Э.Алдар: Өөрийгөө өндрөөс айдаггүй гэж бодож байсан чинь тийм биш юм билээ
“Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино энэ сарын 7-ний өдөр нээлтээ хийгээд байгаа билээ. Энэхүү киноны гол дүрд тоглосон Э.Алдартай ярилцлаа.

-“Хүүгүй ломбард” кино үзэгчдэд хүрч эхэллээ. Киноны болоод дүрийнхээ талаар ярьвал?

-Би энэ кинонд Үрлээ гэдэг залуугийн дүрд тоглосон. “Би чамд хайртай” киноны Үрлээ гэдэг шиг. Хоёр найзын тухай өгүүлж байгаа кино л доо. Сайн найзууд хүнд байдалд орохоороо яаж бие биедээ ханддаг юм. Сайн найзыгаа бодох уу, эсвэл өөрийгөө бодох уу  гэдэг сонголт тулгарах үе бий. Тэр бүхнийг л харуулж байгаа уран бүтээл. Сайн найзуудаараа нийлээд үзээд, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрээд гарахад болохоор сайхан уран бүтээл болсон гэж бодож байгаа.

-“Хүүгүй ломбард” гэдэг нэр нь их сонирхолтой санагдаад байна?

-Хүмүүс ломбардны тухай гарах юм шигээр буруу ойлгох вий. Киноны нэрийг найруулагч маань өгсөн. Кинон дээрээ хальт ломбард ажиллуулж байгаа хэсэг гарна. Тэр ломбарднаасаа болоод төвөгтэй явдалтай учирч, түүнийхээ учрыг олох гээд л зүтгэнэ дээ. Яагаад ломбард ажиллуулах болсон бэ гэдгийг үзэгчид ирж үзээд, мэдээд, инээгээд гарах хэрэгтэй байх.

-Өмнө нь янз бүрийн дүрд тоглосон. Бусад дүрээс ялгагдах онцлог нь юу байна. Ажиллахад хэр хэцүү байв?

-Ямар ч дүр байсан түүн дээр ажиллахад хэцүү байдаг. Алдар гэдэг хүнээс өөр дүр бүтээхийн тулд нэлээд хичээлээ. Найруулагч болоод ангийн анд Анхаа маань хэлж, зөвлөж байлаа. Бие биедээ тус дэм болоод л тоглосон.  Бусад тоглосон дүрээсээ аль болох ялгарах гэж хичээсэн. Ерөнхийдөө их сайхан уран бүтээл болсон гэж бодож байгаа. Энэ киног үзээд хүмүүс их зүйлийг ойлгох байх гэж би бодож байна. Найз нөхдийн сайхан нөхөрлөл гэж юу байдаг юм. Нэг зүйлээс болоод хүний амьдрал яаж орвонгоороо эргэж болдог гэдгийг өгүүлсэн уран бүтээл.

-Кино багийн хувьд залуу бүрэлдэхүүн ажилласан. Найруулагч, гол дүрийн жүжигчид гээд л?

-Жүжигчдээс гадна найруулагч, дууны оператор, зураглаач, арын албаныхан гээд бүгд залуу хүмүүс байсан. Маш их эрч хүчтэй, ядрахыг мэддэггүй, асаалттай танкууд байж чадсан. Бүгдээрээ залуучууд байсан болохоор ажлыг маш хурдтай хийсэн. Өөрсдөө ч гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан болохоор үнэхээр мундаг ажиллаж чадсан гэж би бодож байгаа.

-Найруулагч нарыг их онцлогтой залуус гэж яриад байгаа. Жижиг хэсгийг ч гэсэн алдахгүй авдаг, маш их хөдөлмөрч гээд л. Гол дүрийн жүжигчний хувьд найруулагчдаа үнэлбэл?

-Манай киноны найруулагч нар бол маш сайн, хөдөлмөрч залуус. Нэг зураг авахад тэрнийг детал, энэний детал гээд л авдаг. Ерөнхийдөө манай найруулагч Отгоог детал Отгоо гэж хэлэхэд бараг болно. Энэ ч зөв л дөө. Кинон дээр маш нарийн детал болгон орж байхад уран бүтээлийг чимж өгдөг. Тэр болгоныг найруулагч маань бодож, алдаа оноо гаргахгүйн тулд хичээж ажилласан. Дараа нь тэрийг авдаг байж, энийг л ингээд авчихсан бол, яана аа, энэ хэсэгт тийм байсан бол гэхгүйгээр урьдчилаад бүх хэрэгтэй зургуудаа авч байсан болохоор энэ кино сайн уран бүтээл болж чадсан.

-Тоглоход хэцүү хэсгүүд байв уу?

-Байлгүй яахав. Би өөрийгөө өндрөөс айдаггүй хүн гэж бодож байсан чинь байшингийн төмөр шатаар дооошоо бууж байгаад нэлээд  өндөр дээрээс  үсэрч байгаа хэсэг дээр их айсан. Гадаа хүйтэн байсан болохоор шатнаас барихад гар даараад хэцүү байгаа юм чинь. Дөрөвдүгээр сард зургаа авсан шүү дээ. Хэчнээн хаврын улирал байсан ч гэсэн шөнөдөө багагүй хүйтэн байсан шүү дээ. Тэр үед гадаа зураг авалтуудаа авахад хүндрэлтэй зүйл их гарч байсан. Өөрийгөө өндрөөс айдаггүй гэж бодоод байдаг байсан яг байшин дээрээс доошоо хараад үзэхээр их эвгүй юм билээ. Уг нь бол таван давхар байшин байгаа шүү дээ. Тэгэхэд л шатаар доошоор бууж байхдаа гараа тавьчих юм бол ингээд л дуусаа гэж бодогдож байгаа юм чинь. Хогийн машин дээр үсэрч буух зураг авалтын үеэр найруулагч маань жаахан дээрээс үсэр гээд л. Бид хоёр “Юу яриад байгаа юм бэ. Үсэрч буухдаа хөлөө хугалчихвал яах юм” гэж маазраад л. Киногоо сайн болгохын тулд өндөр дээрээс үсрээд л, чадах бүхнээ л хийлээ.

-Дүрийн судалгаагаа хэрхэн хийв. Анхаа та хоёр нэг ангийн найзууд болохоор нөхөрлөлийн тухай харуулахад илүү амар байв уу?

-Бид хоёр СУИд 2003-2007 оны хооронд хамт сурсан. Анх хоёрдугаар курстээ “Бэр гуйсан нь” гэдэг нэг үзэгдэлт жүжиг дээр ажиллаж байсан. Тэгэхэд оюутнууд маань биднийг маш дэмжиж байлаа. Ер нь бид хоёр чинь их дажгүй оюутнууд байлаа шүү дээ. Дараа нь “Boomtown” хамтлаг байгуулахад манай Анхаа клипэнд тоглож өгдөг байлаа. Түүнээс хойш хамтарч ажиллаж байгаа нь энэ кино. Анхаатайгаа ойрд хамтарч уран бүтээлд тоглоогүй болохоор их сайхан байсан. Найзууд болохоор бие биедээ шаардлага тавьж, тусалж дэмжих зүйл дээрээ ч тусалж байсан. Мэдээж дүрээ амьдруулах, бусад дүрүүдээсээ ялгаатай болгохын тулд нэлээд хичээсэн. 10 жилийн найзууд ямар байлаа гэдгийг бодоод л энэ дүр дээр ажилласан даа.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.