Нийслэлийн сонгуулийн хороонд бичиг үсгийн боловсролгүй хүмүүс ажиллаж байна гэв
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн  бүртгэл явагдсанаас хойш сонгуулийн хороотой холбоотой хэл ам тасрахаа байсан. Өнөөдөр Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тус намын нэр дэвшигчдийг Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэж аваагүй байна. Ингэхдээ МСДН-ыг нийслэлд салбар хороогүй хэмээн бүртгэхээс татгалзжээ. Гэвч тус нам 2005 онд байгуулагдаж үүнээс хойш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулан нийслэлд салбар зөвлөлөө ч байгуулсан аж. Түүнчлэн 2008, 2012 оны сонгуульд асуудалгүй оролцож байсан юм байна. Харин энэ удаагийн сонгуульд гэнэт ийм шийдвэр гаргасанд гайхаж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

МСДН энэ асуудлаар Нийслэлийн Сонгуулийн хороонд хандахад  хариу ирүүлсэн албан бичиг нь үг, үсэг, утга найруулгын алдаатай байсан нь нийслэлийн сонгуулийн хороонд ажиллаж буй хүмүүсийн боловсрол, эрхзүйн мэдлэг ямар байгааг харуулсан үйлдэл боллоо. Ийм хүмүүс  сонгуулийн хороонд удирдах ажил хийж байгаад харамсаж байна гэлээ. Энэ талаар тэрбээр дараах зүйлийг ярилаа.

“Нийслэлийн сонгуулийн хорооны зүгээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж буй мэдээлэл болон МСДН - д ирүүлсэн албан бичгүүдийг шинжиж үзэхэд тус хороо дур зоргоор хуулинд тайлбар хийх, хууль зүйн үндэслэлийг тогтоох зэргээр шүүх эрх мэдэлд халдаж буй нь илэрхий бөгөөд ингэснээрээ иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна.Мөн 2016 оны 05 сарын 18 - ны өдөр Нийслэлийн сонгуулийн хорооны дарга  Ё.Гэрэлчулууны гарын үсэгтэй 32 тоот албан бичиг ирүүлсэн нь дэндүү ойлгомжгүй, утга авцалдаагүй байсан тул монгол хэлний шинжээчээр үнэлүүлэхэд монгол хэл зүйн анхан шатны мэдлэг, боловсролгүй, бичиг хэрэг үйлдэх чадваргүй хүмүүс энэ бичгийг үйлдсэн болохыг тогтоосон болно. Төрийн эрх барих байгууллагыг сонгох сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулах байгууллагад ажиллаж буй хүмүүс эрх зүйн мэдлэг дорой, боловсрол муу байгаа нь сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу шударга явагдана гэдэгт эргэлзээ төрүүлж байна” гэсэн юм. 

МСДН - ын зүгээс Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг үл зөвшөөрөн хариу тайлбар хийж, холбогдох албан бичгүүдийг Сонгуулийн ерөнхий хороо болон Нийслэлийн сонгуулийн хороонд илгээн, алдаатай тогтоолоо эргэн харж засна хэмээн найдаж, хүлээцтэй хандаж ирсэн байна. Гэвч алдаагаа ухамсарлан хүлээж авах чадвар Нийслэлийн сонгуулийн хороонд нэгэнт байхгүй болох нь тодорхой болсон учир Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандахаар шийдсэн  гэдгээ А.Ганбаатар  хэвлэлийн хурлын төгсгөлд дуулгалаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.