Та компьютерийн урд оройн цагаар хэр удаан суудаг вэ
Компьютер, ухаалаг утасны дэлгэц удаан хугацаанд ширтэхээр юу болдог талаар та бодож байсан уу? Удаан хугацаанд ингэж ширтэх нь чухам ямар хор хөнөөлтэй бол. Бага байхад авдар шиг хэлбэртэй зурагт үздэг байж билээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнөөх авдар шиг зурагт маань улам л нимгэрсээр боловсронгуй болов. CRM, PLASMA, LCD, LED, OLED гээд нимгэн, тод, нягтрал өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй болон өөрчлөгдсөн хэдий ч сөрөг нөлөө бас байсаар байна. Жаахан дэлгэрэнгүй тайлбарлая...

Нүд бол гэрлийг мэдэрч хүлээн аваад тархинд мэдээлэл дамжуулах үүрэг бүхий эрхтэн. Тэр тусмаа нүдний торлог бүрхэвч нь гэрлийн тусламжтай өдөр, шөнийн аль болохыг ялгадаг байна. Шөнө болоход торлог бүрхэвч тархинд шөнө болсныг мэдээлнэ. Улмаар өнчин тархи мелатонин гэх гормоныг боловсруулан цусанд шахна. Цусан дахь мелатонины хэмжээ хангалттай төвшинд хүрсэн үед таны бие тайвшран унтаж амрахад бэлэн болно. Тус гормон нь 12 цагийн турш бүхэл шөнөжин идэвхтэй ажиллана. Өглөө болоход тархи мелатонин үйлдвэрлэхээ больж зогсонги байдалдаа эргэн шилжинэ. Мелатониныг Дракула гормон гэж нэрлэх нь бий учир нь тус гормон зөвхөн харанхуй болсон үед л үйлдвэрлэгддэг байна. Энд би харааны бус арай өөр зүйлийн талаар ярих гээд байгааг та гадарласан байх.

Асуудал юунд байна вэ гэхээр бид бүхэн технологийн эрин зуунд хэтэрхий удаан, шөнө болтол компьютер, ухаалаг утас, зурагт зэргийг ширтэж байна. Шөнө болчхоод байдаг гэвч та дэлгэцийн гэрэлтэй орчинд байгаад байвал мелатонины ялгаралт хязгаарлагдана. Юу гэх гээд байна вэ гэвэл эдгээр техник төхөөрөмжийн гэрэл таны тархинд өдөр болж байна гэсэн хуурамч мэдээллийг өгөх юм. Үүнээс болж мелатонин зохих цагтаа ялгарахгүй. Улмаар та хоногийн хэмнэлээ алдан урт хугацаанд эрүүл мэндээрээ хохирно. 

Cүүлийн үеийн дэлгэц байгалийн гэрэлтэй үед гялбахгүйгээр ашиглагдахаар хийгдсэн байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл цэнхэр өнгийн гэрэл цацруулдаг гэж ойлгож болно. Бүхий л өнгийн гэрэл мелатонины ялгаралд сөрөг нөлөөтэй ч цэнхэр өнгө хамгийн их нөлөөтэйг Харвардын их сургуулийн судлаачид тогтоосон байна. Тэд 6.5 цагийн турш ижилхэн гэрэлтүүлэгтэй цэнхэр болон ногоон өнгийн гэрэл хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Ингээд үр дүнд нь цэнхэр гэрэл 2 дахин их нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна. 

Улаан, улбар шар, шар өнгийн гэрэл нь цэнхэр өнгийг бодвол хамгийн бага нөлөөлнө. Бидний одоо ашиглаж байгаа эрчим хүчний хэмнэлттэй гэгдэх fluorescent ламп нь мөн л цэнхэр гэрэл гаргадаг. Хуучны орос ламп маань цэнхэр биш шар хэдий ч бидэнд хэмнэлттэй, үр ашигтай дээрх цэнхэр шийдлийг ашиглахаас өөр арга байхгүй. Нөгөө талаар ажлын цагаар цэнхэр гэрэлд байх нь бүтээмжид эерэг нөлөөтэй.

Швейцар улсын Базель хотын Их Сургуулийн эрдэмтэд нэгэн энгийн туршилтыг мөн хийсэн байна. Тэд 13 залууг 2 долоо хоногийн турш унтахаас нь өмнө компьютер дээр урт хугацаанд суулгасан байна. Эхний 7 хоног залуучууд хуучны цөөхөн хэдхэн өнгөний ялгаралтай дэлгэцийн ард орой бүр 5 цаг суужээ. Харин сүүлийн 7 хоногийг сүүлийн үеийн LED дэлгэцийн ард өнгөрөөжээ. 

Үр дүнд нь тэд маш том ялгааг олж харсан байна. LED дэлгэцийн ард суусан судалгаанд оролцогчдын бие дэх мелатонины хэмжээ зохистой хэмжээндээ хүртлээ маш уджээ. Тэд дэлгэцээ унтраан унтахаар хэвтсэн ч нөлөөлөл дахин цаг хэртэй үргэлжсэн байна. Мөн бүхий л шөнийн турш мелатонины дутагдалтай хэвээр хоносон байна. Иймэрхүү хоногийн хэмнэлттэй байснаар та чихрийн шижин, хэт таргалалт, хавдар, дархлааны системийн сулрал гэх мэт зүйлсээр өвчлөх магадлалтай.

Одоо та бүхэн цэнхэр дэлгэцийн хор хөнөөлийг мэдэж авлаа. Энэ аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Гэрийн нөхцөлд бол хэд хэдэн арга бий. Юун түрүүнд унтдаг өрөөндөө шар гэрэл тавих. Эсвэл сүүлийн үеийн өнгөө хувиргадаг ламп авч тавих. Хэт оройтолгүй эрт унтаж амрах. Унтахаасаа цагийн өмнө ямар нэгэн дэлгэц харахгүй байх.

Харин тоног төхөөрөмжийн хувьд яах вэ? Өмнө нь дэлгэцийн урд удаан суухаар нүд их өвддөг байлаа. Одоо бол хамаагүй дээрдсэн. Гэрлийн температур гэх хэмжээс бий. (Доорх зурган дээр харуулав). Өглөө болон өдрийн цагаар дэлгэц сайн харагдахын тулд цэнхрээр гэрэлтэх хэрэгтэй. Харин нар буусан үед үргэлжлүүлэн цэнхрээр гэрэлтэх хэрэггүй болно. Тиймээс орой үдшийн цагаар дэлгэцийн гэрлээ илүү улаан болгох хэрэгтэй. Яагаад улаан болгох хэрэгтэйг дээр хангалттай тайлбарласан байх. Иймээс "Технологийн дэвшил" хараанд сөрөг нөлөө байхгүй гэсэн рекламууд туйлын "ХУДЛАА" юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.