Тоон системд шилжих талаар иргэд ойлголт муутай байна
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд дэлхийн бүх улсууд аналоги системээс тоон системд шилжихийг уриалаад байгаа билээ. Энэ хүрээнд манай улс ч энэ оны долдугаар сарын 31-нд тоон системд шилжихээр болоод байгаа. Харин энэ талаар иргэд ямар мэдээлэлтэй байгаа болон тоон системд шилжих талаар ямар бодолтой байгааг сонслоо.

Налайх дүүргийн иргэн Х.Золжаргал: Иргэдэд мэдээлэл шаардлагатай байна

-Тоон системд шилжинэ гээд яриад л байгаа. Гэхдээ энэ талаар иргэдэд мэдээлэл хүрэхгүй байна. Тоон системд шилжих нь ямар ач холбогдолтой, юугаараа онцгой содон бэ гэдэг талаар  иргэд ямар ч мэдэгдэхүүнгүй байгаа.  Тиймээс ард түмэнд тодорхой мэдээллийг өгч, тоон системийн талаархи танилцуулгыг хийсний үндсэн дээр иргэдийн санал бодолд тулгуурлаж энэхүү шилжилтийг хийсэн нь дээр байх. Тоон системд шилжих тухай бараг хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн хэдий ч энэ талаар иргэд ямар ч анхны мэдэгдэхүүнгүй байна. Бүх нийтээр тоон системд шилжлээ гэхэд иргэд юу хийх, ямар зүйл шаардагдахыг мэдэхгүй байгаа. Тиймээс энэ талаархи мэдээлэл иргэдэд хэрэгтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ганзориг: Илүүц зүйл гэж үздэг

-Би мэргэжлийн онцлогоосоо хамаараад хөдөөгүүр их явдаг. Малчин айлууд ихэнх нь DDISH TV хэрэглэж, тэндээсээ дор хаяж 80 гаруй суваг хүлээн авч үзэж байна. Миний бодлоор энэ бол хангалттай үзүүлэлт. Зүдэрч малласан малынхаа нэлээд хэдийг нь өгч байж авсан телевизор нь тоон системд шилжих болсноор хэрэггүй болж байгаа юм шиг байна билээ. Тэгэхээр мэдээ мэдээлэл авч нийгэмтэйгээ зохицон амьдрахын тулд дахиад зурагт худалдаж авах шаардлага гарна. Энэ нь өнөөх л хөлсөө урсгаж  малласан хэдэн малаас нь хорогдоно гэсэн үг. Би хувьдаа үүнийг илүүц зүйл гэж бодож байна. Ер нь хуучнаараа байхад юу нь болохгүй байгаа юм бэ. Тоон системд шилжлээ гээд өөрчлөгдөх зүйл юу байгаа юм бэ. Би хувьдаа үүнийг дэмжихгүй байгаа.

Баянзүрх дүүргийн иргэн Г.Батбаатар: Тодорхой мэдээлэл хэрэгтэй байна

-Тоон системд шилжих тухай яриа гараад удаж байна. Энэ нь ч зөв. Улс орны хөгжил цэцэглэлтийн нэгэн илрэл болох сайхан хэрэг. Гэвч иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэхгүй байгаа нь дутагдалтай тал болж байна. Одоогийн байдлаар тоон системийн талаар тодорхой мэдэж байгаа иргэн бараг л алга. Хэрэглэгчдэд шууд үзүүлэх сөрөг үр нөлөө байхгүй гэдэг утгаар нь дэмжиж байгаа. Миний хувьд энэ талаар ямар ч ,мэдээлэл байхгүй байсан тул танилаараа дамжуулан лавласан. Тоон системд шилжихэд бэлэн болоод байгаа. Хуучин нь шаардлага хангахгүй байсан болоод л ийм шийдвэрт хүрсэн гэж ойлгож байна. Тоон системд шилжсэнээр нэвтрүүлгийн чанар, гаргалтын систем, хурд зэрэг нь сайжирна гэж найдаж байна. Гэвч энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа.

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Аюурзана: Иргэдэд эдийн засгийн хүндрэл учирна

-Тоон системд шилжих тухай сураг сонссоноос биш тодорхой мэдэгдэхүүн байхгүй байгаа. Энэ системд хэзээ яаж, ямар байдлаар шилжих тухай мэдээлэл огт байхгүй гэхэд болно. Тоон системд шилжихийн тулд иргэдэд юу шаардлагатай болох вэ гэхчилэн маш их мэдээлэл хэрэгтэй байна. Энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байхгүй, тоон системд шилжинэ гэсэн сургаас хэтрэхгүй байна. Шилжих нь үнэн юм бол иргэдийн санал бодлыг авч, нарийн судалгаа шинжилгээ хийж иргэддээ энэ талаархи мэдээллийг хангалттай өгөх шаардлагатай. Би хувьдаа үүнийг дэмжихгүй байгаа. Тоон системд шилжихийн тулд телевизороо солих шаардлагатай гэж сонссон. Энэ нь хамгийн түрүүнд иргэдэд эдийн засгийн хүндрэл учруулах нь тодорхой. Зайлшгүй шилжих шаардлагатай бол иргэдэд түүнийхээ шалтгааныг нарийн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Наранбаатар: Телевизороо солилгүйгээр шилжих зохицуулалт хэрэгтэй

-Тоон системд шилжинэ гэсэн сураг сонссон ч одоогоор нарийн мэдээлэл байхгүй байна. Сүүлийн үеийн телевизортой айлууд шинээр телевизор авах шаардлагагүй гэсэн мэдээлэл байсан ч энэ нь баттай эсэхийг хэлж мэдэхгүй юм. Телевизороо солилгүйгээр энэ системд шилжих зохицуулалтыг хийгээсэй гэж бодож байна. Иргэд үүнийг л хүсч байгаа. Тоон системд шилжихэд иргэдэд юу юу шаардлагатай болох талаар мэдээлэл үнэндээ байхгүй байнаа. Тоон систем гэж өөрөө ямар систем гэдгийг ч сайн ойлгохгүй байна.


Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Тодбаатар: Тоон систем гэдгийг ойлгохгүй байгаа

-Тоон системд шилжинэ гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ талаар иргэдэд өгч байгаа мэдээлэл ч алга. Тоон систем гэдэг нь юу болохыг ч мэдэхгүй юм. Хуучнаараа байхад юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна. Энэ системд шилжлээ гээд ач тус нь юу юм бэ. Үнэхээр хэрэгтэй зүйл юм бол энэ тухай ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй. Бид ч бас улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оролцох эрхтэй. Тиймээс энэ талаар иргэдийнхээ санаа бодлыг авч байж шийдвэрлэх нь зөв байх. Ямар ч мэдээлэлгүй байж байгаад гэнэт тоон системд шилжинэ гэвэл ард түмэнд маш их хүндрэл учрах нь гарцаагүй. Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөхийн үлгэр болох биш биз.

Монголын мэдээ
Х.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • muugii 2014-07-30 13:46:02
    Ediin zasgiin hohirol uchiruulahguigeer shiidverleerei dee Hen negnii biznes bish biz...
    202.21.96.158
    Мэдэгдсэн Хариулах
  • 555 2014-07-01 02:29:31
    үнэхээр энэ талаар төрс засгаас огт мэдээлэл өгөхгүй байна. иргэд ямар бэлтгэлтэй байх юм? кабелийн телевиз ашигладаг бол яах ёстой юм? сансрын антен хэрэглэдэг бол бас яах ёстой юм? юутай ч иргэдэд эдийн засгийн хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх ёстой.
    202.180.218.10
    Мэдэгдсэн Хариулах