“Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбооноос хамтран “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ.

Хэлэлцүүлэгт төр захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр компани болон ноос, ноолуурын холбооны захирал удирдлагууд оролцон Монгол Улсын ноолуур боловсруулах салбарын үйлдвэрүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бэрхшээлийн талаар санал солилцож, илтгэлүүдийг сонслоо.


Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ноос, ноолуурын холбооны тэргүүн Г.Баярсайхан нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, аливаа улсын үндэсний үйлдвэрлэл түүхий эдийнхээ нөөц бааз дээр тулгуурлан хөгждөг зүй тогтолтой. Тийм ч учраас Монгол улс малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр, аж ахуйн газрыг барьж байгуулахаас улс орноо үйлдвэржүүлэх бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн байдаг гэлээ. Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсад том жижиг нийлсэн 200 орчим ноолуур боловсруулах үйлдвэр, компани, цех ажиллаж жилд дунджаар 550 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 260 гаруй сая ам долларын бүтээгдэхүүн экпортолж байгаа нь тооны талаасаа чамлхааргүй амжилт боловч чанарын талаасаа хангалтгүй үзүүлэлт гэж дүгнэж болохоор байна гэв.

Үүний дараа “Ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн үзэл баримтлал 2025 он” сэдвээр Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ 2015 оноос “Угаасан ноолуурын” экспортыг зогсоож ноолуураа “ самнасан хэлбэрээ” экспортолж эхлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид олон санал гаргаж, шийдвэрлүүлэх асуудлаа нэгтгэн зөвлөмж гаргах юм. Гарсан зөвлөмжийг Байнгын хороо, УИХ, Засгийн газрын гишүүдэд танилцуулан төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах юм байна.
Бусдад түгээх
  • gplus