Р.Сүхбат: “Монгол цэргийн өдөр” бол мөрдэс зүүж, эх орноо хамгаалах үйл хэрэгт зүтгэж яваа хүмүүсийн хувьд хамгийн том баяр
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбатыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа.

Юуны өмнө “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Раднаабазарын Сүхбат гэдэг. 1964 онд Архангай аймагт төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, өөрийн хүсэлтээр Ардын армийн 282 дугаар ангид цэргийн алба хааж байгаад тухайн үеийн ЗХУ-ын цэргийн сургуульд суралцах уралдаант шалгалтад орох өргөдөл өгч,  улмаар шалгалтдаа тэнцээд 1983 онд Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуульд суралцахаар ОХУ руу явж байлаа. Сургуулиа 1985 онд төгсч ирээд ажлынхаа анхны гарааг Налайх дахь Зэвсэгт хүчний 014 дүгээр  ангийн салаан захирагчаас эхэлж, салбарын захирагч болж, цэргийн албаны бүхий л албан тушаалыг дамжин ажиллаж ирсэн. Ингээд 2010 онд Ерөнхий цэргийн командлагчаар томилогдож, өнгөрсөн оноос ЗХЖШ-ын орлогч даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд байлдагчаас генерал хүртэлх эрхэм цолыг хүртэж, хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэж байна даа.

-Өөрийн хүсэлтээр цэргийн алба хаасан гэлээ. Ер нь яагаад цэргийн хүн болохоор шийдэв. Цэргийн хүмүүс ихэвчлэн удам дагах нь элбэг байдаг шүү дээ?
-Аравдугаар анги төгсөх үедээ л цэргийн хүн болох сонирхолтой байсан. Энэ дагуу цэргийн албаа хаасан. Тухайн үедээ олон аавын хүүхдүүдтэй сайхан үерхэж, нөхөрлөж, цэргийн албаны сайхныг мэдэрсэн. Ингээд 1983 онд нэгдсэн журмаар элсэлтийн шалгалт өгөөд, цэргийн сургуульд орсноор л цэргийн хүн болох гараагаа тавьсан даа. Манай удамд цэргийн хүн олон бий. Аав маань Монголын цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан хүн байдаг. Энэ ч утгаараа цэргийн хүн болоход минь нөлөөлсөн байх. Дүү нар маань ч гэсэн цэргийн албанд ажиллаж байна.

-Энэ жил Барилгын цэргийн ангийн тэгш ой тохиолоо. Үүнээс гадна цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд нэлээд түлхүү оролцуулна гэсэн шийдвэр гарсан. Үүнээс хойш цэргүүдээр хар, бор ажил хийлгэх нь гэсэн ойлголт иргэдийн дунд гарах болсон?
Энэ жил Монгол Улсад Барилгын цэргийн анги үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож, саяхан бид тодорхой чиглэл хөтөлбөрийн дагуу ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Барилгын цэргийн анги бол Монгол Улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан хамт олон. Өнөөдөр ч гэсэн оруулж буй хувь нэмэр их бий. Тухайлбал, улс орны томоохон үйлдвэр, Дархан, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтууд гэх мэт томоохон нэгжүүд дээр манай Барилгын цэргийн ангийнхан үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч энэ уламжлал хэвээр хадгалагдаж байгаа. Түүнчлэн манай Барилгын инженерийн ангиуд улс орны бүтээн байгуулалтад тодорхой төвшинд оролцож байна. Сүүлийн хэдэн жилд хийсэн томоохон ажлуудаас дурьдвал, Асгатын мөнгөний ордын долоон км замыг манай цэргийнхэн тавьсан. Дээрээс нь хөдөө, орон нутагт барьж буй барилгын ажлууд дээр манайхан бас түлхүү оролцож байна. Манай барилгын цэргийнхэн тайван цагт ч улс орныхоо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсаар байгаа.

Харин “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр бол 2013 онд Монгол Улсын Засгийн газраар хэлэлцэгдэж, батлагдсан. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай зориулалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх, хөдөлмөрлөх насны залуучуудыг ажлын байраар хангах, тэдний орлогыг дээшлүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг батлан хамгаалах салбарын хэмжээнд зохион байгуулахад оршиж байгаа юм. Үүнээс гадна зэвсэгт хүчний мэргэжлийн анги салбаруудыг томоохон барилга байгууламж, зам гүүрийн засвар хийх гэх мэтчилэн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах, дээрээс нь цэргийн алба хааж буй залууст энгийн мэргэжил эзэмшүүлээд тухайн хүн цаашид улс, эх орондоо хөдөлмөрлөх боломжийг нь олгох зорилготой томоохон хөтөлбөр гэж хэлж болно.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сүүлийн 3-4 жилийн хугацаанд БХЯ, ЗХЖШ хамтран нэлээд анхаарч, ажиллаж байна. Ялангуяа МСҮТ-үүдтэй хамтран хугацаат цэргийн албанд ирж байгаа алба хаагчдад тодорхой мэргэжил эзэмшүүлэх ажлыг хийж байгаа. Энэ жил Засгийн газраас цэргийн алба хаагчдыг төмөр замын бүтээн байгуулалтад түлхүү оролцуулах асуудал яригдаж байна. Үүний хүрээнд Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн сайдууд  хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд уул уурхай, төмөр замын бүтээн байгуулалтад оролцох чадвартай мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэхээр цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулаад эхэлсэн.

-Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэчнээн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцов. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох алба хаагчдад ямар шалгуур тавьдаг юм бэ?
-Монголын Зэвсэгт хүчин 1999 оноос эхлээд энхийг дэмжих ажиллагааны тодорхой төвшинд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энхийг дэмжих ажиллагаа явуулдаг НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцох асуудал 1990-ээд оны дунд үеэс эхлэн тавигдсан нь манай мэргэжилтнүүд, тухайн үед төр засгийн өндөрлөгт байсан хүмүүсийн анхаарлын төвд орсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноороо нэгдүгээрт, олон улсад нэр хүнд нь өснө, хоёрдугаарт, олон улсын цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж үзсэн учраас нэлээд арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Ингээд 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд удирдлагын хэд хэдэн баримт бичгийг гаргасан. Тухайлбал, энхийг дэмжих ажиллагаанд болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцохтой холбоотой Монгол Улсын хууль батлагдаж гарлаа. Мөн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний чиглэлийн хуулиудад нэмэлт өөрчлөлт орж байна. Ингээд 14 жилийн өндөрлөгөөс эргээд харахад, давхардсан тоогоор нийтдээ 12 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байдаг юм. Өнөөдөр ч гэсэн манай алба хаагчид халуун цэгүүд дээр үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа Өмнөд Суданд Монголын цэргийн баг, Хойд Суданд манай эмнэлгийн цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна.

Мөн олон улсын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Афганистаны “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд манай цэргийн багууд үүрэг гүйцэтгэж байгаа бол цэргийн ажиглагчийн байр сууринаас манай офицерууд ажиллаж байна. Үүнээс гадна энхийг дэмжих ажиллагаа явуулж байгаа газарт хүчний командлагчаар манай офицерууд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ бүхэн богино хугацаанд хэдий ч зэвсэгт хүчнийхний маань олсон томоохон амжилт гэж дүгнэж болно. Тэр ч утгаараа Монголын зэвсэгт хүчний нэр хүнд олон улсад өндөрт өргөгдөж, монгол цэргийн чадварыг харуулсан үйл ажиллагаа болж байгаа юм.

-Хуурай замын цэргээс дутахааргүй агаарын цэргийн салбараа хөгжүүлэх шаардлагатай гэж саяхан нэг хурал дээр ярьж байхыг тань сонссон юм байна. Манай улс агаарын цэргийн салбарыг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Мөн зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт ямар төвшинд байна вэ?
-Энэ бол манай Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг мөн. Яагаад гэвэл өнгөрсөн онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс гэдэг баримт бичиг батлагдаж гарсан. Энэ баримт бичиг маань үндсэндээ 1998 онд батлагдаж байсан Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн залгамж чанар гэж хэлж болно. 17 жилийн  дараа шинэчлэгдэж гарсан энэ баримт бичиг маань агуулга, дэвшүүлж байгаа зорилт, үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд батлан хамгаалах бодлогыг Монгол Улсын хэмжээнд яаж авч явах юм, ялангуяа зэвсэгт хүчин, цэргийн байгууллагаа яаж хөгжүүлэх вэ гэдэг үзэл баримтлалын тунхаг болж байгаа юм.

Одоогийн байдлаар энэ баримт бичигтэй уялдуулаад нэлээд арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Ялангуяа өнөөдөр батлан хамгаалах салбарын хүрээнд болон Зэвсэгт хүчний хэмжээнд мөрдөгдөж буй хууль, эрхзүйн орчныг сайжруулах асуудлууд яригдаж, хийгдэж байна. Зарим нэг хуулийн төслийг боловсруулаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр УИХ-д өргөн бариулсан. Хаврын чуулганаар зарим хуулийн төслүүд маань батлагдвал Зэвсэгт хүчний шинэчлэл, батлан хамгаалахын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаануудад томоохон түлхэц өгөх байх гэж бид харж байна. Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт Монгол Улсын Зэвсэгт хүчин хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ гэж заасан. Тэгэхээр бид яалт ч үгүй дэлхий нийтийн жишгээр хуурай замын цэрэгтэй байх шаардлагатай.

Ер нь Монголын Зэвсэгт хүчний түүхэнд дийлэнхдээ хуурай замын цэрэг голлосон үйл ажиллагаатай байсан. Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсанаар агаарын цэргийг бие даасан төрөл болгон хөгжүүлэх шаардлага гарч байгаа. Агаарын цэргийн хувьд шинэ үзэгдэл гэж харах хэрэгтэй. Яагаад гэвэл өмнө нь бид социалист нийгэм гэж байхад үндсэндээ хамтын хүчээр эх орноо хамгаалах концепцийг голлон барьж байсан. Энэ ч утгаараа өнөөдрийн Зэвсэгт хүчин, цэргийн анги нэгтгэлүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг бол агаарын цэргийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох, хөгжлийг цаашид хангах явдал юм. Энэ асуудал дээр нэлээд яригдаж буй зүйлүүд байна.

Түүнчлэн бид “Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өнгөрсөн онд дүгнэчихлээ. Тодорхой төвшинд ахиц гарсан ажлууд байна. Зарим хэмжээнд төсөв хөрөнгөтэй холбоотой бодлогын хэмжээний уялдаа холбооноос болоод хийгдээгүй, хүлээгдсэн арга хэмжээнүүд ч бий. Үүнтэй уялдуулан бид Зэвсэгт хүчний дунд хугацааны хөтөлбөрийг 2030 он хэмээн харж, тодорхойлох чиглэл барьж, энэ ондоо “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлуулах зорилт тавиад БХЯ, ЗХЖШ нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна.

-Цэргийн алба хаах хугацааны хувьд иргэдийн дунд нэлээд маргаан үүсч байсан хэдий ч нэг жил болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Ер нь гурван жилийн цэрэг, нэг жилийн цэргийн ялгаа юундаа байна. Нэг жилийн цэргийн алба хаах хугацаандаа бэлтгэлээ бүрэн эзэмшиж чадаж байгаа юу?
-Манай Зэвсэгт хүчний үндсэн үүрэг бол эх орноо батлан хамгаалах. Үүнд бид байнгын бэлтгэлтэй байх ёстой. Улс, эх оронд ямар ч аюул, заналхийлэл учирч болно. Энэ аюул, заналхийллийг гэтлэн гарах нэг арга нь зэвсэгт хүчнээ ашиглах асуудал байдаг. Тэгэхээр бид энэ зэвсэгт хүчнийг тайван болон дайны байдлын үед ашиглахад л бэлтгэл сургуулилтыг хангах нь өнөөдрийн бидний гол зорилго. Энэ ч утгаараа манай Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үндсэн хөдөлмөр бол цэргийн сургалт, бэлтгэл юм.

Тийм ч учраас цэргийн алба хаахаар ирж байгаа залуусыг бэлтгэх, цэргийн бага мэргэжилтэн, цэргийн мэргэжил эзэмшүүлэх, эх орноо батлан хамгаалах үүрэгт сургах нь л бидний гол үйл ажиллагаа. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулиар хүлээсэн тайван цагт гүйцэтгэх хэд хэдэн үүрэг байдаг. Энэ үүргүүдийг биелүүлэх чиглэлээр цэргийн анги нэгтгэлүүдийг бэлтгэх, алба хааж буй офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулах, оролцох, энэ бүх асуудлуудад Зэвсэгт хүчний нэгдсэн удирдлагаар хангах нь жанжин штабын гол бодлого юм. Цэргийн албаны хугацааны хувьд олон янзын санал байдаг. Би бол гурван жилийн цэргийн алба хааж байсан.

Дараа нь хоёр жил, нэг жил боллоо. Нэг жил болоод 20-иод жил болчихсон байна. Миний хувьд цэргийн алба хаах хугацааг уртасгах асуудал дээр эсрэг байр суурьтай байдаг. Нэг жилийн хугацаа гэдэг цэргийн албаны хувьд тохиромжтой. Орчин үеийн залуусын боловсролын төвшин ямар байна, өнөөдөр сургалтад ашиглаж байгаа техник технологи ямөр төвшинд байна, үзэж харж байгаа зүйл нь ч өөр болчихлоо. Тэгэхээр цэргийн эрчимжсэн сургалтыг явуулах бүрэн бололцоотой гэсэн үг. Мөн тайван цагт цэргийн алба хаах хэд хэдэн төрөл бий. Тухайлбал, биеэр болон дүйцүүлэх хэлбэрээр хааж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ бүхэн чинь тодорхой хэмжээгээр цэргийн алба хааж, үүгээрээ дамжуулан залууст төлөвшлийг олгох, эх оронч үзлийг суулгахадчиглэж байгаа хэрэг юм. Түүнчлэн цэргийн алба хаах хэлбэрийг улам оновчтой боловсронгуй болгоход бид анхаарч ажиллах ёстой.

-Сүүлийн үед цэргийн албанд татагдаж байгаа залуусын хувьд боловсролын төвшин өндөр байгаа ч эрүүл мэндээр тэнцэхгүй байх тохиолдол их байгаа гэсэн үү. Ер нь цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудал хэр анхаарал татаж байна вэ?
-Боловсролын төвшний хувьд нэг хэсэг тааруу байсан үе бий. Ялангуяа 1995-2000 оны үед нэг нийгмээс нөгөө рүү шилжиж байсан болохоор сургууль завсардалт их байлаа. Үүнтэй холбоотой цэргийн албанд татагдаж байсан залуусын боловсролын төвшин нэлээд бага байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал харьцангуй өөрчлөгдөж, боловсролын төвшин нэлээд өндөрссөн. Учир нь төрийн албан хаагч болоход цэргийн алба хаасан байх ёстой гэх мэтчилэн шаардлага тавиад эхлэхтэй зэрэгцэн цэргийн албанд татагдаж буй залуусын хүсэл сонирхол, цэргийн албыг биеэр хаагаад үзье гэсэн эрмэлзлэл нэмэгдсэн гэж хэлж болно.

Гэхдээ эрүүл мэндийн хувьд асуудалтай зүйл их бий. Нуух юм байхгүй. Өнөөдөр Монгол Улс шилжилтийн үеэ өнгөрөөгөөд олон жилийг үдлээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн тодорхой төвшинд орхигдсон асуудлууд байна. Анхаарч байгаа нь ч бий. Дээрээс нь дэлхий нийтийн даяаршилтай уялдуулаад залуучуудад бие бялдрын болоод эрүүл мэндийн чиглэлээр боловсрол олгох асуудал орхигдсон нь ч байна. Мөн хувь хүмүүс эрүүл мэнддээ анхаардаггүй гэх мэтчилэн олон хүчин зүйл нөлөөлж байгаа болохоор эрүүл мэндийн тухайд гарч буй сөрөг асуудлууд бий. Гэхдээ жил бүр л цэрэг татлага явагддаг, залуус маань ирдэг, тэднийг үздэг.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад, тодорхой тооны хүн эрүүл мэндийн шалтгаанаар хасагдаж байна. Ялангуяа өвчлөл залуужиж байна. Цэргийн албанд татагдаад ирж байгаа залуусын дунд гэмтэл, бэлгийн замын болон арьс, харшлын гаралтай өвчнүүд, сүрьеэ гэх мэтийн өвчнүүд их байна. Тэгэхээр эрүүл мэндийн асуудлыг хаа хаанаа анхаарах л ёстой. Ялангуяа цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. Дээхэн үед биднийг сурагч байхад хувь хүний эрүүл ахуй, өөрийгөө аваад явчих дадал хэвшлийг ерөнхий боловсролын сургуульд олгочихдог байсан. Өнөөдөр тийм боловсрол дутагдаж байна уу даа гэж харагддаг юм.

-Цэргийн алба хааж буй хүн гэдэг утгаараа энгийн хүмүүсээс илүү ёс суртахуунтай, дэг журамтай байдаг. Гэтэл орчин үед цэргийн алба хааж буй залуус маань ёс суртахууны доголдолтой байх нь элбэг болж. Тэгэхээр залууст хандаж та юу хэлэх вэ?
-Цэргийн хүн бол хамгийн түрүүнд төрийн хувцас формыг их сайхан өмсч, эдэлдэг байх ёстой. Хоёрдугаарт, үзэл бодол, сэтгэлгээний хувьд эх оронч байх хэрэгтэй. Цэргийн хүн болсноор алхаа гишгээ, биеэ авч явах байдалд маш сайхан нөлөө үзүүлдэг. Мөн аливаад шударга хандах хүсэл эрмэлзлэлийг бий болгодог. Ер нь цэргийн хүн гэдэг чинь эх орноо хамгаалагч гэдэг утгаараа аль болох бусдын нүдэн дээр биеэ зөв авч явах төлөвшилтэй, сурч эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд, өөрсдийнхөө хариуцаж, хашиж байгаа албан тушаалынхаа хүрээнд юмыг харьцуулан судалж, дүгнэлт хийж чаддаг байх ёстой. Гэтэл сүүлийн үед эх оронч үзэл гэдэг зүйл байхгүй болж байна уу гэж харагддаг.

Тийм учраас хүүхдүүдэд багаас нь эх оронч үзлийг төлөвшүүлэхэд манай зэвсэгт хүчнийхэн нэлээд анхаарч ажилладаг. Ялангуяа сүүлийн үед цэргийн насны залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр нэлээдгүй арга хэмжээг зохион явуулж байна. Үүний үр дүнд манай залуус ч нэлээд сайн ойлголттой болж байгаа байх.

-“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-аас ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
-“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний ой бол манай Зэвсэгт хүчний хувьд бол маш том баяр. Яагаад гэвэл мөрдэс зүүсэн, эх орноо хамгаалах энэ үйл хэрэгт зүтгэж яваа хүмүүсийн хувьд хамгийн том баяр нь байдаг. Тэр ч утгаараа жил бүр нэлээд ач холбогдол өгч, аль болох өргөн хүрээнд тэмдэглэхийг эрмэлздэг. Энэ жилийн хувьд БХ-ын сайдын тушаал гарч, яамны болон зэвсэгт хүчний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гараад гуравдугаар сарын эхнээс л системтэйгээр явагдаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нэлээд ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын байлдагч, түрүүч нарын дунд зохион байгуулдаг шилдэг түрүүч, байлдагч шалгаруулах тэмцээн, 26 дахь жилдээ зохиогдож, уламжлал болсон “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа.Мөн хоёр жил тутамд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд томоохон уралдаан тэмцээн явуулдаг. Энэ юу вэ гэвэл цэргийн мөрдэс зүүсэн хүмүүсийн дунд ардын авьяастнууд олон байдаг. Энэ авьяастнуудаа нээн илрүүлэх, хамт олных нь өмнө сурталчлах, урлаг соёлоороо дамжуулан хүмүүжлийг бий болгох асуудлын хүрээнд явагддаг “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн үзлэгийг зохион байгуулсан. Эндээс шалгарсан ардын авьяастнуудын нэгдсэн тоглолтыг өнгөрсөн долоо хоногт толилууллаа. Үүнээс гадна “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабуудтай хамтраад ЕБС-иуд, их, дээд сургуулиудын сурагч, оюутнуудын дунд эх оронч үзлийг төлөвшүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний оролцооны чиглэлүүдээр лекц, сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ жил Монгол Улсад суугаа гадаадын ЭС-ын атташе нарын аппаратыг хүлээн авч, нөхөрсөг тэмцээнийг зохион явууллаа. Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болсон уралдаан тэмцээнүүдийг явууллаа. Гэх мэтчилэн олон арга хэмжээг зохион байгуулсан. Мөн зөвхөн БХЯ, ЗХЖШ гэхгүйгээр нийслэл, аймгийн цэргийн штабуудаас тухайн орон нутагтаа батлан хамгаалах бодлого, цэрэг эх оронч үзлийг сурталчлах, зэвсэгт хүчний үйл ажиллагааг олонд таниулах зэрэг үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байна.

-Таны хувьд баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ. Цэргийн хүмүүс тушаалаар үүрэг  гүйцэтгэдэг болохоор ар гэртээ зарцуулах цаг хомс байдаг юм шиг санагддаг?
-Цэргийн хүний хувьд жил болгон баярын өдрөө өндөр сэтгэгдэлтэй тэмдэглэхийг эрмэлздэг. Гэхдээ Зэвсэгт хүчний хариуцлагатай албан тушаал хашч байгааг хүний хувьд зэвсэгт хүчний хэм­жээнд явагдаж байгаа үйл ажиллагаанууд маань сайхан болоосой гэж боддог. Энэ үйл ажиллагааныхаа заримыг нь зохион байгуулж, заримд нь гар бие оролцож байна. Мэдээж хэрэг, зав чөлөөгөөрөө гэр орныхонтойгоо чөлөөт цагаа өнгөрөөлгүй яах вэ. Цэргийн хүн гээд л ар гэрээ хаячихаад яваад байж болохгүй шүү дээ. Ялангуяа хүүхдүүдийнхээ сургалт хүмүүжил дээр анхаарах асуудал байна. Ажил, амьдралаа зохицуулах нь хувь хүний л асуудал болохоор аль болох өөрөө л зохицуулах ёстой гэж боддог. Тэгэхдээ цэргийн хүний ар талыг дааж явдаг гэр бүлийн маань хүн л ерөнхийдөө бүх асуудлыг зохицуулдаг даа.

-Хүүхдүүдээс тань цэргийн хүн болж, мэргэжлийг тань өвлөж байгаа хүн бий юу?
-Би хоёр хүүтэй. Одоохондоо миний мэргэжлийг өвлөж байгаа хүүхэд алга. Том хүү маань архитектурын мэргэжилтэй. Бага нь XI ангийн сурагч. Төгсөөд ямар мэргэжил эзэмшихийг нь хэлж мэдэхгүй юм даа. Одоо чинь хуучныхтай адил зааж, зааварладаг үе өнгөрсөн шүү дээ. Тэгж шаардлага тавиад, хүүхдээ дур сонирхолгүй зүйл рүү нь хөтөлж оруулах ч дэмий байх. Тэгэхээр сургуулиа төгсөөд л, ямар мэргэжилтэй болохоо өөрөө шийдэх байх даа.

-Цаг зав гарган ярилцаж, зэвсэгт хүчний үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн явдалд баярлалаа.
-“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг “Монголын мэдээ” сонины хамт олонд хүргэе. Мөн танай сониноор дамжуулан Монголын зэвсэгт хүчний үе үеийн ахмад дайчид, чөлөөнд болон бэлтгэлд байгаа ахмадууд, генерал, офицерууд, цэргийн алба хаагчиддаа энэ ойн баярын мэндийг хүргэж, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
 
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nyam 2016-04-01 11:46:49
    yahaaraa hotsrogdson deer ue gej? medehgui baij hudlaa medemhiirehee hezee bolih um be/? Dotoodin tsergiin 05-r angiin tangargin bayrin zurag baina sdee,harin z...
    103.57.95.175
    Мэдэгдсэн Хариулах
  • 282 2016-03-17 16:47:21
    ene 282-r angiin zurag baina. Sukhbat ooroo xaragdaxgyi baina, baga tyryych baisan shig sanaj baina. Tsergyyddee mend xyrgie. Ximiin bagsh, deslegch D.D
    128.233.13.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Polpol 2016-03-17 06:34:53
    Deer yeiin hotsrogdson zurag tavih yum...
    122.201.21.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-17 05:32:43
    ЦЭРГИЙН БАЯР 3 САРЫН 18НД. УЛС ТУНХАГЛАСАНЫ БАЯР 11 САРЫН 26НД. АН-ЫНХАН БҮГДИЙГ БУЖИГНУУЛАХ ЮМАА, АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ!!!!
    124.158.106.4
    Мэдэгдсэн Хариулах
    • SS 2016-03-17 11:07:04
      harin tiimdee neg ih ajil hiisen hun boloh gej hamag yumiig bujignuulj baina daa HARAMSAMAAR
      122.201.31.120
      Мэдэгдсэн Хариулах