Абу Дабид өрсөлдөх залуус “Монгол ур чадвар-2016”-гаас тодорно
Дэлхийн ур чадварын тэмцээний 44 дэх нь ирэх 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид болох юм.  43 дахь нь өнгөрсөн жил Бразилийн Сан Паулод болсон бөгөөд мэргэжилтэй ажилчдын дэлхийн олимп хэмээн хүлээн зөвшөөрөгддөг олон улсын энэхүү тэмцээнд Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн 74 орноос 59 нь оролцож нийт 50 мэргэжлийн төрлөөр 1190 залуус эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдсөн. Ур чадвартай залуусын дэлхийн хэмжээний хамгийн том “тулаан”-д Монгол Улс анх удаа оролцохдоо гагнуур, токарь, мужаан, цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах, тогооч, үсчин, гоо сайханч гэсэн есөн төрлөөр алтан гартай авьяаслаг залуусынхаа чадварыг сорьсон билээ. Эндээс чамгүй арвин туршлага хуримтлуулж ирсэн Монголын багш сурагчид ирэх жилийн олимпод ч мөн хүч үзнэ. Чухам хэчнээн мэргэжлээр, хэн хэн оролцох вэ гэдгийг тодруулах эхний ээлжийн шалгаруулалт “Монгол ур чадвар-2016” тэмцээний анхных нь оёдлын мэргэжлээр болсон.  Энэ талаар болон Абу Дабигийн тэмцээнд оролцох бэлтгэл ажил ямар шатандаа явааг Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын ахлах мэргэжилтэн Р.Дүүрэнбаяраас тодрууллаа. Тэрбээр Бразилийн тэмцээнд Монголын багийн оролцогчдыг  хариуцаж ажилласан юм. 
 

-“Монгол ур чадвар” тэмцээн эхэлсэн гэсэн. Энэ жил хэчнээн төрлөөр шилдгүүдийг тодруулах вэ?

-“Монгол ур чадвар-2016”-г бид арван мэргэжлээр бүсчилсэн байдлаар явуулахаар мэргэжлийн холбоод болон сургуулиудтайгаа тохирч анхны тэмцээн оёдлын мэргэжлээр болоод дууссан. Өмнөхийг бодвол оролцолгчдын тоо, хамрах хүрээ нэлээд өргөжсөн байна. Оёдлын тэмцээнд өмнө нь есөн сургууль оролцсон бол энэ жил тоо нь хоёр дахин нэмэгдсэн. Тэр хэрээр оролцогчдын чадвар ч илүү болсон байна билээ. “Монгол ур чадвар” тэмцээний шилдгүүд Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авах учраас шалгуур өндөр, шүүлт шударга байх ёстой гэдэг шаардлагыг манай яамнаас тавьж байгаа.

-Дараагийн тэмцээн хаана, хэдийд болох тов гарсан уу?

-Гуравдугаар сарын 30-нд Говьсүмбэр аймагт хүнд машин механизмын оператор, автын засварчны мэргэжлээр ур чадварын тэмцээн болно. Дараа нь  Дархан-Уул аймгийн Дархан МСҮТ-д хавтанцар наах, Улаанбаатарт Герман-Монголын хамтарсан МСҮТ-д гагнуурын тэмцээнийг хийхээр төлөвлөсөн. Барилгын өрөг угсралт, сантехникийн мэргэжлийн тэмцээнийг баруун бүст хийнэ. Ховд, Завханы МСҮТ-үүдийг түшиглээд зохион байгуулах юм. Энэ мэтээр нийтдээ арван мэргэжлээр “Монгол ур чадвар-2016”-г зохион байгуулна.

-Тэгвэл ирэх жил болох Дэлхийн ур чадварын тэмцээнд манайх арван мэргэжлээр оролцоно  гэсэн үг үү?

-Дэлхийн ур чадварын тэмцээн 2017 оны аравдугаар сарын 14-19-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болно. 76 орноос 1200 оролцогч 50 мэргэжлээр өрсөлдөх урьдчилсан мэдээлэл гарсан байна билээ. Манайх чухам хэдэн мэргэжлээр оролцох нь “Монгол ур чадвар-2016”-г дууссаны дараа тодорхой болно. Ирэх зургаа, долдугаар сар гэхэд бид хэчнээн мэргэжлээр оролцохоо тодорхой болгоод Дэлхийн ур чадварын байгууллагад мэдүүлгээ явуулах ёстой.

-2015 онд Бразилийн Сан Паулод болсон Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд манай улс анх удаа оролцсон. Манай залуусын чадвар олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр хэмжээнд байж чадсан уу?

-Өнгөрсөн жилийн тэмцээнд  монгол залуус есөн мэргэжлээр олон улсад чадвараа үнэлүүлсэн. Монголын багийн есөн гишүүн бүгд 400-гаас дээш оноо авсан, даалгавраа цагтаа багтааж дуусгасан, хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нарийн хангаж ажилласан нь шүүгчдийн анхаарлыг яах аргагүй татсан. Монголын багаас хамгийн өндөр оноотойгоор “Үндэсний ялагч”-аар тодорсон мужааны Д.Нармандах гэхэд нийт даалгаврынхаа гүйцэтгэлээр 480 оноо авсан нь шагналт байр шалгарсан өрсөлдөгчийнхөөс нь ердөө 20-иор бага байсан шүү дээ. Сар шинийн өмнө Хөдөлмөрийн салбарын дээд шагнал “Хөдөлмөрийн хүн танаа”-г “Шилдэг төгсөгч” номинациар хүртсэн Х.Лхагва л гэхэд өмнө нь ажиллаж үзэх байтугай барааг нь ч хараагүй токарийн машин дээр өрсөлдсөн ч ур чадвараараа Беларусь, Испани, Франц зэрэг хэд хэдэн орны оролцогчийг ардаа орхисон. Тогоочийн мэргэжлийн Б.Мөнх-Эрдэнэ ч бас өндөр оноо авсан оролцогчийн нэг. Ер нь манайхан бүгд сайн байсан. Тэр хэрээр их туршлага ч хуримтлуулсан.

-Тэдний хуримтлуулсан туршлагыг “Монгол ур чадвар” тэмцээнд ашиглах боломжтой юу?

-Энэ жилийн “Монгол ур чадвар-2016”-гийн нэг онцлог нь Бразилийн оролцогчид бүгд өөр өөрийн мэргэжлээр болох тэмцээнд мэргэжлийн шүүгчээр ажиллана. Мэргэжил бүрт доод тал нь таван шүүгч ажиллах ёстой. Тэдний нэг нь манай залуус байх юм. Түүнээс гадна шалгаруулалтыг бид байр эзлүүлэх замаар биш онооны систем буюу Дэлхийн ур чадварын тэмцээний зарчмаар явуулна. Хамгийн өндөр оноо авсан оролцогчид дараагийн шатны тэмцээнд оролцож Абу Дабигийн эрхийн төлөө өрсөлдөх боломжтой.

-“Монгол ур чадвар-2016”-д мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага оролцож байгаа юу?

-Яамны зүгээс төрийн өмчийн, хувийн хэвшлийн гэж ялгалгүйгээр бүгдийг оролцуулах зарчим барьж байгаа. Өмнө нь ч тэгж байсан. Бүсчилж явуулж байгаа учраас бүгд оролцох байх. Түүнээс гадна манай газраас ШШГЕГ-ын дэргэдэх МСҮТ-ийн хүүхдүүдийг энэ тэмцээнд оролцуулах талаар ярьж байна. Энэ нь ял эдэлж байгаа хүмүүжигч хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодог сургууль юм.

-Энэ боломжтой санал уу. Ял эдэлж байгаа гэхээр эрхээ хязгаарлуулсан хүүхдүүд гэсэн үг биз дээ?

-Олон улсын туршлага байдаг юм билээ. Тухайлбал, Бразилийн тэмцээнд хүмүүжигч хүүхдүүд оролцож байсан. Гэхдээ өөр улсаас биш өөрийнх нь. Мэдээж хэрэг гадагшаа тэмцээнд бол явах боломжгүй л дээ. Түүнээс дотооддоо болж байгаа уралдаан тэмцээнд тэднийг хамруулах нь ур чадварыг нь сайжруулахад үр дүнтэй болно.  Тэгээд ч мэргэжлийн боловсрол сургалтын салбар нь улс орны эдийн засагт нөлөөлөхөөс гадна залуусыг нийгэмд хөлөө олж амьдрахад нь тусладаг насан туршийн боловсрол юм.

Хөдөлмөрийн яам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin  2016-02-26 14:50:49
    edgeer zalyysaa ondor hogjiltei orond bogino hugatsaagaar dadlaga hiilgeed orsoldyylj turshlagiig ni yildwer aj ahyin gazruudad newtryylbel ter cnin l yostoi md...