Эд хөрөнгөөр бус эрдмээрээ гайхуул залуус аа
Нууцхан гуниг, нулимстай инээд, дуу хуур цалгисан дурсамж хосолсон оюутан, сурагчид төгсөлтийн баяраа тэмдэглэж эхлээд байна. Дассан анд нөхөд, сургууль, багш нараасаа салан, ирээдүйн амьдралынхаа нэгэн босгыг алхаж буй тэд мөнгөн хонхны баяраа тэмдэглэж, дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь зүйн хэрэг. Гэтэл хүний амьдралд тоотой тохиох учиртай хонхны баярын утга учрыг алдагдуулах хандлага сүүлийн үед ихэслээ.
Бүр арай ч дээ гэж халагламаар болжээ.
 
Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдүүд бэлтгэл ангиа төгсөхдөө, сурагчид бага ангиас дунд ангид шилжих, есдүгээр анги төгсөх, цаашлаад анги төгсөх бүрдээ төгсөлтийн баяр хийж байна. Үүнийг дагаад хөдөө, гадаа гарч, хэд хоногоор зугаалах өсвөр насныхан эмх замбараагүй архидах, гэмт хэрэгт орооцолдох зэрэг сөрөг нөлөөг дагуулсаар.
 
Ар араасаа үргэлжлэх эдгээр “эрдмийн” гэх элгийн баярт хэтэрхий их мөнгө зарцуулж, дээрээс нь багшид өгөх бэлэг сэлт бэлдэх дарамт ирдэг болсоор удаж байна. Уг нь нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг болоод ерөнхий боловсролын сургуулийн нэг, тав, есдүгээр анги төгсөгчдийг эрдмийн баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглоод байгаа. Гэсэн хэдий ч туйлширсан хүмүүс, тэр дундаа эцэг эхчүүд санаачилга гаргаж, энэ баярыг тэмдэглэдэг хэвээрээ л байна. Хүнд хэлэхэд ч ичмээр дамшиг даа гэгчээр гэнэн хонгор үрсийн гэгээн баярын нөгөө талд замбараагүй секс, архидалт, тамхидалт гаарч, бүр хонхны баярын дараа үр хөндөлт нэмэгддэг тухай ч эмч, мэргэжилтнүүд хэлж байсан юмдаг.
 
Хэлсээр, ярьсаар, анхааруулсаар байх авч, жил ирэх тусам илүү хавтгайрч эгнээгээ тэлэн нэмсээр байна. Энэ л замбараагүй байдлаас болж, охид хүсээгүй хүүхэд олж, үр хөндүүлснээр ирээдүйн ээж болох “эрх”-ээ алдаж байгаа хар түүх олон гарч байна. Тиймээс ч албаны хүмүүсийн арга нь барагдсандаа амралтад явж, архидсан бол тухайн сургуулийн захиралд нь арга хэмжээ авдаг болоод байх вэ дээ. Сургууль, цэцэрлэгийн хонхны баяр нэг иймэрхүү.
 
Тэгвэл нийслэлийнхээ төв цэгт, Их эзэн Чингис хааныхаа талбайд хаа сайгүй нэг удаагийн цаасан аяга, хатуу дарсны хоосон лонх хөглөрүүлэн хаяж, баяраа эхлээд, баар, амралт руу явдаг оюутан залуусын балаг бас л дуусахгүй байна. Гоё чамин, үнэтэй хувцас хэрэглэл, идэш уушийн сайханд мансууран, хормын жаргалд умбах залуусын баярыг өргөн дэлгэр тэмдэглэх гэж хэчнээн эцэг, эхийн сэтгэл хэдэн сарын турш шаналж, зарим нь нойргүй хонож байгааг бид мэдэхгүй.
 
Эдийн засаг хүндхэн байгаа ч эцэг, эхчүүд үр хүүхдээ үеийн залуусаас нь дутаахгүй гэсэндээ хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө баярт зориулж байгаа нь нууц биш. Хамгийн эмгэнэлтэй нь нижгэр баярын дараа нэг биш нэлээд олон залуус амьдралын их сургуульд алхан орох биш аавын хаалга татдаг болоод байгаа нь гутамшиг. Ямар сайндаа л “Хонхны баярыг лонхны баяр болгож мэргэжлийн өндөр төвшинд агсам тавьж, чанартай зодоон хийнэ” гэсэн онигоо хүртэл гарсан байх вэ.
 
Уг нь эд хөрөнгө, өмссөн зүүсэн, уусан идсэнээрээ бус эрдмээрээ гайхуулах цаг юмсан. Тиймээс улс орны минь ирээдүй хойч болсон “оюун+тан”-ууд минь нэгийг бодож, хоёрыг тунгаагаад хонхны баяраа лонхны баяр битгий болгооч. Аливаа юмс он цагийн урсгалаар хувьсан өөрчлөгддөг жам ёсоор “Эрдмийн баяр” ч нийгмээ дагаад өнгө зүс, чанар чансаагаа өөрчилж болох ч үндсэн утга агуулгаа өөрчилж болохгүй байлтай. Ямартай ч энэ жил сургуулиа төгсөж байгаа оюутан, сурагчид маань “Эрдмийн баяр”-аа инээд баяслаар дүүрэн өнгөрүүлж, ирээдүйн гараагаа зөв эхлэхийг хүсье.
 
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.