"Бразил-2014"-ийн хамгийн ахмад болоод залуу тоглогчид
Хамгийн ахмад гурав
 
ФАРИД МОНДРАГОН
(Колумб. 42 нас)
 
Нэр нь төдийлэн түгээгүй энэ эрхэм бол Колумбийн шигшээ багийн үндсэн хаалгач. Энэ удаагийн дэлхийн аваргад оролцож буй тоглогчдоос хамгийн ахмад нь. Тэр дундаа дөч гарсан цорын ганц хөлбөмбөгчин. 21 жилийн турш эх орныхоо төлөө тууштай тоглож ирсэн тэрбээр хамгийн анх 1990 онд улсынхаа лигийн “Депортиво Кали” хэмээх багаас гараагаа эхэлжээ.
 
Тэр цагаас хойш нийт найман орны лигт таван зуу гаруй удаа тоглож, бас ч гэж хоосонгүй, нэг гоол хийгээд амжсан байна.Түүнтэй хамт тоглож байсан 1990-ээд оны эх болон дунд үеийнхнээс олонх нь зодог тайлж, зарим нь дасгалжуулагч болсон байхад мань эр л тоглосон хэвээрээ байгаа нь гайхалтай.
 
МАРИО ЙЕПЕС
(Колумб. 38 нас)
 
Багийнхаа хаалгачийн хамтаар 2014 оны ДАШТ-ий хамгийн “хөгшин хос” гэсэн нэр зүүх болсон төвийн хамгаалагч Марио Йепес хамтрагчаа бодвол арай алдартай нэгэн. Сүүлийн хэдэн жилийг Италийн “Сери А” лигийн багуудад тоглож байгаа тэрбээр нэг багт 2-3 жил л тоглодог “зуршилтай”.
 
Энэ удаагийн ДАШТ- ийг дуусгаад зодог тайлахаа мэдэгдсэн Йепес ямар ч байсан очсон баг болгондоо дажгүй тоглосны ачаар цом авч байсан тул зодог тайлахдаа тэрбээр нэг их харамсахгүй биз ээ. Харин шигшээ баг нь хамгийн сүүлд 1998 оны Францад болсон ДАШТ-д оролцсоноосоо хойш ийнхүү анх удаа эргэн ирж байна.
 
ГИОРГОС КАРАГУНИС
(Грек. 37 нас)
 
Одоогоос 10 жилийн өмнө болсон “Евро-2004” тэмцээний нээлтийн тоглолтод Португалийн эсрэг гайхалтай гоол хийж өөрийгөө таниулсан энэ тамирчин бол Грекийн шигшээ багийн ахлагч. Тухайн үеийн тэмцээний сюрприз болж Европын аваргад түрүүлсэн “цэнхэр цагаанууд” болох Грекийн шигшээ багийн гол тоглогчийн нэг бол яах аргагүй Карагунис.
 
 Тэр цагаас хойш улсын­хаа төлөө хамгийн олон буюу 134 тоглолтод оролцож, багаа ахлан тогтвортой тоглож байгаа юм. Хэдийгээр намхан нуруутай ч талбай дээр тоглож байгаа хэнд ч дээрэлхүүлэхгүй нэгэн. Бөмбөгийг удирдан, хууралт хийж, хэрэгтэй дамжуулалт хийж чаддаг түүний чадвар Грекийн шигшээгийн том тэмцээнүүдэд ороцлох гол түлхүүр нь болдог билээ.
 
Хамгийн залуу тоглогчид
 
ФАБРИС ОЛИНГА
(Камерун. 18 нас)
 
Энэ удаагийн ДАШТ-ий хам­гийн залуу хөлбөмбөгчин бо­лох Олинга анх Камерун дахь Самуэль Этогийн сангийн хөлбөмбөгийн бэлтгэлд хамрагдсанаар гараагаа эхэлжээ. Тэрбээр 1996 онд төрсөн бөгөөд Испанийн “Ла лиг”-ийн “Малага”, “Мальорка” клубийн залуучуудын багт тоглож байгаад 2012 оноос “Малага”- гийн үндсэн бүрэлдэхүүнд багтах болжээ. 2012-2013 оны улирлын “Селта” клубийн эсрэг тоглолтод 16 настай хүүг анх удаа тухайн үеийн “Малага”-г удирдаж байсан одоогийн “Манчестер Сити” клубийн дасаглжуулагч Маннуель Пеллегрини оруулж байв. Камерун залуу ч итгэлийг нь алдалгүй тоглож, “Ла лиг’’-ийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан амжилт тогтоожээ.Түүний хочийг “Жаргалтай хөлт” гэдэг бөгөөд энэ нь түүний хурд болон чадварлаг хууралтаас үүдэлтэй юм.
 
ЛЮК ШОУ
(Англи. 18 нас)
 
ДАШТ-д оролцох хамгийн ахмад тоглогчдын хос Колумбынх бол хамгийн залуу хос Английн шигшээгийнх. Люк Шоу хэмээх энэ залуугийн тоглолт өнгөрсөн улирлаас эрс сайжирч, “Соутхэм- птон”-г “Премьер лиг”-т өндөр амжилт үзүүлэхэд арын шугаманд
найдвартай тоглогч нь байж чадсан.
 
 Улирлын төгсгөлд шалгаруулдаг Английн лигийн шилдэг гарааны 11 тоглогчийн бүрэлдэхүүнд түүнийг нэрлэсэн бөгөөд бүтэн жилийн турш сайн бэлтгэлтэй байсан нь Рой Хожсоны анхаарлыг татаж, улсынхаа төлөө тоглох эрх авсан байна. Магадгүй “гурван арслан” сайн амжилт үзүүлбэл Шоу, Стерлингийн аль нь ч ДАШТ- ий шилдэг залуу тоглогчоор шалгарах боломжтой.
 
РАХИМ СТЕРЛИНГ
(Англи. 19 нас)
 
2013-2014 оны улирлын Английн “Премьер Лиг”-т “Ливер- пүүл”-ийн үзүүлсэн амжилтад түүний оруулсан хувь нэмэр маш их. Ямайк гаралтай англи залуу Рахим Стерлинг довтолгооны шугаманд Сураез болон Старриж нарын хамт олон гоол хийж ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсан. Мөн дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчинг тодруулдаг өнгөрсөн жилийн санал асуулгад 20 тамирчнаас тавдугаар байрт жагссан нь түүнийг ДАШТ- ий бүрэлдэхүүнд багтаах гол шалтгаан болсон юм.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.