Ой тогтоолтын нээлттэй тэмцээнээс 22 медаль хүртлээ

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин (дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4) Багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртлээ.

Бага насны ангилалд өрсөлдсөн /анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалийн 16-г нь хүртэж дэлхийд #1 гэдгээ дахин харууллаа.

Шинэхэн тамирчдын маань 2016 оны хамгийн эхний тэмцээний буухиа амжилттай эхэллээ. Ингэснээр 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 504 медаль хүртлээ.

Дашрамд дурдахад хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 24-26 хооронд АНУ-н Сан Диего хотод зохион байгуулагдах "Extreme Memory Tournament" ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд манай улсаас 5 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцоно.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus