичиг баримтыг үндэслэн сонгох шаардлагатай. Судалгааны дүнгээр хүнсний бүтээгдэхүүний 61.8 хувь нь дагалдах лабораторийн шинжилгээний бичиг байхгүй байгаа нь эрсдэлтэй, цаашид анхаарах асуудал болж байна.  

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 

Сурагчдын хоол хүнсний хэрэглээ
1.  Сурагчдын 98.4 хувь нь сургуулийн орчинд хоол хүнс тогтмол худалдан авдаг. Тэдний 46.5 хувь нь сургууль доторх, 33.9 хувь нь сургуулийн ойролцоох үйлчилгээний цэгүүдээр үйлчлүүлдэг байна.

2.  Сурагчдын хамгийн түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь ундаа, пирошки, зайрмаг, чихэр зэрэг үнэ хямд, шимт чанар муутай хоол хүнс байна.

3.  Сурагчид пирошкийг 7 хоногийн 3-4 өдөр хэрэглэдэг нь хүүхдүүдийн хамгийн их давтамжтай хэрэглэдэг бүтээгдэхүүн болж байгаа ба үнийн хувьд бусад хоолноос харьцангуй хямд байна.

4.  Охид өөрийн идэх дуртай бүтээгдэхүүнээ авах хандлагатай бол хөвгүүдийн сонголтод бэлэн мөнгөний хэмжээ, найз нөхөд илүү нөлөөлж байна. Бага бүлгийн буюу 12 хүртэлх насны сурагчдын сонголтод хүнсний зар сурталчилгаа болон эцэг эхийн зөвлөмж илүү нөлөөлж байна.

5.  Сурагчдын 17.8 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд хоол хүнс хэрэглээд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд тэдний тал хувь нь пирошкиноос болж хордсон гэж хариулжээ. Өвчилсөн гурван сурагч тутмын нэг нь жилд 2-оос дээш удаа хордлогод өртсөн бөгөөд өвчилсөн сурагчдын 43.3 хувь нь эмчид хандаагүй байна .

6.  Сурагчдын дунд хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглах дадал 70.0 хувьтай ба тэд шошгон дээрээс ихэвчлэн хадгалах хугацааг хардаг байна.
 
Хоол хүнсний хадгалалт, аюулгүй байдлын баталгаажилт

1.  Түргэн гэмтэх хоол, хүнсний бүтээгдэхүүн болох пирошки, ороомог (100%), торт, кекс, напелеон торт(88.9%), сүү, тараг (22.2%), пицца, бургер, хотдог (15%)-ыг ил задгай нөхцөлд хадгалах тохиолдол байгаа нь эдгээр бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчиж, хоолны хордлого гарах нөхцөлийг бүрдүүлж байна.

2.  Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгаажилтын дагалдах бичиг баримт нийт дээжийн 61.8 хувьд нь байхгүй байна. Тухайлбал, жимсний 88.9 хувь, чихрийн 82.4 хувь, торт, кексний 77.8 хувь,  түргэн хоолны 75 хувь нь дагалдах лабораторийн шинжилгээний бичиггүй байна.
 
Хоол, хүнсний найрлага, шим тэжээллэг чанар

1.  Сурагчид хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодис, аминдэм, эрдэс бодисоор туйлын хомс, давс, сахар, тослог ихтэй, өндөр илчлэг бүхий эрүүл бус хоол хүнсийг сургуулийн орчинд голчлон хэрэглэж байна.

2.  Сурагчдын түгээмэл хэрэглэдэг түргэн хоол, чипс, хоол, ширхгийн хоолны дийлэнх (92.5%) нь давс ихтэй бүтээгдэхүүн байна.

3.  Сурагчдын түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд ихэвчлэн чихэрлэг, тослог ихтэй бүтээгдэхүүн байгаа ба эдгээрийг сургуулийн орчинд голчлон худалдаалж байна.Тухайлбал, сахрын агууламж ихтэй чихэр, зайрмаг, ундаа, тослог ихтэй чипс, кремтэй торт кекс, жигнэмэг, шоколад зэргийг сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.
 
Хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал

1.  Сурагчдын түгээмэл хэрэглэдэг чихэр, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь ихэнхдээ хүнсний будагч бодис, сахар орлуулагч, глутамат натри зэрэг  хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байна.

2.  Чихэр, ундаанд илэрсэн зарим хүнсний будагч бодис, үл исэлдүүлэгч бодис (E102(тaртразин), Е110 (сансет шар), Е122 (азорубин, кармойзин), E129 (аллура улаан), E153 (ургамлын ногоон), Е141 (хлорфилл зэсийн нэгдэл, хлорфиллин), Е320 (бутилжсэн гидроксиланизол), Е503 (карбонат аммони))нь эрүүл мэндэд  сөрөг нөлөөтэй байж болзошгүй тул зарим улс орнуудад хүнсэнд ялангуяа хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөдөг нэмэлтүүд байна. 

3.  Хүнд металын шинжилгээгээр шинжилсэн хоол, хүнсний бүтээгдэхүүний 3.2%-д кадьми, 10.5%-д хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байна. 

4.  Нян судлалын шинжилгээгээр нийт шинжилсэн дээжийн 2-9.8% нь E.coli, Bacillus cereus зэрэг хоолны хордлого үүсгэх эмгэг төрөгч нянгийн, 3.6% нь хөгц мөөгөнцрийн бохирдолтой байна. Нянгийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүнд ихэвчлэн боловсруулж бэлтгэсний дараа тодорхой хугацаагаар хадгалж борлуулдаг хотдог, бургер, ороомог, кимбаб, бууз, хуушуур, пирошки зэрэг түргэн хоол болон ширхгийн хоолнууд, мөн цуйван, будаатай хуурга, шарсан зайдас, нийслэл салат зэрэг хоолнууд орж байна.  

ЗӨВЛӨМЖ 
 
Дараах хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн цайны газар, буфетээр худалдаалахыг хориглох, хязгаарлах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1.  Бүх төрлийн хийжүүлсэн ундаа, чихрийн агууламж 10 хувиас их буюу 40 ккал/100мл–аас их илчлэгтэй ундаа, жимсний агууламж 50 хувиас бага жимсний шүүс, сироп
2.  Чихэр, шоколад,тэдгээрийн орцтой бүх төрлийн бүтээгдэхүүн
3.  Чипс, попкорн
4.  Зайрмаг
5.  Их тосонд шарсан хоол, зууш (хуушуур, пирошки, шарсан ороомог, шарсан төмс)
6.  Маргарин, майонез, крем, тэдгээрийг агуулсан хоол, зууш
7.  Нүдэлж шарсан өндөг
8.  Кофе, энергийн ундаа
9.  Утсан хиам
10.Давсалсан, даршилсан бүтээгдэхүүнүүд
11.Цуу, кетчүп
12.Хоол амтлагч
13.Хязгаартай хэрэглэхийг зөвлөдөг дээр дурдсан будагч бодис, синтетик амт үнэр оруулагч, синтетик амт үнэр сайжруулагч, сахар орлуулагч, нөөшлөгч бодис зэрэг хүнсний нэмэлт бодис орсон хүнсний бүтээгдэхүүн
14.Лабораторийн шинжилгээний бичиггүй бүх төрлийн бүтээгдэхүүнүүд

Сургуулийн цайны газар, буфетээр худалдаалж болох дараах хүнсийг санал болгож байгаа ба мөн дараах эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.  - Үйлдвэрийн 50 хувиас доошгүй жимсний агууламжтай жимсний шүүс (чацаргана, аньс, нэрс г.м)-ээр найруулж бэлтгэсэн халуун, хүйтэн ундаа
- Тухайн өдөр нь бэлтгэсэн сахрын агууламж багатай жимсний шүүс (аньс, чацаргана, үзэм, хатаасан алим г.м)
- Цэвэр ус
2.  – Тослог, чихэр багатай жигнэмэг, нарийн боов (бүхэл үрийн гурилаар хийсэн)
-  Амталсан холимог будаа (хөц будаа, гурвалжин будаа, овьёос)
- Кремгүй кекс
3.  - Мантуун бууз, бууз
- Бага тосонд хайрсан хуушуур
- Майонезаар амтлаагүй, эрүүл хүнсний орцтой кимбаб, бургер, хачиртай талх, хотдог
- Шинэ болон жигнэсэн ногооны зууш, салат
- Чанасан өндөг
- Төрөл бүрийн 1, 2-р хоол
4.  Майонезны оронд тараг, зөөхий, цөцгий, салат амтлагч, ургамлын тос, оливийн тос, жимс ногооны шүүс (лимоны шүүс г.м) зэргээр амталсан жимс, ногооны салат
5.  Лабораторийн шинжилгээний бичигтэй, сайтар угаасан жимс (жүрж, банана зэрэг хальстай жимсийг мөн адил сайтар угааж хэрэглэх)
6.  Чихэр, давс нэмээгүй хатаасан жимс, самар
7.  Ааруул, бяслаг, аарц, сүү, тараг, хоормог
8.  Давсгүй хярам, сүүтэй цай
9.  Давс багатай хоол
10.Сургуулийн анги танхим, коридор, цайны газарт ус цэвэршүүлэгч байрлуулахСургуулийн буфетэнд худалдаалж байгаа жижиг савлагаатай тараг, үйлдвэрийн савласан сүү, зайрмаг, печень, ундаа, алим, мандарин зэрэг жимсний хадгалалтын горимыг баримталж, хөгц мөөгөнцрийн бохирдол үүсэхээс сэргийлэх
11.Сургуулийн гал тогооны хоол хүнс бэлтгэх, боловсруулах, хадгалах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хоол хүнсийг бэлтгэх технологи ажиллагааг мөрдөх, цуйван зэрэг хоолны орцыг урьдчилан бэлтгэж удаан хугацаагаар хадгалахгүй байх
12.Хотдог, бургер, ороомог, кимбаб зэрэг түргэн хоол, салат болон бусад хүйтэн зуушийг хөргүүртэй лангуунд 2 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж борлуулах
13.Бууз, хуушуур, пирошки ширхгийн хоолнууд болон бусад 1, 2 дугаар хоол зэрэг халуун хоолыг бэлтгэснээс хойш халуун баригчид 2 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж борлуулах
14.Баталгаат эх үүсвэрээс, лабораторийн шинжилгээний бичиг баримтыг үндэслэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг сонгох, эдгээр баталгаажилтын баримт бичгийг “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-ын дагуу бүртгэж хадгалах
 
Сургуулийн гаднах орчинд

Сургууль дотор дээрх хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг хориглосон боловч сургуулийн гадна байгаа дэлгүүрүүдээс дээрх бүтээгдэхүүнийг худалдан авах тохиолдол түгээмэл байна. Иймд:
1.  Сургууль цэцэрлэгээс 150-200 м-т байрлаж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалахыг хориглох, хязгаартай худалдах бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулж баталгаажуулах, мөрдүүлэх
2.  Эрсдэлтэй хүнсийг худалддаггүй өдөртэй болох
3.  Сургуулийн ойролцоох дэлгүүрүүд, хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжтэй худалдаалахыг хориглох, хязгаарлах хүнсний талаарх журмыг мөрдөх талаар харилцан тохиролцож ажиллах
Бодлого боловсруулах түвшинд
1.  Сургуулийн дотор орчинд худалдаалах, хэрэглэхийг хориглох хоол хүнсний жагсаалтыг шинэчилж мөрдүүлэх, хоол, хүнсийг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөр нь нь улаан, шар, ногоон гэсэн зэрэглэлээр ангилж шинэчилсэн журамд тусгах
2.  Сургуулийн цайны газар үйлдвэрлэх боломжтой эрүүл хоолны стандарт, жоруудыг боловсруулж, батлуулан мөрдүүлэх
3.  Сурагчдад зориулж “Эрүүл хоол”-ны талаар зөвлөмж, гарын авлага боловсруулах
4.  Сургуулийн орчинд эрүүл бус хоол хүнсний сурталчилгааг хориглох хууль эрх зүйн орчныг сайжруулах
5.  Хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартыг мөрдүүлэх
6.  Хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүний шошго хэрэглэх мэдлэг, чадварыг дээшлүүлэх
7.  Сургуулийн гадна орчинд эрүүл бус хоол хүнсний хүртээмжийг хязгаарлах бодлого боловсруулж хэрэгжүүлэх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hi 2016-02-02 04:01:40
    Xergljvvldeg bol saixn l zowlomj bna. Surguuliin zaxirluudad xvrgechix xeregtei, alban bichig, shaardlaga bolgood.
    202.9.40.1
    Мэдэгдсэн Хариулах
  • ajilchin 2016-01-22 02:33:14
    ажилчид нь банкны зээлээ төлж чадахгүй гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна
    103.57.94.128
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-01-21 03:03:20
    хүүхэд мөн ч олон луйварчинг хооллох юм даа буянтай амьтад хөөрхөс хүүхэд хооллох нэрээр луйварчидыг хооллож хүүхдийг хордуулдаг ихэвчлэн захирал гэж мундаг хү...
    202.21.116.12
    Мэдэгдсэн Хариулах