Ерөнхий сайд асан Чон Хун Воны хүсэлтийг буцаалаа
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе Ерөнхий сайд Чон Хон Воныг огцруулахаас татгалзжээ.  Өмнөд Солонгос улсын Инчоноос Чэжүг чиглэн хөдөлсөн аяллын “Совел” хөлөг онгоц  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эргээс 100 км зайд осолдсон билээ.

Эл осолтой холбоотойгоор Засгийн газар аврах ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан гэх зэргээр  ихээхэн шүүмжлэлд өртөх болсон. Тиймээс Ерөнхий сайд Чон Хон Вон бүх хариуцлагыг үүрч, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор огцрох хүсэлт гаргасан билээ. Ерөнхийлөгч эхлээд Чон Хон Воныг огцруулахыг зөвшөөрч орных нь хүнийг хурдан шуурхай олж тавина гэж мэдэгдэж байсан бөгөөд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл “Совел” хөлгийн осолтой холбоотой асуудлуудыг эмхлэх, цэгцлэх ажлыг удирдуулахаар болж байсан юм.

Тэгвэл өчигдөр Засгийн газар суудлаасаа буух хүсэлт гаргасан экс Ерөнхий сайдын хүсэлтээс татгалзаж, суудалд нь үлдээхээр болсон тухай албаны эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхийлөгч Пак Гын Хе өмнө нь тус албан тушаалд хоёр ч хүний нэрийг дэвшүүлсэн юм.

Гэсэн ч хоёул олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн учир ийнхүү Ерөнхий сайдаа хэвээр нь үлдээхээр болсон байна. Тэрбээр эхлээд өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр Дээд шүүхийн шүүгч асан 60 настай Ан Дай Хиг Ерөнхий сайдаар нэрлэсэн ч албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний ашиг орлого олсон гэх хэрэг нь илэрч, буцаан татсан билээ.

Дараа нь энэ сарын 10-ны өдөр нэр хүндтэй сонины редактор асан Мүн Чан Гыгийн нэрийг дэвшүүлсэн. Түүний энэ сонголтыг үнэхээр гэнэтийн байсан гэж эх сурвалжууд онцолж байсан юм. Гэвч гурван жилийн өмнө Христын сүмд тавьсан илтгэл дээрээ “Япон, Өмнөд Солонгосыг колончилсон нь бурхны хүсэл байсан” гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэж, мөн энэ жил их сургуульд тавьсан лекцийнхээ үеэр “Манай улс Японы уучлалыг хүлээж авахаар сул дорой улс биш” хэмээж нэг сэдвээр өөр өөр хугацаанд зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж байсан нь үзэл бодолдоо тууштай биш гэсэн шүүмжлэл хүртэж, улмаар өнгөрсөн мягмар гарагт өөрөө нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Энэ бүх шалтгаанаас болоод Ерөнхийлөгч Пак Кын Хе Ерөнхий сайдаа огцруулахаас татгалзжээ. Хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлийн дор огцрох өргөдлөө өгсөн Чон Хон Воныг огцруулахаас татгалзсан шийдвэрийг нь олон нийт хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine