Хятад улс Сирийн дайны мөргөлдөөнийг өөрт ашигтайгаар эргүүлж байна
Дэлхий дахин Сири дэх үйл явдалд анхаарлаа хандуулж байх зуур Хятад улс Өмнөд тэнгист байр сууриа чимээгүйхэн бэхжүүлж байна. Үүний нөлөөгөөр бүс нутгийн маргаан улам хурцдаж байгаа аж.

БНХАУ Өмнөд Хятадын тэнгист цэргийн байр сууриа улам бэхжүүлж эхэлжээ. Тус улс Вьетнам Тайвань улстай газар нутгийн маргаан дэгдээдэг  Параселийн бүлэг арлуудын Вуди амгийн том хиймэл арал дээр Зенит-пуужингийн цогцолбороо байршуулсан байна. Хятадын энэхүү Зенит-пуужингийн цогцолборыг Америкийн “Fox News’’ сувгийн сурвалжлагчид хиймэл дагуулаас авсан хамгийн сүүлийн үеийн зураг дээрээс илрүүлжээ.

Зенит-пуужингийн цогцолбор уу, агаарын эсрэг хамгаалалт уу

Зенит-пуужингийн цогцолбор бий болсныг Пентагон дахь эх сурвалж ч баталж байгаа юм. Вуди арал дээр пуужингийн төхөөрөмж байгаа тухай Тайванийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч Дэвид Ло ч “Ройтерс" агентлагт мэдээлжээ.

Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас уг мэдээллийг барууны хэвлэлүүдийн худал мэдээлэл, Хятадыг сүрдүүлэх гэсэн ээлжит оролдлого гэжээ. Тэгсэн хэрнээ Параселийн арлуудад тэнгисийн болон агаарын эсрэг хамгаалалт байршуулах үйл явц жилийн өмнөөс эхэлсэн, яагаад гэвэл энэ бүлэг арлууд бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэж тэмдэглэсэн байна. Тус улс энэ хэсэгт газар нутаг, тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа төлөө хамгаалах обьект байршуулах хууль зүйн бүрэн эрхтэй гэж үздэг.

Хятад улс Параселийн бүлэг арлуудыг 40 гаруй жилийн турш хяналтдаа байлгаж буй хэдий ч энэ хэсгийн хууль ёсны эрхийн төлөө Вьетнам, Тайвань улсууд маргаан дэгдээдэг юм. Урьдчилсан таамаг ёсоор энэ хэсэгт нефть, хийн асар их нөөц бий гэнэ. Хятад улс хиймэл Вуди аралд пуужингийн төхөөрөмж байршуулснаар бүс нутгийг зэвсэггүйжүүлнэ гэсэн амлалтаа зөрчиж байгаа аж.

Уг нь Бээжингийн зүгээс хиймэл арлыг усан замыг хөнгөвчлөх, аврах үйл ажиллагаа явуулах зэрэг энхийн зорилгоор ашиглана гэсэн ч Вуди аралд цэргийн онгоцны нислэгийн зурвас хүртэл байршуулжээ.

Шуугианыг далимдуулаад бусад нь сэрэв

Өмнөд Хятадын тэнгист Хятад, Япон, Вьетнам, Тайвань, Филиппин, Малайз, Бруней гэсэн долоон улс маргаан дэгдээдэг. Тиймээс энэ хэсэгт үе үе хурцадмал асуудал үүсдэг гэхэд болно. Гэтэл үүн дээр АНУ хачир нэмдэг зуршилтай. Америкийн хувьд энэ хэсэг бол Номхон далай дахь нөлөөллийн гол бүс.

Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн аналитик төвийн ажилтан Леонид Гусев “АНУ 1953 оноос эхлэн Номхон далайн энэ хэсгийн үйл явцыг өөрсдөд нь маш чухал болохыг мэдрүүлсээр ирсэн. Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин бол тус улсын ойрын холбоотнууд болохоор ямар ч тохиолдолд тэднийг хамгаалах болно" гэж мэдэгджээ.

Харин Бээжингийн зүгээс Өмнөд Хятадын тэнгист Америкийн бааз, цэргийн хүчин ирэхэд дургүйцлээ илэрхийлдэг. Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын эскадрын мина зөөгч онгоц “USS Lassen” Хятадын Спратли бүлэг арлуудад байгуулсан хиймэл арлуудын дээгүүр өнгөрч, Хятадын зэвсэгт хүчний зүгээс мөрдөхийг шаарддаг тэнгисийн 12 милийн бүсийг зөрчсөн. Арванхоёрдугаар сард Америкийн “В-52” бөмбөгдөгч онгоц БНХАУ-ын байгуулсан хиймэл арлаас хоёр милийн зайтай өнгөрсөн. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард америкчууд Параселийн бүлэг арлуудын Тритон арлаас 12 мйлийн зайд цэргийн сургуулилт явуулсан билээ.

Тиймээс Хятад улс АНУ болон НАТО-гийн бусад орныг Ойрх Дорнод, тэр дундаа Сири, Иракийн асуудалд төвлөрч байх энэ зуур “хариугаа авч", цэргийн хүч чадлаа харуулахаар шийдсэн бололтой.

Япон улс ч дуугүй суусангүй. Вуди арал дээр зенит-пуужингийн цогцолбор байршуулсан асуудалд “гүнээ санаа зовниж байгаа’’-гаа илэрхийлэхийн сацуу хариу барьж, АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт явуулахаа мэдэгдлээ.

Шуугиан удахгүй намжина

Зэр зэвсгээр айлган далайлгсан энэ үйлдэл бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөнд хүргэхгүй гэж Леонид Гусев таамаглаж байна. Учир нь АНУ, Япон, Тайваньд төдийгүй зөрчил үүсгээд буй Хятадад ч хүчтэй нөлөө үзүүлж чадна.

Яагаад гэвэл Хятад улс Америктай эдийн засгийн бат бэх холбоотой. Ялангуяа хоёр улсын эдийн засаг сүүлийн 20 жилд эрчимжиж, БНХАУ-д үндэстэн дамнасан корпорациудыг байгуулж байгаа юм. Тиймээс дэлхийн хоёр том удирдагч орон хоорондоо ноцтой мөргөлдөөн гаргахгүй л болов уу. Үүнээс гадна бүс нутгийн дайн дэгдэхэд ашиг сонирхлын зөрчилтэй талуудын нэгэнд ч ашиггүй.

Өнөөдөр Өмнөд Хятадын тэнгист маргаан дэгдээгээд буй улс орнууд эдийн засгийн идэвхтэй хөгжлийн үе дээрээ явж буй учраас энэ асуудлаас болж тогтовортой байдлаа алдахыг хүсэхгүй. Шинжээч "Хятадын баруун эргийнхэн бол бүхэлдээ хөгжлийн хүчирхэг замналдаа орсон эдийн засгийн бүс юм. Тайванийн хувьд 1970-аад оны дунд үөэс идэвхтэй хөгжиж эхэлсэн. Вьетнам улс эдийн засгаа хичээнгүйлэн өсгөж байна. Гэтэл дайн дэгдвэл энэхүү олж авсан тоггвортой байдлаа алдахад хүрнэ" гэж мэдэгдэж байна.

Леонид Гусев “Тиймээс тэд хэсэг шуугиан дэгдээж байгаад буцаад ерөнхий хуваарьтаа орно гэж би бодож байна. Хятад улс цэрэг зэвсгийн хувьд хүчирхэг гүрэн гэдгээ л харуулсан байх. Гэхдээ тус улс асуудлыг хурцатгах үйлдэл хийхгүй” гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлжээ.

Өмнөд Хятадын тэнгис яагаад ийм чухал вэ

Юуны түрүүнд мөнгө л гэж хэлэхэд хангалттай. Европ, Ойрхи Дорнодоос Зүүн Ази руу чиглэсэн замд орших Өмнөд Хятадын тэнгисээр дэлхийн усан замын нийт худалдааны тал хувь нь дайрч өнгөрдөг. "Ройтерс" агентлагийн тооцоолсон мөнгөн дүнгээс үзэхэд жилдээ таван их наяд долларын худалдаа гэсэн үг юм.

Үүнээс өөр нэг чухал асуудал бий. Судлаачдын баталж буйгаар тэнгисийн ёроолд нефть, хийн асар их нөөц хуримтлагдаж буй. Дэлхийн банкны тооцоолсноор энэ бүс дэх тэнгисийн ёроолд дор хаяж долоон тэрбум баррел нефть, 25 их наяд орчим шоо метр байгалийн хий нуугдаж байгаа гэнэ.
Эдгээр боломжууд нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлнэ. Түүнчлэн энэ бол Малайз, Вьетнам зэрэг жижиг улс орнуудад асар том боломж юм.

Тиймээс ч “Өмнөд Хятадын тэнгисийн өмчлөлийн эрхийн төлөө хэн хэн тэмцэлддэг вэ” гэсэн асуудлаас илүүтэй хэн оролцдоггүй вэ гэж асуусан нь дээр биз. 3.5 сая километр квадрат талбай бүхий тус тэнгисийн эргийг Малайз, Бруней, Филиппин, Вьөтнам, Тайвань, Хятад зэрэг олон орон хүрээлдэг. Харин Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн усны бараг бүх хэсгийг өөрийнх болон өмчлөхөөр өрсөлдөөн явуулдаг байна.
 
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.