Олимпийн өдрийн ёслол боллоо
Өнөөдөр дэлхий даяар Олимпийн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өнөөдөр олимпийн өдрийн баярын ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Тус ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд, спортын холбоодын төлөөлөл оролцлоо.
1894 оны энэ өдөр Францын Барон хэргэмт эрхэм Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг сэргээж, олимпийн наадмыг зохион байгуулах түүхэн шийдвэр гарсан бөгөөд энэ өдрийн дурсгалд зориулж 1948 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ.

Монголын Үндэсний Олимпийн Хороо Олимпийн өдрийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотын дүүргүүдийн Олимпийн зөвлөлтэй хамтран хүүхдүүдэд олимпийн боловсрол олгох, олимпизмийг сурталчлах, спортоор хичээллүүлэх зорилгоор цуврал арга хэмжээ зохион байгуулсан юм. Уг ажлын үеэр хүүхдүүд олимпийн тухай анхан шатны мэдлэг авч, Улаанбаатарт олимпийн наадамд болвол ямар медальтай байх бол хэмээн бодож, урлан, чидун жимсний титмийг хийн өмссөн юм.
Өнөөдөр харин олимпийн өдрийн цуврал арга хэмжээний төгсгөл болж, Олимпийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Өнгөрсөн бямба гарагт Монголын Үндэсний Олимпийн Хороо, Хил Хамгаалахын Ерөнхий Газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Олимпийн бамбар 2016 оны олимпийн өдөр хүртэл Монгол Улсын торгон хилийн зурвасын дагуу аялах бөгөөд уг бамбарын өртөөг манай олимп, дэлхийн медальтнууд эхлүүллээ. Олимп, дэлхийн медальтнуудын бамбарыг өртөөлүүлсэн цэгүүд Монголчуудын оролцсон зуны олимпийн 12 наадмын нэртэй байсан ба дараах хүмүүс цэг бүрт бамбарыг өртөөлүүлжээ.

Токио 1964 – Ц.Дамдин (Монгол Улсын Ардын Багш, Гавьяат Тамирчин, Москва 1980 наадмын мөнгөн медальт)

Мехико 1968 – Д.Сэрээтэр (Монгол Улсын Ардын Багш, Гавьяат Тамирчин, Мехико 1968 наадмын хүрэл медальт)

Мюнхен 1972 – Ц.Нацагдорж (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Истанбул 1974, Минск 1975 чөлөөт бөхийн ДАШТ-ний хүрэл, мөнгөн медальт)

Монреаль 1976 – З.Ойдов (Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин, Монреаль 1976 наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга)

Москва 1980 – Д.Даваадалай (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Москва 1980 олимпийн наадмын хүрэл медальт)

Сөүл 1988 – Н.Энхбат (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Сөүл 1988 наадмын хүрэл медальт)

Барселона 1992 – Н.Баярсайхан (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Барселона 1992 наадмын хүрэл медальт)

Атланта 1996 – О.Гүндэгмаа (Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин, Бээжин 2008 олимпийн наадмын мөнгөн медальт)

Сидней 2000 – Н.Төгсцогт (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Лондон 2012 олимпийн наадмын мөнгөн медальт)

Афин 2004 – С.Батцэцэг (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Лондон 2012 олимпийн наадмын хүрэл медальт)

Бээжин 2008 – П.Сэрдамба (Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин, Бээжин 2008 наадмын мөнгөн медальт)

Лондон 2012 – Э.Бадар-Ууган (Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин, Бээжин 2008 Олимпийн аварга)

Ийнхүү тамирчид өртөөлсөөр Олимпийн аварга Э.Бадар-Ууган олимпийн бамбарыг Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, Бригадын Генерал Ш.Лхачинжавт шилжүүлэн өглөө. Бамбар 3 жилийн хугацаанд хилийн цэргийн зурвасын дагуу аялж, хилийн заставуудад тус тусын сонирхолтой хөтөлбөрийн дагуу арга хэмжээ зохиогдоно. Монгол Улсын хилийн нийт урт 8252 км, 895 метр ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.