ЭЕШ-д орохдоо юуг анхаарах вэ
ЭЕШ  маргааш орон даяар эхэлнэ
 
2016-2017 оны хичэээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 15-ны өдөр орон даяар 12.00-13.40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх юм.Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37200  гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох аж. 

Энэ жилийн ЭЕШ-ын журамд шалгалтын хуудсыг балын харандаагаар бөглөх, монгол хэл, гадаад хэлний шалгалтуудад сонсож гүйцэтгэх даалгавар нэмэгдсэн зэрэг хэд хэдэн өөрчлөлт орсон. Тэгвэл энэ жилийн шалгалтаар сонсож ойлгох чадвар шалгасан даалгавар оруулахааргүй болжээ. Учир нь энэ журмын дагуу орон нутгийн шалгалт өгөх байруудад чанга яригчаар хангасан ч Сангийн яамнаас тоног төхөөрөмж нийлүүлэх хугацааг дахин зарлах шийдвэр гаргаснаас Улаанбаатар хотын шалгалтын байруудыг чанга яригчаар хангаж амжаагүй байна. Ингээд ЭЕШ эхлэх гэж буйтай холбогдуулан дараах мэдээллийг бэлтгэлээ. 

Шалгалтын хугацаа, зохион байгуулалт

Энэ онд төгссөн шалгуулагч төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
 
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна

Бүртгэлийн хуудас: Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх

Суудлын хуваарь: Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2016 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
 
ЭЕШ болон Монгол хэл-бичгийн шалгалтын хуваарийг БСШУЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
 
Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.
 
Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
 
Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.
 
Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
 
Хариултын хуудсыг санамжийн дагуу зөвхөн балын харандаагаар тод засваргүй бөглөнө
 

Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.
 
Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
 
Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан шалгалтын материалын “баганан код наах хэсэг”-т наана. Шалгалт зохион байгуулах комиссын гишүүд шалгалтын материалыг  шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжилнэ.

ЭЕШ-ын дүн мэдээ

Шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана.
 
Машинаар зассан нийт хариултын хуудасны 5-аас доошгүй хувийг санамсаргүй байдлаар сонгон дахин хяналтад оруулж баталгаажуулна.
 
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
 
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
 
2016 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байна
 
Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно.
 
Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.
 
Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.
 
Шалгуулагчдын мэдээллийг БҮТ-д электрон сан бүрдүүлэн архивлана
 
ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.
 
Хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон батламж /дүнгийн тодорхойлолт/ нь их, дээд сургууль, коллежид элсэх үндэслэл болохгүй бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагыг БҮТ хүлээхгүй.

Шалгуулагчдад өгөх зөвлөгөө 

Ямар ч шалгалт өгөхийнхөө урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан “шалгалтад бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг” гэсэн байна. Сурагч унтаж амарсан, сайн хооллосон эрүүл мэндийн хувьд ч бэлтгэлтэй байж л сая сайн шалгалт өгнө үү гэхээс шалгалтад бэлдээд нойргүй хоносон, яарч сандарсан, өглөөний хоол ундаа ч уугаагүй байж амжилт үзүүлэх нь эргэлзээтэй. Шалгалтад орохдоо хувийн бэлтгэлээ сайн хангасан байх шаардлагатай. Тухайлбал үзэг, бал, баллуур, бүр мөнгө хүртэл бэлэн байлгах хэрэгтэй бөгөөд өглөө явахдаа эрж хайхааргүй газар тавиарай. Сэтгэл санааг тань үймүүлэхээр кино, уулзалт, яриа зэргээс хөндий байгаарай. Инээдмийн кино үзэж болох юм. Эмчийн хэрэглэхийг зөвшөөрсөн, эсвэл зайлшгүй уух шаардлагатай эмүүдээс өөр бусад тайвшруулагч, өвчин намдаагч зэргээс татгалз. Дотор эрхтний тань үйл ажиллагааг эвдэх, эсвэл хүнд хоол унднаас зайлсхий. Хөнгөн төрлийн хүнс хэрэглээрэй. Бүх цагаа өглөө дуугарахаар тааруулж, гэрийнхэндээ ч захиарай. Унтдаг цагтаа л унтах хэрэгтэй. Шөнө нойргүй хонож болохгүй. Шалгалтын өглөө төлөвлөсөн цагтаа сэрээд өглөөний цайгаа яасан ч мартаж болохгүй. Хөнгөн төрлийн зүйлс идэхээ мартуузай. Шарсан барьсан зүйл эсвэл бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд саримас зэрэг зүйлсээс зайлсхий. Ус, чихэр, шоколад, шүүс, жигнэмэг зэргийг авч болно. Шалгалтад орох хуудас зэрэг бичгүүдээ дахин нэг хяна. Шалгалтад чөлөөтэй байх хувцас сонго. Шалгалт эхлэхээс ядаж хагас цагийн өмнө сургууль дээрээ оччихсон байхаар гэрээсээ гараарай. Гэрээсээ гарахдаа өөдрөг сэтгэлтэй гараарай. Гэр бүлийн гишүүдээс тань цуг очихыг хүсвэл бүү татгалзаарай. Шалгалтын үр дүнгийн талаар бодолгүйгээр шалгалтдаа ороорой. 
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus