Их, дээд сургуулиудыг АСЕМ-д хамтран ажиллахыг урилаа
Энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил, уулзалтын үйл ажиллагааны үеэр Монголын их, дээд сургуулиудыг сайн дурын ажилд хамтран оролцохыг урьсан арга хэмжээ болов. 

Их, дээд сургуулиудын удирдлагын уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “АСЕМ-д Европын 30, Азийн 21 улс, олон улсын хоёр байгууллага, нийтдээ 53 субъект багтсан нэр хүнд бүхий олон улсын байгууллага юм. АСЕМ нь дэлхийн нийт хүн амын 60 хувь, дэлхийн эдийн засгийн 58 хувийг багтаасан байдаг. АСЕМ-ийн үйл ажиллагаа нь улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын гэсэн гурван чиглэлтэй. Түүний нэг онцлог бол өөрийн гэсэн суурин бүтэц байдаггүй. Албан бусаар уулзаж, тэр үеэрээ дээрх 3 чиглэлээр уулзалт, яриа зохион байгуулдаг. Монголд хийх арга хэмжээний үеэр 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт, 20 жилийн ой нь давхцаж байгаа. Хоёр жилд нэг удаа уулзалт болдог. Нэг нэг улсад ээлжлээд явах юм бол 100 жилд нэг л удаа нэг гишүүн оронд болохоор байгаа.Монголд ийм олон улс цуглаж байсан түүх миний мэдэхээр 1600-гаад оноос хойш байхгүй. Хэдэн зуун жилийн дараа Монголд ийм олон орны төр, засгийн тэргүүнүүд ирэх хариуцлагатай ажил ногдож байна.

АСЕМ-ийг зохион байгуулна гэдэг бол нэгд, нэр төрийн хэрэг. Хоёрт, асар том хариуцлагатай ажил юм. Энэ ажлыг хэвлэл мэдээлэл, зочид буудлынхан, ард иргэд, улс төрийн намууд бүгд дэмжиж байгаа. АСЕМ-ийн 20 жилийн ойн үеэр Монголд олон чухал үйл явдал болно. Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, УИХ-ын сонгууль гээд олон үйл явдал болно.АСЕМ-ийн чуулганы хүрээнд ирэх 4 дүгээр сараас эхлээд долдугаар сарын 16 хүртэл 10 гаруй том арга хэмжээ болно. Эдгээрт 4000 гаруй зочид, төлөөлөгчид, 800-1000 орчим сэтгүүлчид ирнэ.Аливаа ажлыг бүгдээрээ хамтарч хийдэг. Энэ ажлыг Монголын их, дээд сургуулиуд маань дэмжээч гэж хүсч байна. Их, дээд сургуулиудыг сайн дурын үндсэн дээр, сайн оюутнуудаа сонгож, сайн дурын багт ажиллуулаач гэж хүсэлт тавьж, урилга өгч байна. Сайн дурын ажилд нийтдээ 1200-1500 шигшмэл оюутан хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.

Сайн дурын ажил хийх оюутнууд АСЕМ-ийн зочдыг угтах, үдэх, баримт материал тараах, сэтгүүлчдэд туслах, хэрэгтэй үед хэлмэрчлэх, шаардлагатай үед ачаа бараа зөөлцөх, замын хөдөлгөөн зохицуулах зэрэг ажилд туслах ажээ. Ажиллах оюутнуудад сэтгэл, зүтгэл, сахилга, хариуцлага хамгийн чухал гэдгийг мөн хэлж байлаа.УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт АСЕМ-ийн дараа бий болсон дэд бүтцээ ашиглан улс төрийн туризм хөгжүүлнэ гэдгийг хэлж байв.

Их, дээд сургуулиудын удирдлагууд АСЕМ-ийн үйл ажиллагаанд оюутнуудынхаа хүчээр хамтарч оролцоно гэдгээ илэрхийлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.