Мэдээллийн технологиор хөрөнгөжсөн дэлхийн "нялх" баячууд
Хүн төрөлхтний хөгжлийн зүтгүүр болсон дэвшилтэт гүрнүүдийг бүх талаар сульдааж доройтуулсан дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсноор шинжлэх ухааны салбар материаллаг аж үйлдвэрийн өсөлтийн гол хүчин зүйл болон хувирч орчин үеийн хэрэглээний чинээлэг нийгэм гээчийн эхийг тавьсан гэдэг. Чухам тэр цагаас эхлэн шинжлэх ухаан, техникийн хувьсгал хөгжингүй орнуудын эдийн засаг төдийгүй нийгмийн бүтцэд асар ихээр нөлөөлөн хүн төрөлхтний ахуй амьдралыг маш богино хугацаанд эрс өөрчилсөн билээ.
 
Өнгөрсөн зууны сүүлээс шинжлэх ухаан, техникийн ээлжит хувьсгал мэдээллийн салбарт өрнөснөөр бид амьдралаа гар утас, интернет, компьютергүйгээр төсөөлөхөө больжээ. Тэр цагаас л IT буюу мэдээллийн технологиор толгойгоо цэнэглэн цоо шинэ энэ салбарт бусдаас урьтан бараа бүтээгдэхүүн санаачилсан нялхаараа шахам залуучууд толгой эргэм хурдан баяжиж, хөрөнгийн хэмжээгээрээ уламжлалт аж үйлдвэр, санхүү, худалдааны бизнес эрхлэгчдээс давж эхлэх болсон.
 
Хоёр зууны зааг дээр дэлхийн хамгийн баян хүнээр удаа дараа шалгарч байсан “Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс энэхүү үйл явцын тод жишээ, анхны алтан хараацай нь. Булган сүүлтэй тэрээр араасаа мэдээллийн технологийн салбараас маш олон тэрбумтан дагуулсан.
 
Мэдээллийн технологийн хувьсгал эрчээ авсаар л, энэ салбартай бараг л хар багаасаа хувь заяагаа холбосон сийрэг ухаантай шинэхэн баячууд төрүүлсөөр л байна. Монголчууд ч шинжлэх ухаан, техникийн энэ хувьсгалаас хоцроогүй. Манай олон авьяаслаг залуучууд АНУ-ын “Майкрософт”, “Гүүгл”, Японы “Фүжи”, “Сони” гээд мэдээллийн технологийн нэртэй корпорациудад дээгүүр албан тушаал хаших болжээ.
 
Ер нь манайх шиг байгалийн баялаг ихтэй ч хоёр хүчирхэг хөршийнхөө ааш аягаас хамааран тэдгээрээ дэлхийд борлуулах аяддаг жижигхэн улс орон мэдээллийн хувьсгалын ачаар бий болсон асар том кибер ертөнцийн зах зээлд түлхүү ажиллавал уг нь болохгүй гэх газаргүй дэг.
 
Ингээд, олныг үл нуршин мэдээллийн технологийн ачаар баяжсан 30 хүртэл насны шинэ үеийн залуу бизнесменүүдийн заримаас танилцуулъя.
 
Марк Цукерберг-30настай, “Facebook” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
 
-Энэ оны тавдугаар сарын 14-нд гучин нас хүрсэн  АНУ-ын Нью-Йорк  хотын уугуул энэ залууг дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц  биз ээ. Еврей гэр бүлд төрсөн тэрээр улаан, ногоон өнгө ялгаж чаддаггүй харааны  төрөлхийн  гажигтай ч дунд сургуульд  байхаасаа л компьютер нүдэн бие даан программ зохиож  эхэлсэн нэгэн. Алдарт “Майкрософт”, “АОЛ” компаниудад өндөр цалинтай ажиллах саналаас татгалзан Харвардын их сургуульд элссэн тэрээр оюутан байхдаа л найз нөхөдтэйгөө олон нийтийн “Fасеbоок” сүлжээг хувьцааныхаа хоёр хүрэхгүй  хувийг 200 сая ам.доллараар худалдан 25-хан насандаа хур баян болсон билээ.
 
 2010 онд АНУ-ын нэр хүнд бүхий “Тайм” сэтгүүл түүнийг оны хүнээр тодруулж байсан бөгөөд тэрээр өдгөө 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд буяны үйлсэд багагүй мөнгө хандивладаг нэгэн.  Харин түүний албан ёсны цалин сарын нэг ам.доллар юм гэнэ лээ.
 
Бобби Мерфи-25 настай, Эван Шпигел-23 настай. “Snapchat” компанийн үүсгэн байгуулагчид, хамтран эзэмшигчид
 
-Олон нийтийн “Snapchat” сүлжээг боловсруулсан энэ хоёр залуугийн бизнесийг алдарт Марк Цукерберг гурван тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан ч залуу программчид татгалзсан хариу өгчээ. Өдгөө Бобби Мерфи, Эван Шпигел хоёрын хоёр тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон компанид 56 хүн ажилладаг байна.

Патрик Коллинсон-25 настай, Жон Коллинсон-23 настай. “Stripe” компанийн үүсгэн байгуулагчид, хамтран эзэмшигчид
 
-Ах дүү Коллинсоны санаачлан боловсруулсан “Stripe” онлайн-төлбөрийн сүлжээгээр жилд олон тэрбум ам.доллар өнгөрдөг болжээ. Өнөөдөр ах дүү хоёр залуугийн компанийн хөрөнгө 1.75 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 83 хүнийг ажлын байраар хангадаг аж.
 
Араш Фердоуси-28 настай. “Dropbox” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
 
-Энэ авьяаслаг программчин залуу файл хадгалах, дамжуулах цоо шинэ арга бүгээҗ “Dropbox” компанийг хамтран үүсгэн байгуулжээ. Тэрээр одоо хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 694 ажилтантай компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг.
 
Эрик Мижиковски-27 настай. “Pebble” компанийн үүсгэн байгуулагч
 
-Орчин үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй ухаалаг цаг зохион бүтээсэн Эрик Мижиковски 35 ажилтан  хөлслөн “Pebble” компаниа үүсгэн байгуулжээ. “Pebble”  ухаалаг цаг ойрын ирээдүйд ухаалаг утастай адил түгээмэл бараа болно гэж үзэгсэд цөөнгүй. Хэдийгээр залуу бизнесмен одоогоор “ердөө” 40 сая ам.долларын ашиг олоод байгаа ч тун удахгүй тэрбумтан болно гэдэгтээ эргэлздэггүй гэнэ.
 
Адам Ди Анжело-29 настай. “Quora” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
 
-Интернет дахь асуулт хариултын үйлчилгээ эрхэлдэг “Quora” сайт санаачилснаар Адам Ди Анжело нэг тэрбум ам.доллар “халааслаад” байгаа билээ. “Facebook’’-ийн ууган ажилтнуудын нэг асан түүний үүсгэн байгуулсан шинэ компанид 90 ажилтан ажилладаг.

Майк Кригер-28 настай. “Instagram” компанийн хамтран үүсгэн байгуулагч
 
-Интернет сүлжээнд хамгийн их үйлчлүүлэгчтэй фото зураг солилцдог “Instagram’’-ыг 2010 онд санаачилсан Майк Кригерийг өнөө цагийн шилдэг залуу бизнесменүүдийн нэг гэж үздэг. Богинохон хугацаанд гурван тэрбум ам.доллар босгож чадсан тул арга ч үгүй.
 
Дэвид Карп-27 настай. “Tumblr” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга

-Интернет дэх блог бичилтэд өөр өнцгөөс хандан хамгийн олон блогчидтой “Tumblr” сүлжээг үүсгэн “Үаһоо”-д өнгөрсөн жил 1.1 тэрбум амдоллараар худалдаж чадсан Дэвид Карп компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажиллан муугүй цалин авдаг залуу тэрбумтан аж.
 
Дэниэл Гросс-23 настай. “Greplin/Cue” компанийн үүсгэн байгуулагч
 
-Энэ залуу цагалбар бүхий хувийн интернет нарийн бичгийн даргын программ зохион бүтээгээд хөрөнгө оруулагчдаас 4.7 сая ам.доллар татаж чаджээ. Үүгээр зогсохгүй программаа “Apple” компанид 50 сая ам.доллрараар худалдсан байна.
 
Палмер Лаки-21 настай. “Oculus VR” компанийн үүсгэн байгуулагч
 
-3D дүрсийг огт өөрөөр, улам бүр сайжруулан харагдуулах нүдний шил зохион бүтээсэн Палмер Лаки 81 ажилтантай “Oculus VR” компани үүсгэн байгуулж 100 сая ам.долларын ашиг олжээ. Үүгээр зогссонгүй, залуу зохион бүтээгч компаниа “Facebook’’-т хоёр тэрбум ам.доллараар зарсан гэнэ.
Зууны мэдээ
Б.Барс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • калки 2014-08-05 06:12:01
    өмхий хужаатай суудаг өөрийгөө хэт доош нь хийчихсэн гар. эцэг эх нь юм хэлдэггүй юм байх даа. ядаж оростой суухгүй