Г.Өнөрбаяр: Авлигачдыг бичсэн сэтгүүлчдийг 50 саяар торгодог ардчилсан орон гэж байх уу
Сүүлийн үед албан тушаалтнуудын авлигын талаар бичсэн сэтгүүлчдэд их хэмжээний мөнгө торгууль ногдуулахаар хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ асуудлаар Сэтгүүл зүйн дэд профессор Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Сэтгүүлчдийг олон сая төгрөгөөр торгох хуулийн төсөл шуугиан дэгдээж эхэллээ. Та энэ чиглэлийн судалгаа хийж байсан хү­ний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш чөлөөт хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгсэлийг хааж боох гэсэн олон удаа­гийн оролдлого хийж бай­гаа. Тухайлбал цахим хэв­лэлээр хэрэглэж бо­лох­гүй үгийн жагсаалт гэж гаргасан.Бас эдийн засаг хя­марсан нь хэвлэл мэдээл­лийн хэрэгсэлтэй хамтран ажилласнаас бол­лоо гэж зарласан. Тэгээд төрийн байгууллагуудыг бодлого, үйл ажиллагаагаа хувийн хэвлэл мэдээллийн хэ­рэгсэлээр төлбөртэйгээр гаргахыг хориглолоо. Саяхан “facebook”, “twitter”, “youtube” гэх мэт сошиал сүлжээг өөрс­дийн бодлого үйл ажил­лагаанд нийцүүлэх зорил­гоор “Цахим сүлжээг жу­рамлах хуулийн төсөл” боловсруулж байгаа тухай шуугилаа.

Хамгийн сүүлд л гэхэд авлигачдын тухай бичсэн сэтгүүлдчийг 5-50 сая төг­рөгөөр торгоно гэсэн хуулийн төсөл оруулж ирлээ. Энэ мэтээр чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг уст­гах төлөвлөгөөг аажмаар урагшлуулж эхэллээ. Сөрөг хүчин байхдаа хамгийн их ардчилал, ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө ярьдаг байсан хүмүүс маань эрх баригч болчихоороо чөлөөт хэвлэлтэйгээ дайн зарлах юм. Тэгэхээр дүр эсгэсэн, хуурамч ардчилагчид байжээ гэсэн үг. Ийм хуурамч ши­нэчлэлээс жинхэнэ ши­нэчлэлд хүрэх хэрэгтэй боллоо. Дөрөв дэх засаглалыг ингэж ганхуулж байхад дөрөвдэх засаглалынхан өөрс­дөө чимээгүй суух бол­сонд гайхах юм. Нөгөө сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг олон холбоод хаачсан бэ. Мэргэжлийн бай­гууллагууд нь юу хийж байна вэ. Тэд яагаад үзэл бодол, байр сууриа илэр­хийлэхгүй байна вэ.

-Таны бодлоор хэв­лэлийн эсрэг энэ олон жу­рам, хоригийг яаж шийд­вэрлэх ёстой вэ?

-Миний бодол гэхээсээ илүү олон улсын жишиг ярья. Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг дүрэм, журам, тогтоол шийдвэрээр бай­гуулдаггүй юм. Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийнхээ хөгжлийг дагаж хөгжиж төлөвшдөг. Мэдээж эрх зүйн хүрээнд хуулиар зарим харилцааг зохицуулдаг. Тэр эрх зүйн зохицуулалт нь чөлөөт хэвлэлийг устгах, үйл ажил­лагааг нь хязгаарлахад чиглэгдэх ёсгүй. Харин урт удаан хугацааны тогтвортой өсөлт хөгжлийнх нь суурь болдог. Харамсалтай нь ма­най улсын сүүлийн үед боловсруулж байгаа за­рим хуулийн төсөл чө­лөөт хэв­лэлийг устгах, сэт­гүүлч­дийг илэрхий заналхийлсэн шинжтэй боллоо.

-Тухайлбал?

-Саяхан өргөн барьсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төсөлд маш ноцтой заалт орсон. Уг хуулийн төслөөр бол гадаадад оффшор данстай, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн албан тушаалтнуудын тухай мэдээлэхийг хориглосон. Хэрэв мэдээлвэл 5-50 сая хүртэл төгрөгөөр торгохоор тусгасан байна лээ. Авлигачдын тухай мэ­дээлэхийг хориглоно гэдэг бол хэвлэн нийтлэх эрх олгосон Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар “Төрөөс олон нийтийн мэ­дээллийн агуулгад цензур тогтоохгүй” гэж заасныг зөрчиж байна.

Төр хэвлэн нийтлэх, хэвлэн нийтлэхгүй зүйлийг зааж өгч хяналт тавидаг болох нь. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар ол­гогдсон мэдээлэл авах эрхүүд ч хаагдана. Бас манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг зөрчиж байна. Учир нь гишүүн орон бүрийн хэрэгжүүлэх учир­тай уг тунхаглалд “Үзэл бодлоо ямар ч хориг цээргүй баримтлах, аливаа үзэл санаа мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан бо­ломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, түгээн дэлгэрүүлэх эрх багтана” гээд 19 дүгээр зүйлд нь заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл авлигач­дын талаарх үзэл бодлыг хорьж, тэдний хөрөнгө ор­лого, хууль бусаар баяж­саныг мэдээлж болохгүй гэж тулгаж байгаа нь олон улсын хэм хэмжээг ч зөрчиж буй үйлдэл болно.

-Энэ хууль батлагдвал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Маш олон сэтгүүлчид торгуулна. Учир нь ямар албан тушаалтан, ямар асуудлаар өршөөгдөж байгаа нь хуулиараа нууц байгаа. Тэгэхээр хэвлэлийнхэн маань тухайн хүн нууцаар өршөөгдсөнийг мэдэлгүй эрэн сурвалжлах хүрээнд албан тушаалтны оффшор данс, хууль бус хөрөнгийн талаар мэдээлэл олж л таарна. Түүнийгээ хэвлэн нийтэлнэ. Дараа нь энэ хүн чинь уг асуудлаар өр­шөөгдсөн байсан. Та хууль зөрчиж мэдээ, нийтлэл бич­лээ гээд 50 сая төгрөгөөр торгоно. Ийм үйл явдал олон гарна. Өмнө нь манай улсад ийм түүх байсангүй. Ардчилсан орнуудад ч гэсэн авлигачдыг бичиж болохгүй гэсэн хууль байхгүй. Ганцхан дарангуйлагч ор­нуудад л бий. Тэгэхээр ма­най улс ардчилсан орноос дарангуйлагч улс болон хувирч байна. Нэмж хэлэхэд энэхүү 50 саяар торгоно гэсэн өндөр босгыг хүлээн зөвшөөрөөд батлуулаад явуулах юм бол сэтгүүлчдэд зориулсан дараа дараагийн хууль эрх зүйн орчим улам л хатуу болж торгуулын хэмжээ ч улам өснө. Учир нь эрх зүйн хариуцлага өмнөх зүйл заалтуудтайгаа уялдаж явдаг.

-Авлигачдыг бичсэн сэтгүүлчийг 50 саяар тор­гоно гэдэг бол эрх зүйн түүхэнд байгаагүй жишиг гэх юм?

-Эрүүгийн хуулийн 111.3-т л хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан ял­луулахаар гүтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэ­мэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр торгох, эсвэл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл гадаадад оффшор данстай авлигачдыг бичсэний төлөө эрүүгийн хуулийн хамгийн хатуу заалтын торгуулиас ч илүү их хэмжээний мөнгөөр торгохоор сэтгүүлчдийг за­налхийлж эхэллээ. Энэ нь цагаан захтнуудыг өршөөх хуульдаа эрх баригчид хэч­нээн их ач холбогдол өгч байгаагийн илрэл.

-Эрүүгийн хуулиар сэт­гүүлчдийг барьж, хорих явдлыг та юу гэж үзэж бай­на вэ. Бусад орны зохи­цуулалт ямар байдаг вэ?

-Хүнийг гүтгэж нэр төрд нь халдах нь байж болшгүй асуудал. Гэхдээ үнэнийг бичсэний төлөө эрх мэдэл, хөрөнгө мөнгө, нэр төрөөрөө далайлган сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар яллуулна гэдэг бас буруу. Ардчилсан засаглалтай орнуудад ихэвч­лэн иргэний болоод за­­хиргааны хуулиар зохи­цуулдаг. Саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал хэвлэлээр их шуу­гилаа. Тэр үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэт­гүүлч­дийг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлээр яллахыг болиулах хуулийн төсөл боловсруулсан гэдэгээ зарласан.

Тиймээс энэ хүн бүрэн эрхийнхээ хүрээнд, ам­лалтынхаа дагуу хэлсэндээ хүрэх ёстой. Харин өөрийг нь огцруулах асуудал яриг­даад ирэхээр хэвлэлийн дэмжлэгийг авахын тулд худал хэлж, сэтгүүлдчийн итгэл найдвараар тоглосон бол энэ хүн хэвлэлийн дайсан болж хувирна.

-Ийм хатуу заалтыг хууль болгож баталж, чө­лөөт хэвлэл мэдээллийн хэ­рэгслийг шахсаны эцэст хэн хохирох вэ?

-Чөлөөт хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслийг хорьж, устгаснаар ард түмэн хохирч улс орны хөгжил ухарч эрх баригчид дарангуйлагчид л хождог. Түүнээс биш сэтгүүлчид нэг их хохироод байдаггүй юм. Дэлхийн түүхийг ха­рахад ийм байдаг. Та бүхэн нэг өдөр зурагт үзэхгүй, сайт, сонин, сэтгүүл унших­гүй, радио сонсохгүй, со­шиал сүлжээ ашиглахгүй байгаад үзээрэй. Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг сайн ойлгоно. Чөлөөт хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл байхгүй бол эрх баригчдын булхай луйвар, төрийг дээрэмдэх сэтгэлгээ гаардаг юм.

Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа учраас тэдний эзэн болох гэсэн сэтгэлгээ, хууль бус ажиллагааг хязгаарлаж, нийгмийг дэг журамтай бол­годог. Ард түмэн ч гэсэн чө­лөөт хэвлэлээр дамжуулж үгээ хэлж, үзэл бодлоо илэр­хийлэх суурь эрхээ олж авдаг. Тийм учраас л чөлөөт хэвлэлтэй газар чөлөөт ард түмэн оршин тогтнодог гэ­дэг юм даа.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • temtsie 2014-08-12 12:24:08
    ATG tur zasagt: дөнгөж сая ajil olgogch buyu darga nertei abilgach hulgaich nart abilgal uguugvin ulmaas ajilch vgvi amidralj vgvi bolloo yah be? ATG-aa emchid abilgal uguugvin ulmaas ervvl mendee hamgaaluulch ubchimuusuu salj chaddagvi yah be? ATG-aa tsa
  • Эрхэм гишүүн 2014-06-24 10:09:26
    ха ха ха Жинхэнэ ардчилсан орон !!!
  • Пүүжээ 2014-06-24 04:50:12
    Үгүй байлгүй дээ. Ийм хууль гаргана гэж эрүүл хүний санаанд багтах уу? Эсвэл энэ Их хуралд ихэнх нь гэмт хэрэгтнүүд орчихсон болоод л хуулиа өөрсдийнхөө талд зохиож суугаа нь илт харагдаж байна биш үү. Энэ улсад үүний эсрэг тэмцдэг газар байна уу? Ерөнхий