Бүгдээрээ хуулиа "лоббидъё"
УИХ-аар баталсан хууль болгоны араас хяналт тавьдаг хүмүүс бол хэвлэлийнхэн. Хуулийн заалт бүрт анхаарч энэ хуульд ийм заалт оруулах ёстой, энд болохгүй ийм заалт оруулчихаж хэмээн нэг ёсондоо гишүүдийн алдаа оноог олж хардаг дүгнэдэг, хянадаг. Энэ талаар өөлөх зүйл байхгүй. Хуулийн төсөл бүхнийг иргэдэд мэдээлж, хууль мэндлэхээс өмнө, хойно ч өнцөг гаргаж бичдэг шигээ бид нэг хуульд ингэж анхаарал хандуулах хэрэгтэй байна. Энэ нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль.
 
Хэвлэлийнхэн бид өөрсдийнхөө асуудалд хэтэрхий хайнга хандаж байгаа. УИХ дээр хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд хэвлэл мэдээллийг хаасан, боосон заалтууд орж ирэх тоолонд дандаа ниргэсэн хойно нь хашгирдаг байдлаар явлаа. Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл ярьж байхад тэнд орсон төмөр замын асуудал, төрийн өмчийг хувьчлах зэрэг том, том сэдвийг олж харсан атлаа, эдийн засаг хямраад байгаа нь хэвлэлд төрийн байгууллага мөнгө төлснөөс болсон гэх заалтыг олж хараагүй явуулж байсан жишээ хүртэл бий. Сонгуулийн тухай хуульд цаасан хэвлэлээр сурталчилгаа хийх буюу нэр дэвшигч сонинтой гэрээ байгуулж, өөрийнхөө талаар мэдээлэл сурталчилгаа гаргах эрхгүй гэдгийг мөн л мэдсэн ч мэдээгүй юм шиг харсаар батлуулчихсан түүхтэй. Тэгэхээр бид өөрсдийнхөө асуудалд хэтэрхий хайнга ханддаг гэдэг нь харагдаж байгаа юм. УИХ-аар өнгөрсөн онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхдээ сэтгүүлч эзэд нь редакци руугаа орж болохгүй гэх мэт хэтэрхий амьдралаас тасарсан заалтууд оруулсан нь багагүй шүүмжлэл дагуулж хууль санаачлагч хуулийн төслөө буцаан татаж байсан түүхтэй.
 
Улстөрч бол хэзээ ч сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахгүй. Тэд аль болох л өөртөө ашигтай, сэтгүүлчдэд халтай байдлаар асуудлыг зохицуулах гэж хичээнэ. Сэтгүүлч мэргэжилтэй байлаа ч эцсийн дүндээ тэд улстөрчид. Тийм учраас энэ хуулийн төслийг сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжилгүй хэдэн улстөрчдөд даатгаад үлдээх бус бид өөрсдөө дуу хоолойгоо шигтгэх хэрэгтэй байна. Өөрсдийнхөө давуу талыг ашиглаж өөрийн сайт, сонин, телевиз, радиогоор энэ хуульд оруулах редакцийн, сэтгүүлчийн саналаа бичмээр байгаа юм. Өдөр тутмын сонины эрхлэгч, телевизийн захирлууд суугаад хэлэлцээд гаргадаг ч юм биш. Энд эгэл жирийн сэтгүүлч бидний дуу хоолой хэрэгтэй байна.

Тэнд эрхлэгч нараас гадна редакцид мэдээ, материал бичиж суугаа сэтгүүлчийн асуудал бас яригдах учраас тэр. Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Энх-Амгалан нарын сэтгүүлч мэргэжилтэй гишүүддээ өөрсдийнхөө дуу хоолойг хүргүүлж, санал бодлоо бичих шаардлагатай байна. Ингэж байж л жирийн сэтгүүлчийн эрхийг хамгаалсан чамбай хууль гарах учиртай. Хууль батлагдаж гаргахаас өмнө лобби гэж зүйл байдаг хэмээн улстөрчид ярьдаг. Тэгвэл сэтгүүлч бид, хэвлэл мэдээллийн эрхлэгч, захирлууд энэ хуульд зөв талаас нь лобби хиймээр байна. Сониноороо дамжуулан улстөрчдөд, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гишүүдэд үгээ хүргэе. Гишүүдтэй нүүр тулж уулзаад ярьж болдоггүй юм гэхэд бидэнд интернэт, сонин хэвлэлд бичиж, нийтлэх эрх маань байна.
 
Энэ эрхээ л эдэлж хуулийн төсөлд санал бодлоо нэмэрлэхгүй бол өнөөгийн нийгэмд эрхээ хамгийн их зөрчүүлдэг хэсэг бүлэг нь сэтгүүлчид бид өөрсдөө болчихоод байна. Тэнд байгаа иргэний өмнөөс зовниж хуулийг шамдуулдаг атлаа 1998 оноос хойш өөрсдийнхөө хуулийг батлуулчихаж чадахгүй яваадаа дүгнэлт хийх цаг нь болжээ. Хуулиа батлуулах гэж хичээж, улстөрчдийг шавдуулж, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэхгүй бол тэд бидний өмнөөс баталж гаргана гэдэг гонжийнжоо биз. Нэг компанийн эрх ашгийг хамгаалсан хууль хоёр хоногт батлагдан гарч байхад Хэвлэлийн эрх чөлөөний хууль хоёр гурван жил яригдлаа. Сэтгүүлчдийг нэгтгэсэн холбоодууд ч ийм зүйл дээр саналаа оруулж, сэтгүүлчдийнхээ өмнөөс дуугарах ёстой. Хэд гурван таньдаг сэтгүүлчээ гадаадад аялуулж, хэдэн төгрөг гишүүдээс салгах гэж холбоодууд ажилладаггүй гэж найдья.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.