Хөдөлмөрийн яам өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн бизнесийг дэмжинэ
Хөдөлмөрийн яам, нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа нийслэлийн иргэдэд зориулан “Хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Сайхан амьдрал таны гарт аян”-ыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ний өдрөөс эхлэн сарын хугацаанд зохион байгуулжээ.

Тус аяны хүрээнд хорих ангиас суллагдсан иргэд мэргэжлийн чиг баримжаа олгох, бизнесийн төсөл бичих сургалтад хамрагдаж, өөрийн бизнесийн төслийг боловсруулж харьяа яаманд ирүүлсэн юм байна. Тэгвэл шилдэг 50 бизнес төсөлд нэг сая төгрөгийн батламж гардуулах үйл ажиллагаа өчигдөр хөдөлмөрийн биржийн хурлын танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа, ШШГЕГ-ын нийгэм сэтгэлзүйн тасгийн дарга Б.Батбаяр нар оролцсон юм. Уг үйл ажиллагааг нээж, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багийн менежмент, бизнесийн санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтад өршөөлийн хуулиар суллагдсан 819 иргэн хамрагдсан. Сургалтад хамрагдсан хүмүүсээс 63 нь бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн. Ирүүлсэн төсөлтэй ажлын хэсэг танилцаж, хүн нэг бүртэй уулзан сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн батламжийг гардуулж байна. Энэхүү дэмжлэг та бүхэнд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өөрийн гэсэн орлоготой болох боломжийг олгох бөгөөд цаашид нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд тань тус болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн тус аяны хүрээнд явуулж буй сургалтыг “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо”, “Саруул ухаан”, “Нийгэм маркетинг” төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж, нийт 2070 иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хүргэжээ. Энэ үеэр нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа уг аяны болон төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулсан юм. Тэрбээр  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгийг тогтвортой ажил хийсэн 6-12 сарын хугацаанд нөхөн олгодог хуулийн тогтолцоо байдаг. Бид ажил олгогч нартай орон нутагт байгаа хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хөдөлмөр эрхлэхийг дэмжих сангаас ийм урамшуулал байгаа шүү гэдгийг сурталчилдаг.

Гэвч ажил олгогч байгууллагууд энэ хүмүүсийг авах сонирхол байдаггүй. Тэгэхээр бид аяны хүрээнд 122  иргэнийг ажилд зуучилсан. Эндээс харж байхад арга хэмжээг сурталчлаад явуулсан ч гэсэн ажилд авах сонирхол бага байсан” гэв. Энэхүү аян нь нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжсэн бөгөөд сургалт бүрийн дараа дүүрэг болгонд ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 15 ажил олгогчийн 61 ажлын байранд бүртгэл явуулж 122 иргэнийг ажилд зуучилжээ. Мөн сургалтад хамрагдсан иргэдэд тухай бүрт нь ганцаарчилсан зөвлөгөө, бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст менежментийн зөвлөгөө өгч ажилласан байна.

Түүнчлэн аяны хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх сургалтад хамруулах, хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээнд хамруулах,  ажил хөдөлмөрөөр төлөвшүүлэн дэмжин ажиллах, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Тухайлбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангийн эмэгтэйчүүдийн урласан 400 гаруй бүтээл, өршөөлийн хуулиар суллагдсан 10 иргэний 100 гаруй бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Мөн энэ аяны хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа есөн хорих ангид ял эдэлж байгаа 1072 иргэнд сэтгэлгээ өөрчлөх сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулсан аж. Энэ талаар ШШГЕГ-ын дарга Б.Батбаяр “2015 онд өршөөлийн хууль гарсан.

Өршөөлийн хуулиар гараад явах нэг асуудал л даа. Өршөөлөөр гарлаа гэхэд тэр хүмүүсийг хүлээж авах орчин маш чухал байдаг. Тухайн хүн өршөөгдөөд очих үед ар гэрийнхний харьцаа, ажил хөдөлмөр эрхлэх асуудал нь шийдэгдээгүй бол нөгөө хүмүүс  дахиад гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр. Цаашид ийм байдал үүсгэхгүйн тулд энэ аяныг зохион байгуулсан. Эхний ээлжинд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж, санхүү болон ажлын байраар хангаж тэдгээр хүмүүст нийгэмд хөлөө олоход нь тусалбал  цаашид зөв амьдраад явна гэсэн үг. Сэтгэл зүйн эмчилгээ, зөвлөгөө өгөх ажлыг бид хийдэг.

Гэхдээ хамгийн гол нь манай мэдэлд байх хугацаанд нь бид харж хамгаалдаг. Гэтэл нөгөө хүн хэсэг хугацааны дараа суллагдаж нийгэмших үед хүлээж авах орчин байхгүй болсон байна. Ээж аав нь бурхан болсон байх, эхнэр, нөхөр нь салаад явсан байх тохиохдол их гардаг. Энэ  их сэтгэл зүйн дарамтыг тэсч, ажил хийе гэхээр ажлын байр олддоггүй. Тиймээс бид эдгээр хүмүүсийн талаарх судалгаа мэдээллийг солилцож, хөдөлмөр эрхлэл­тийг нь дэмжиж ажилласан.

Хам­тарч ажиллаж байж тодор­хой хэмжээний үр дүн, амжил­тад хүрч байгаа юм. Хэрвээ манайхаас гарсан л юм чинь хамаагүй гээд хаячихвал нөгөө хүмүүс маань хаана хандахаа мэдэхээ болчихдог. Ийм үед нь л бид хамтарч туслах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тус байгууллага харьяа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөрөө дамжуулан жилд 1000 гаруй хүнийг сургалтад хамруулдаг ажээ. Түүнчлэн Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдэд боломж олгох, өөрөө өөртөө ажлын байр гаргах төсөл бичих хөтөлбөр цаашид үргэлжлэх юм байна. Гарааны бизнесийн батламж гардуулах үйл ажиллагааны үеэр өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн гарч байсан.

Энэ үзэсгэлэнд үндэсний дээл, хатгамал, эсгий урлал, шүр сувсан урлал, ууц болон тавгийн идээний цар, ташуур, хусуур, шагай найдгай зэрэг бүтээлүүд дэлгэгджээ. Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээл бүр тухайн хүний авьяас чадвар, сурсан мэдсэнийг илтгэж байсан юм. Улмаар энэхүү үйл ажиллагаа нэг сая төгрөгний батламж гардуулах ёслолоор үргэлжилсэн. Энэ үеэр шилдэг бизнес төсөл бичсэн иргэдээс төслийнх нь талаар сонирхсон юм.
 
Ж.Батчулуун: Би орчин үеийн оёдлын машин авна

-Би оёдлын үйлдвэрлэлийн талаарх бизнесийн төсөл бичсэн. Би гэрээрээ 10 гаруй жил суудлын бүрээс оёсон. Заримдаа Да хүрээ зах дээр очиж зардаг. Мөн хүүхдийн амралт, баярын өдрүүдийг тохиолдуулан монгол загварын дээлийг захиалгаар оёдог. Миний бизнесийг дэмжиж, гарааны мөнгө болгож нэг сая төгрөг өгч байгаад маш их баяртай байна. Би энэ мөнгөөрөө оёдлын машин авна. Учир нь миний хоёр оёдлын машин цаг хугацааны эрхээр хуучирч ажиллагаагүй болсон. Тэгэхээр юуны өмнө орчин үеийн хэрээс болон зузаан материалыг шулуун оёдог машин авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ миний болон гэр бүлийн маань амьдрал, өрхийн орлогод сайнаар нөлөөлөх болно.
 
н.Булгантамир: Миний бизнесийн төсөл үндэснийхээ уламжлалт тоглоомыг хүүхдүүдэд өвлүүлэх ач холбогдолтой

-Шагайгаар наадаж болох бүх л аргыг бичиж, яаж хийх талаар төсөл бичсэн. Мэдээж хийсэн тоглоомоо цэцэрлэгийн болон сургуулийн хүүхдүүдэд зарна. Одоогийн байдлаар би цэцэрлэгүүдэд зараагүй бай­гаа. Зөвхөн гэр бүл болон хамаат­нууд­даа зарсан. Энэ төсөл хүүхдүүдэд үндэсний уламжлалт тоглоомыг өв­лүүлэн үлдээх чухал ач холбогдолтой. Би гарааны мөн­гөөрөө бүтээгдэхүүнийхээ түүхий эд материалыг авна. Жишээл­бэл, шагай, эсгийний машин, олбог хийх материал авна.
 
н.Нэргүй: Гэр бүлээрээ мужааны ажил эхлүүлнэ

-Би нөхөртэйгээ хамтарч мужаа­ны ажил хийхээр төлөвлөсөн. Одоогоор ажилгүй байна. Ажил олдохгүй байгаа учраас өөрөө өөртөө ажлын байрыг бий болгохын тулд бизнес төлөвлөгөө боловсруулж явуулсан. Хүн өөрөө хөдөлмөрлөж, хичээх л юм бол болно гэж боддог. Тиймээс гэр бүлийн хүнтэйгээ хамтарч сандал, ширээ хийнэ. Энэ хэрвээ амжилт­тай байвал цаашид өргө­жүүл­нэ. Энэ мөнгөө түүхий эд, материал худалдаж авахад зарцуулна.
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.