Харааны бэрхшээлтэй иргэд жирийн иргэдтэй адил ном, хэвлэлийг ашиглах боллоо
Харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг хүртээмжтэй хэлбэрээр хүртэхэд нийцүүлсэн Марракешийн гэрээнд Монгол улс 10 улс болон нэгдэн орсон билээ.Үүнтэй холбогдуулан БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэн дэйзи болон брайль ном бүтээх төслийн хүрээнд бүтээгдсэн ном, хэвлэлийг Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ үеэр цахим хүртээмжтэй хэлбэрт оруулсан 50 номын болон ДAISY стандартаар бүтээгдсэн номыг хэрхэн яаж унших талаар танилцуулга хийсэн юм. Нийт 40,0 сая төгрөгийн өртөг бүхий монголын болон дэлхийн сонгодог 50 зохиол, 100 сая төгрөгийн өртөг бүхий ерөнхий боловсролын сургуулийн 3 нэрийн брайль сурах бичиг, 32 нэрийн уран зохиолын болон танин мэдэхүйн, хувь хүний хөгжил, эдийн засаг, нийгмийн суурь мэдлэг олгохуйц дэйзи номыг хэвлүүлэн ийнхүү бэлэг барьж байна.

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд “Брайль болон ярьдаг” уншлагын танхим ажилладаг бөгөөд орон тооны 2 номын санчтай. Тус танхим нь харааны бэрхшээлтэй иргэдэд брайль, аудио номоор үйлчилдэг. Уг танхим нь 20 суудалтай, Монгол, англи хэлний ярьдаг программ хангамж бүхий 2 компьютертэй.1800 орчим номтой, үүнээс 124 ном нь DAISY /D-Digital, A-Accessible, I-Information, SY-System/ буюу тоон ярьдаг номтой.

Тус уншлагын танхимаар жилд дунджаар давхардсан тоогоор 1000 орчим уншигч үйлчлүүлж, 1200 орчим ном уншдаг. Сүүлийн жилүүдэд үйлчилгээндээ технологийн шинэчлэлт хийж, DAISY форматын Цахим Ярьдаг номыг бэлтгэх студитэй болж, улмаар Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод хараагүй иргэдийн сургууль, байгууллагууд DAISY форматын цахим номоо түгээж, үйлчилдэг болоод байна.

Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэн номыг хэвлэмэл номтой адил хуудас хуудсаар, хэсэг хэсгээр, гарчиг гарчгаар нь унших боломжтой болсноороо давуу талтай болсон юм. Номын нээлтийн ажиллагааны үеэр БСШУЯ-ны СБЗГ-ын дарга Д.Гантөмөр “БСШУ-ны сайд Мэдлэгийн нийгэм ирж байгааг байнга сануулдаг. Үнэхээр мэдээллийн эрин зуунд мэдлэг бол хүч чадал юм.

Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг. Манай Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа харааны бэрхшээлтэй 16 мянган иргэн маань мэдлэг хэмээх их хүчийг биедээ шингээж, шидэт номын гэрэлт цонхоор энэ орчлонг хамгийн бодитойгоор харж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Төрөөс харааны бэрхшээлтэй хүмүүст өдөр тутам үзүүлэх номын сангийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд тохирох үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бусадтай адил бүх төрлийн мэдээлэл хүлээн авах эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Их хурал 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль, 2015 онд “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” олон улсын Марракешийн гэрээ, 2014 онд “Номын сангийн тухай” хуулийг тус тус соёрхон баталсан нь харааны бэрхшээлтэй иргэд жирийн иргэдтэй адил ном, хэвлэлийг ашиглах өргөн боломжийг бий болгож, нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг нь баталгаажуулсан юм. Харааны бэрхшээлтэй уншигчдад зориулж хүртээмжтэй хэлбэрээр бүтээгдсэн энэхүү брайль, дэйзи ном, сурах бичгүүд улс, орны өнцөг булан бүрд хүрч, уншигч таны дотны нөхөр, мэргэн зөвлөгч болж, номын мөр бүрийг даган аз жаргал айлчлан ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.