Амралтын газрыг шалгаач, О.Магнай
Зуны улиралтай золгохтой зэрэгцээд хүмүүс амралтын байдалд шилжиж, аялал зугаалгын төлөвлөгөө гаргадаг. Мөн Монгол улсын өнцөг булан бүрт байгаа амралтын газрууд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, зуслангууд ч үүдээ нээдэг. Тэр дундаа Улаанбаатар хотын ойр орчимд байгаа амралтын газрууд жинхэнэ утгаараа ажиллаж эхэлнэ дээ. Харамсалтай нь амралтын гэсэн нэр зүүсэн, хэдэн гэртэй, байшинцартай газрууд ариун цэврийн шаардлага хангахгүй, нохойн хороо шиг газарт хүн хүлээж авч байна. Мэдээж бүх амралтын газар тийм биш. Дээрээс нь зэрэглэл энэ тэр ярьвал бүр ч өөр болоод явчихна л даа.
 
Гэвч хүн боломж бололцоондоо тааруулаад амралтын газар очиж амарсан ч гэсэн ядаж цэвэрхэн, аятайхан орчинд байхыг хүсэх нь зүйн хэрэг. Гэтэл амралтын гэрийнхээ хог шороог цэвэрлэж, цагаан хэрэглэлээ сольчихож чадахгүй завхарсан газрууд тиймхэн энгийн шаардлагад нийцүүлж ажиллаж  чадахгүй л байна шүү дээ. Тиймээс МХЕГ энэ асуудалд анхаарч ажилламаар байна. Магадгүй ШӨХТГ ч гэсэн оролцоход болохгүй юмгүй.
 
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүү дээ. Наад захын жишээ татъя л даа. Зургадугаар сарын 1-нд гэр бүлийнхэнтэйгээ Зайсанд байрлах “Богдхан” амралтын газрыг зорив оо. Хотоос бага ч болов гарч, ой модны зах бараадаж, салхинд гарч, амралтын өдрийн хэдэн цагийг амралтанд тухлах санаатай очсон юм. Очоод 50 мянган төгрөгөөр нэг гэр авав. Цэвэрлэгч нь гэрээ цэвэрлэж дууссаны дараа очоод орох гэтэл юу байсан гэж санана аа. Хаалгыг нь онгойлгоход л өөдөөс шивэр шинхэг, тамхи, шар айрагны эхүүн үнэр холилдон ханхална. Цэвэрлэгч нь чухам юуг нь цэвэрлээд гарсаныг бүү мэд. Шал, хана нь тоос шороондоо дарагдсан, гэрэл гэгээ байхгүй. Орон дээр нь суухын аргагүй. Орны бүтээлэг, хөнжил, гудас нь хир даг болсон, угаагаагүй өнө удаан жил болсон юм шиг. Юун дотор нь орж суугаад, мах шарж идэнгээ тухлах. Үүдээр нь ороод л ой гутаж байгаа юм. Эргэж очоод арай дэндүү байгааг нь хэлэхэд “Өөр амралтын газар руу явчихгүй юу даа” гээд огт тоох янзгүй. Байдал ийм л байна.
 
Өнөөдөр Улаанбаатар хотын ойролцоо байгаа амралтын газрууд ердөө л архидахаар очиж байгаа нөхдийн үүр уурхай болж. Тэнд иргэд очоод цэвэрхэн, аятайхан орчинд амраад суух боломж алга. Магадгүй биеэ үнэлэгчдийн орогнодог, очдог газар болсон байж ч магадгүй. Түүнээс өөр зорилгоор, иргэдийг аятайхан амраах газар гэж харах арга байсангүй. Энэ бол наад захын л жишээ. Цаашлаад маш олон амралтын газрууд иймэрхүү л байдалтай байдаг. Тэр дундаа хүмүүсийг хүлээж авч байгаа гэрүүд нь үнэхээр хэцүү. Ерөөсөө л хэдэн шил архи аваад очиж байгаа залуусын архидах зориулалттай байрыг бэлтгэж өгч байгаа юм шиг л байдаг. Иймэрхүү газруудыг МХЕГ-ынхан шалгаад, шаардлага хангахгүйг нь хаамаар байна.
 
Тэр дундаа Улаанбаатар хотод ойрхон, Зайсан толгойд байгаа амралтын газар арай ч ийм байж болохгүй байх. Тэнд хүн архидах гэж биш амрах гэж очино гэдгийг мартчихаад байгаа нөхдийн ой санамжийг нь жаахан сэргээмээр байна. Энэ тал дээр О.Магнай дарга ч гэсэн анхаарал хандуулаасай билээ. Энд зөвхөн “Богд хан” гэдэг амралтыг заавал онцлох гэсэнгүй. Өөр иймэрхүү амралтын газар Улаанбаатар хотыг тойроод дүүрэн байгаа. Тэр бүгдийн ариун цэврийн байдлыг шалгаж үзээсэй хэмээн сануулах гэсэн юм. Хүн бүр архидах гэж амралтын газар очдоггүй. Нялх хүүхдээ тэврээд амралтад очиж, салхинд гарч байгаа залуус зөндөө л байна. Тэдэнд архи, тамхи, шивэр шинхэг ханхалсан гэр хэрэггүй биз дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine