590 гаруй албан хаагч одон тэмдгээр шагнагдлаа
Гал ус, ган зуд зэрэг бүхий л осол, аюулт үзэгдэл, гамшиг зовлонгийн өөдөөс сөрөн зогсож улс орон, ард иргэдийнхээ аюулгүйн манаанд зогсож байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаныхан. Анх 2004 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр,  1922 онд  байгуулагдсан Гал түймэртэй тэмцэх газар, 1964 онд үүсгэн байгуулагдсан Улсын Иргэний хамгаалалтын газар 1965 оноос ажиллаж ирсэн Улсын нөөцийн газар зэрэг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох адил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэн олон улсын жишигт нийцсэн Онцгой байдлын албыг  байгуулснаас хойш, өдгөө түүхт 10 жилийн ойтойгоо золгоод байна.
 
Өнөөгийн Онцгой байдлын алба бол  90 гаруй жилийн түүхэн улбаатай,  үе үеийн ахмадуудын тэмцэл, хөдөлмөр зүтгэлээр  бий болгосон материалын болон эдийн засаг, бэлтгэгдсэн боловсон хүчний бат суурьтай, дайчин мөртэй, яруу бахархалт замналтай онцгой алба юм. Тус албаны бие бүрэлдэхүүн, хамт олны дундаас хөдөлмөр бүтээл, соёл урлаг, спортын олон арван алдартнууд төрөн гарсан. Мөн гал түймэр,  үер ус, салхи шуурга зэрэг олныг хамарсан аюул гамшгийн эсрэг хүн ардын амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь насаараа дэнчин тавин хамгийн түрүүнд сөрөн зогсож, тэмцэж явсан баатарлаг зоригтон гавьяат үйлстэн олон бий.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Онцгой байдлын албаны 67 харьяа нэгж анги, салбарт зайлшгүй шаардлага гарвал амь насаа ч үл хайрлан тэмцэх, түүнийгээ эх орон, ард түмнийхээ өмнө батлан тангарагласан 3900 гаруй ажилтан, албан хаагчид  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн тангарагтаа үнэнчээр зүтгэж, түмэн олондоо ач буянаа хайрлан, амь өрссөн тушаал авахад хэзээд бэлэн ажиллаж, хөдөлмөрлөж байна.
 
Өргөсөн тангарагаа сүлдлэн дээдэлж, өргөн түмэн, өлгий сайхан эх орныхоо аюулгүй байдал, амар жимэр, аз жаргалант амьдралыг сахин хамгаалахын төлөө өдөр, шөнө, өглөө, үдэш, халуун нар, хахир хүйтэн, салхи шуурга, цас бороог үл анзааран эр зориг, тэсвэр, хатуужил, авьяас чадвараа нэгэн үзүүрт сэтгэлээр дайчлан шамдаж яваа Онцгой байдлын албаны албан хаагчид маань улс эх орон төдийгүй албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж Монгол Улсаас анх удаа Япон Улсад болсон цунамийн гамшгийн дараах олон улсын аврах үйл ажиллагаанд оролцож, НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албаны албан хаагчид 3 дах жилдээ оролцож хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.Онцгой байдлын албаны нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн баярын хурал өнөөдөр боллоо.
 
Баярын хуралд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Др.Владимир Кувшинов, АНУ-ын Аляскын үндэсний гвардын ерөнхий командлагчийн орлогч ноён Мак Рой, БНХАУ-ын Ойн улсын хорооны Үндэсний ойн түймрийн хяналтын газрын орлогч дарга, ноён Чень Зян, Онцгой байдлын анхны сайд асан У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.Улсын Иргэний хамгаалалтын байгууллага үүсч байгуулагдсаны 50 жил, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч байгуулагдсаны 92, Улсын нөөцийн байгууллага үүсч байгуулагдсаны 49 жилийн ой, Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг тохиолдуулан тус албанд олон жил үр бүтээлтэй ажилласан 590 гаруй албан хаагч төрийн болон албаны одон  медалиар энгэрээ мялаалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.