Ерөнхийлөгчийн зарлиг тамирчдын талархлыг хүлээсээр байна
Дэлхий дахинд зур­гаа­дугаар сарын 23-ныг Олим­пийн өдөр болгон тэм­дэглэх шийдвэрийг 1948 онд анх гаргасан бөгөөд манай улс ч энэхүү арга хэмжээнд нэгдэн, өчигдөр Дэлхийн олимпийн өдөр, Монгол Улс Олимпод оролц­соны 50 жилийн ойг тэмдэглэн өнгө­рүүллээ.

Энэхүү өдрийг угтан Монголын Олимпийн хо­роо болон Олимпийн ме­дальт­нуудын холбоо хамт­ран хэлэлцүүлэг зохион бай­­гуулсан. Учир нь Олимпийн медальтнууд Ерөн­­хий­лөгчийн зарлигаар олгог­­дож эхэлсэн мөнгөн тэт­­гэм­жээсээ тодорхой хувь хуримтлуулж сан байгуулах санал гаргаснаа ажил хэрэг болгохоор ийн цугласан аж. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын алдартнуудаа урам­шуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр бол­гох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан.

Өдгөө энэхүү зар­лиг биелэлээ олж, Олим­пийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээ­нээс ме­даль хүртсэн тамирчид сар бүр урамшуулал хүр­тэж байгаа билээ. Харин тамирчдын хувьд дээрх урам­­шууллын мөнгөө зөв­хөн өөртөө зарцуулахаас гадна нийгэмд тустай үйлд зориулсаар ирсэн. Гэх­дээ нэгдсэн байд­лаар бус ганц, хоёроороо энэ мэт арга хэмжээнд хувь нэм­рээ оруулдаг.

Тий­­мээс урам­шуулал авч буй та­мирчид Үндэсний Олим­пийн хороонд сан бай­гуулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Ингэснээр улсаас өгч буй буй урамшууллын то­дорхой хувийг олон ний­тэд чиглэсэн, нийгэмд хандсан үйл ажил­лагааг санхүүжүүлэх, өвдсөн болон ахуй амьдрал нь гундуухан яваа тамирчдадаа тусламж хэлбэрээр олгох зэрэг ажлуудыг зохион бай­гуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Өчигдрийн тухайд энэхүү ажил зөвхөн хэлэлцүүлэг, саналын түвшинд байгааг тамирчид онцолж байсан бөгөөд Ерөнхийлөгч зарлиг гарган тамирчдаа дэмжсэн учраас бид ч улс орондоо нэмэр тус болох ёстой хэмээж байлаа.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү зар­лиг цаашид хэр хуга­цаанд хүчинтэй байх нь то­дор­хойгүй. Улстөрчид дөр­­вөн жилийн хугацаатай то­ми­логддог учраас дараа нь хэн нэгэн гарч ирээд урамшуулал олгохоо больчих ч юм билүү. Тиймээс бид ажлаа зохион байгуулахдаа энэ бүх­­нийг бодолцох учир­тай гэж байсан.

Өөрөөр хэлбэл дараа, дараагийн удаа цаг эргэхэд урамшуулал үгүй болох вий гэсэн айдас бай­­гаа юм байна даа гэх бод­лыг төрүүлж байсан юм. Бид хэлэлцүүлгийн үеэр за­рим тамирчидтай уулзаж, Ерөн­хийлөгчийн зарлигаар олго­сон урамшууллын та­лаарх бодлыг нь сонирхсон юм. Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг “Тамирчдын амьдралд маш том өөрчлөлт гарсан. Ар гэрээ авч явах бололцоотой болсон төдийгүй хүүхэд залуучууд их спортыг сонирхож, харах өнцөг нь ч өөрчлөгдсөн.” гэсэн бол Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт “Маш хэрэгтэй урамшуулал бол­сон. Ганц миний ч биш, тамирчдын амьдралд хэрэг болж, амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн. Ийм урам­шуулал олгох зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баяр­лаж яваа” хэмээсэн юм.

Харин Олимпийн хүрэл медальт, спортын гавьяат мастер боксчин Н.Энхбат “Монгол Улсын Ерөнхийлөгч маш сайхан зарлиг гаргасан. Олимп, Дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан та­мирчин насан туршдаа урам­­шуулал авч байна. Энэ бол тамирчдынхаа амьд­ралыг, амжилтыг харж, ханд­сан, залуусыг спортод тат­сан маш сайхан үйл.

Тий­мээс тамирчид маань ч урамшууллын мөнгөнөөсөө улс, эх орондоо хувь нэмрээ оруулахаар сэтгэл нийллээ. Удахгүй энэ сэтгэл зүтгэл болж, хэрэгжинэ гэдэгт итгэж байгаа. Одоогийн Ерөн­­­хийлөгч анх Ерөнхий сайд байхдаа өнөөгийн энэ их хэм­жээний шагналын анхны шанг татаж, тогтоол гаргаж байсан. Харин Ерөнхийлөгч болоод ажил хэрэг болгосон. Спортын төлөө маш их зүйл хийж байгаад нь тамирчдын зүгээс маш их баярлаж, энэ салбарын төлөөх аливаа санал, санаачилгуудыг нь дэмжин ажиллах болно” гэсэн юм.

Үнэхээр ч та­мирчдын хувьд ар гэрийн амьдрал нь баталгаажиж, амжилт гаргахын хэрээр улс, эх орныхоо нэрийг олон улсад гаргасаар байна. Тэд энэхүү амжилтаасаа бусадтайгаа хуваалцахын тулд дээрх санг байгуулан улсын ачааг үүрэлцэхээр шийдсэн нь энэ.

Дашрамд дуулгахад Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Олимпийн наадмын медальтан 11, Олимп, дэлхийн аваргын хос ме­дальтан 11, Паралимпийн медальтан 1, Дэлхийн авар­гын медальтан 25 нийт 48 тамирчин сар бүр урамшуулал хүртэж байгаа билээ. Олимпийн хороонд болсон энэхүү хэлэлцүүлгийн дараа тамирчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж, Монгол Улсын хилээр Олимпийн бамбарыг буу­хиа­­луулах их аяны нээлтэд оролцов.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-25 05:58:03
    neg saihan oligtoihon shagnaad l bolnoo yponchin neg sain shagnaad orhidog yum bnlee
  • иргэн 2014-06-24 16:10:12
    Авч байгаа хүмүүс талархалгүй яахав. Харин татвар төлөгч нар нь яадаг юм болдоо. Тамирчид тэмцээний шагналд авсан орлогоосоо татвар төлдөг болов уу