Үсэрсэн цус, тасарсан мах Өвөрмонголчууд минь...
Парламентын сэтгүүлчдийн холбооныхон энэ сарын 5-14-ний хооронд Өвөр­монголын Хөх хот, Баяннуур, Ордос хотуудтай танил­цаж Хатан голын хөвөөгөөр өгсөж, уруудан аялснаа эргэн дурсахад таатай байна. Өнгөрсөн удаагийн аялалд зам нийлсэн бидний 14 сэтгүүлчдийн дунд Хөх хот бай­тугай Эрээнд анх удаа хөл тавьж үзсэн хүн ч байсан юм.

Эрээн хот улам л эрээн, мяраан, өнгөлөг, мөнгөлөг болж байгааг Замын-Үүдийн тоотойхон хэдэн 4-5 давхар байшинтай харьцуулашгүй. Хөх хотын баруун хойгуур сундалдан сүглийх Даланхар уулын омог бардам төрх, тэрхүү аварга хар уулыг хүний гараар битүү ойжуулж, ногоор­уулж байгаа хятадуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг гайхахгүй, дуу алдахгүй байхын аргагүй. Тэр аяараа төмрийн хүдэр гэгдэх Даланхар уулыг түшээд Хөх хот, Бугат гээд аялал жуулчлал, ган төмөр, машины үйлдвэрийн аварга том цогцолборууд шил, шилээ даран босч, өөрөө буулгагч 140-200 тоннын даацтай аварга том машин, механизмын БНХАУ дахь хамгийн том үйлдвэрлэлийн төв нь болжээ. Өвөрмонголд өрнөж байгаа орон сууц, 2-3 давхар хурдны замын аварга том бүтээн байгуулалтын ажлыг нэг мөр ойлгож, сонины ганц, хоёр нүүрэнд багтаан бичих ямар ч боломжгүйн дээр дэндүү хуурай, тоо баримт муутай болчих юм шиг санагдаад болшгүй.

Харин манай Өмнөговь аймагтай хил залган орших Баяннуур аймгийн тэр их элсэн цөлийг хүний гараар хэрхэн ойжуулж, ямар аргаар ногооруулж байгааг хараад өөрийн эрхгүй цагаан атаархал төрснөө нуух юун.

БНХАУ нь таван өөртөө засах орон, 23 муж, хоёр засаг захиргааны тусгай бүстэй хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг аргагүй л том гүрэн. Тэгвэл ӨМӨЗО-ны хамгийн хойд хил болох Баяннуур аймгийн элсэн цөлийг ногооруулж, моджуулж байгаа хүмүүс нь Сычуань, Ганьсу, Хунань мужуудаас ирсэн хэдэн үеийн тариачид гэнэ. Ёстой л хадан хясаан дээр цагаан будаа ургуулчихдаг ясны ногоочид юм.

Автобусны цонхоор ажиглаж явахад Даланхар уулын хормой бэлээр тарьсан модоо усалж, зээтүүгээр газар сэндийлж яваа хятадууд аргагүй л халуун газраас ирсэн бололтой зуны халуунд голдуу хөх, ногоон өнгийн зузаан хүрэм өмссөн туранхайвтар бараан царайтай хүмүүс байх аж. Тэд халуун наранд борви бохисхийлгүй ажиллаж, мод бүрээ арчиж, зүлгэх нь холгүй тордож байгаа учир нь тарьсан мод нь 2-3 настай болж, хүний нуруутай ойролцоо өндөртэй ургаад ирэнгүүт нь мод бүрийг нь ойролцоогоор 20-30 юаниар үнэлж, улс нь худалдаж авдаг гэнэ. Харин Баяннуур аймгийн элсэн цөлд ургуулсан мод, бут бүрийг арай өөр, ахиу үнээр худалдаж авдаг.

Ерөнхийдөө тогтсон ханш нь нэг модны нүх ухахад 3-5, үрслүүр буюу соёо суулгахад 6-8 юанийн ханштай байдаг дуулдана. Зөвхөн энэ ажлыг хийгээд өдөртөө 300-400 юань олчихдог мэргэжлийн мод таригчид нь голдуу Сычуань мужаас ирсэн, урьд нь гуйлгачин шахуу амьдралтай байсан хятадууд байдаг гэнэ. Ямартай ч манай Өмнөговь аймаг нүүрсний том, том машинуудын хөлөөр боссон пургисан цагаан тоосон дунд дайвалзаж, тоотой хэдэн заг, тоорой мод нь тоосонд даруулан газарт булагдаж байхад өөрсдөө хөрсөн дороо асар их нүүрстэй Баяннуур аймаг ухаж, төнхөх биш ургуулах, ногооруулах гээчийн гайхамшгийг чухам л үзүүлэх шиг болж байна.

Бидний үзэж танилцсан дараагийн нэгэн гайхалтай цогцолбор бол Ордос аймагт сүндэрлэх Чингис хааны онгон байсан юм. Чингис хааны алтан шарилыг тээсэн хас тэрэг Ордосын тохойд шаварт шигдэн эзний сүнс хоргодсон гэх домог хуучаас үүдэн тэнд Онгоныг нь байгуулсан гэдэг. Их гүрэн гэдэг аргагүй л алсыг харж, бусдын түүхийг ч өөртөө хамааруулж дөнгөдөгийн сонгодог жишээ нь өнөөдөр Өвөрмонголын Ордос аймгийн Эзэн хороо хошууны нутагт байгаа Чингисийн онгон гэж ойлгож болно. Өвөрмонголчууд болон нийт Монгол угсаатны бахархал, шаргал түүхийн гунигт нулимс болсон энэ домогт газрыг 2005 онд БНХАУ-ын эрх баригчид хүчээр түрээ барин булаан авч, хятадын аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд оруулжээ.

Их хааны алтан шарилыг тээж явсан хас тэрэг элсэнд шигдэж, бараа бологчид нь тэнгэр, лусыг аргадаж арайхийн сугалж гаргаад, учир шалтгаан бүрэлдсэн тэрхүү газарт нь эзнийхээ бүс тэргүүтэн нандин зүйлсийг онголж, Онгон элс хэмээн нэрийдсэн гэлцдэг. Бидний үзсэн Чингис хааны онгон хоёр цогцолбор хэсгээс бүрддэг юм байна. Нэг нь Чингисийн онгон шүтээн байрладаг гурван залгаа гэр маягтай ордон. Нөгөө нь “Чингис хааны цогцолбор музей” ажээ. Гурван залгаа гэр хэлбэртэй цагаан ордны өмнө омголон морь унасан Чингис хааны хүрэл хөшөө байна. Гурван байшингийн дундах том гэр хэлбэртэй ордон нь Чингис хааны тахилгын танхим гэнэ. Гэрээр бол хоймортоо их хааны дүртэй 4.5 м орчим өндөр алтадсан хөшөө байрлуулж өмнө нь зул хүж, идээ цагаа, жимс, чихэр тэргүүтнийг өржээ. Алтадмал хөшөөний ар талаар тухайн цагийн цэрэг баатруудын өмсгөл зүүлт, эртний эмээл зэргийг байрлуулжээ. Энэ их танхимд монгол үндэстнүүд ирж тахил өргөдөг юм байна. Их хааны онгоныг хэзээнээсээ Дархадууд харж, хамгаалж, тордож дэмнэсээр иржээ. Биднийг очиход их хааны онгоныг сахин хамгаалж байгаа 36 дугаар үеийн тахилч дархадууд үүргээ гүйцэтгэж байв. Тэд өөр ажил эрхэлдэггүй, ойролцоогоор 4000 орчим юанийн цалин авч, их эзнийхээ онгон шүтээнийг газар газрын жуулчдад үзүүлж, харуулчихаад тов хийтэл амьдран сууцгаадаг гэнэ. Их хааныхаа онгон шүтээнийг үзэж явахад түүхийн даажигнал, их гүрний дээрэнгүйлэл, түү­ний өмнө хүчин мөхөсдөх өөрсдийнхөө тухай гашуун бодол хоолой аргуулж л явлаа. Бидний очсон дараа­гийн газар бол “Эзэнгүй хот” буюу бүхэл бүтэн авар­га хот хүнгүй мэт дүнсийх, БНХАУ-ын аварга том бүтээн байгуулалтын бэлээхэн гэрч болсон Ордос хотын Кан байши дүүрэг байсан аж.

Хятадууд Өвөрмонголын тал нутгийг аажмаар хятаджуулах, хятадад уусгах төрийн аварга машин ажиллуулж байгаагийн бэлээхэн гэрч нь том, том хотыг яаравчлан босгож, тийш нь хятадын өмнөд мужуудаас үгээгүй ядуу голдуу тариачдыг хэдэн зуун мянга, саяар нь нүүлгэн шилжүүлж байгаа юм байна. Харин өмнөд мужуудаас ирсэн ядуу тариачид шууд л хотын соёлд идээшин дасч чадахгүй байгаагаас бүхэл бүтэн хотууд оршин суугчгүй шахам нойрмоглон дүнсийж байгаагийн нэгэн жишээ нь Кан байши дүүрэг гэнэ. Түүнээс гадна энэ дүүргийг яаравчлан босгохдоо элсэн цөл дундах энэ хотын усны асуудлыг сайтар төлөвлөөгүй нь томоохон асуудал дагуулсан байна. Хотоо бариад дуусах шахаж байтал ундны усны томоохон асуудал босч ирж тээр хойно Хатан голоос аварга том ус дамжуулах суваг, хоолой татаж одоо ямар ч гэсэн тэрхүү хүндрэлийг шийдээд байгаа гэнэ. Биднийг явж байхад хотынхоо дундуур том том хиймэл далан, суваг татаж усны асуудлаа эцэслэн шийдсэн нь харагдаж байлаа.

Хэдийгээр “Эзэнгүй хот”, “Хий үзэгдлийн хот” нэртэй ч өнөөдөр энэхүү гоёмсог хотод 1.7 сая хүн амьдардаг байна. Бидний дараагийн очсон газар бол жинхэнэ элсэн манхан дунд байгуулсан амралт зугаалгын Бүрээ манхан цогцолбор байв. Манайдаа ганц Скай ресурсын цаны баазын татуурган замаас даруй гурав дахин урт замаар элсэн манхны нэг оройгоос нөгөө орой руу явахад тээр дор 50 гаруй метрийн алсад бяцхан горхи хоржигнон урсах нь чихэнд сонсголонтой. Хөл дороос халуун элс төөнөвч элсэн манхан дунд амралт зугаалгын бяцхан диваажин босгосон хятадуудын арга, ухааныг бодохоор зулай чийгтэж мөнөөх л цагаан атаархал маань босч өөрийн орны улстөрчдийн бодлого ямар өчүүхэн юм бэ гэж бодов.

Үргэлжлэл бий...
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bid mongol 2014-08-17 09:23:06
    nvdeeree harj baij bichsn tegeed bid yaagaad gedeg asuultiin hiyaruud chini yv yv bicheed baina sereglen hvnvvd ni setgeleeree bihad zarim neg ni bas l yanzaaraa bn tiim sain uhaantai ym bol ooriigoo mongoldoo haruulchihaach
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Azka 2014-06-26 04:00:21
    Миний бодлоор энэ сэтгүүлч маш зөв бичсэн байна. Бид юу ч хийхгүй маш залхуу, хэрүүлч байна. Сэтгүүлч энэ ойрхон бидний ижил байгальтай улс гүрэнг харьцуулсан байна. Бид холч ухаан гаргахгүй байна. Надад ч гэсэн Арабын Дубай хотод амьдарч аялаж байхад өөр
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зоч 2014-06-26 02:24:00
    ямар юмных нь үсэрсэн цус тасарсан мах байх вэ дээ улаан хувьсгалын үед устсан
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
    • Хөх Монгол 2020-09-17 01:33:21
      Чи лав хужаа байхаа
      162.158.255.229
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-06-26 02:10:46
    ӨВӨРМОНГОЛЧУУД ЯАХ ВЭ, ӨӨРСНИЙГӨӨ Л БИД ХИЧЭЭЕ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-26 01:49:32
    Зааа худлаа шаах гэж, хөгжөөд цэцэглээд ирэхэээр нь л мах цусаа санаж гэнэ. Яахаараа ийм хөгийн долигнуур, хоёр нүүртэй байдаг байна аа. Манайд амьдарч байгаа өвөрүүд хичнээн дарамт шахалтанд амьдардаг билээ? Байнгийн хардалт сэрдэлт, хүчний байгууллагын
    202.21.114.155
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2014-06-26 01:10:28
    harin tiimee. uneheer amidarch,ajillaj chaddag ard tumen shuu. manaihan gj hooson tseej deldsen ongirgon ulsuud ardchilal hugjuud 25 jil bolj bhad yu ch buteej chadsangui. uls turchid n hereldeeeed l bh yum. heden chuvgants tsuglarchihsan bie bieniihee mu
    112.72.13.115
    Мэдэгдсэн Хариулах