Эдвард Сноуденд Нобелийн энх тайвны шагнал олгохыг нэрт хуульчид дэмжиж байна
Норвеги улсын хэд хэдэн нэрт хуульч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд Нобелийн шагнал олгох саналыг дэмжсэн талаар ИТАР-ТАСС өчигдөр мэдээллээ.

Бергений их сургуулийн профессор Терье Айнарсен өнгөрсөн нэгдүгээр сард Э.Сноуденийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх саналыг анх тавьсан юм. Түүний саналыг Бергений их сургуулийн ректор асан, профессор Ян Фритьоф Бернт, Ослогийн их сургуулийн профессор Бернт Хагвет, Ж.Бейли болон Осло дахь Олон улсын хуульчдын комиссын за­хирал, өмгөөлөгч А.Кье­рульф зэрэг хуульчид дэмжиж буйгаа мэдэгдлээ.

Норвегид байдаг Олон улсын хуульчдын комисс энэ саналыг дэмжсэн хуульчдын гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Норвеги улсын Но­белийн хүрээлэнд илгээсэн хуульчдын захидалд “Э.Сноуден ТТГ-ын нууц материалуудыг олон ний­тэд илчилсэн нь улс ор­нуудын улстөрчид, сэт­гүүлчид, жирийн иргэд таг­нуулын болон цэргийн үйл ажиллагааны масштаб дэлхий дахинд ямар цар хүрээг өргөжин хамарч, тэдний амьдрал болоод ний­гэмд оролцож байгаа та­лаар бодоход хүргэсэн” гэж бичжээ.

Профессор Ян Фритьоф Бернт “Нобелийн энх тайвны шагналыг Сноуденд олгох нь зөвхөн түүний эр зориг, зөв үйлд­лийг үнэлсэн хэрэг биш тусгай албад нь нийгмийн болон хүмүүсийн хувийн амьдралыг хянаж ардчилалд заналхийлж байгаа гэдгийг мэдсэн явдал юм” хэмээн хэлсэн байна. Гэхдээ Но­белийн энх тайвны шагналд нэр дэвших эрхтэй байхын тулд зарим олон нийтийн байгууллагын шаг­нал авсан, Засгийн газрын ги­шүүн эсвэл парламентын гишүүнээр ажилласан байх, их дээд сургуулийн ректор, профессор, хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг байх хэрэгтэй гэнэ. Тиймээс энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшигчийг ямар нэгэн байгууллагаас санал болгодог аж.

Түүнээс гадна Герман улсын “Spiegel online” сайт Эдвард Сноуденээс авсан нууц материалыг өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн нь шуугиан дэгдээсэн. Нийтдээ 53 файл нууц материал нь АНУ-ын нууц албад Германы өндөр албан тушаалтнуудын утсыг чагнаж, тагнасан талаар төдийгүй Америкийн тусгай албад германчуудтай мэдээлэл солилцдог байсныг нийтэлсэн аж.


Германы Канцлер А.Меркелийн гар утсыг АНУ-ын тусгай албад чагнаж байсан нь ч илэрсэн. Сайтад мөн Германы тагнуулын байгууллагын ашиг­лаж байсан “XKeyscore” программ нь интернэт хэрэглэгчдийн мэдээлэл татаж авах боломжтой талаар бичжээ.


Долоо хоног тутмын “Spiegel” сэтгүүлд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын аль ч улсад Германд явуулж байсан шиг идэвхтэй ажиллагаа явуулж байгаагүйг дурьдсан байна. Тус сэтгүүлийн ажилт­нууд нууц баримт ний­тэлсэн нь зөвхөн Герман улсын Засгийн газрын ашиг сонирхолд нийцсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Сонирхуулахад Германы “Христианы социал холбоо” намын гишүүд энэ сарын эхээр ОХУ-д очиж, Э.Сноудентэй уулзах хүсэлтээ хэлж байсан.


Түүнчлэн Германы прокурор, шүүгч Фриц Бауэрийн нэрэмжит шагналыг өнгөрсөн пүрэв гарагт Э.Сноуденд олголоо. “Хүмүүнлэгийн холбоо” хүний эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн Вернер Кёп-Керстин “Хүний эрхийг зөрчсөн тагнуулын практикийг илчлэхийн тулд Сноуден эр зориг гаргасан” хэмээн хэлжээ.


Харин АНУ-ын хууль хяналтын байгууллагаас Э.Сноуденд Тагнуулын ту­хай хуулийн зүйл ан­гийн дагуу үндэсний бат­лан хамгаалахын болон тагнуулын нууц мэдээллийг задруулсан, Америкийн таг­нуулын мэдээллийг авах эрхгүй этгээдэд нууц ма­териал санаатайгаар дам­жуулсан гэж буруутгаж байгаа юм.


АНУ-ын Засгийн газрын өмчийг хулгайлсан гэж үзсэн аж. Э.Сноуденийг буруутгаж байгаа хуулийн зүйл бүр нь түүнийг шоронд 10 хүртэл жил хорих ял оноох магадлалтай гэнэ.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.