Египетийн онгоцны хар хайрцаг олдлоо
Египетийн иргэний агаарийн тээврийн Эйрбус A320 онгоц өнгөрсөн сард Газар дундын тэнгист сүйрсэн билээ. Улмаар онгоцны хар хайрцгийг хайх эрлийн ажиллагаа тухайн бүсэд өрнөж буй. Тэгвэл Египетийн албаныхан сүйрсэн онгоцны нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурыг олсон талаар мэдээллээ.  Бүхээгийн дуу хураагуур ихээхэн гэмтсэн байдалтай олдсон байна. 
 
Одоогоор мэргэжилтнүүд шинжилгээ хийхээр дуу хураагуурыг шумбагч онгоцоор Александриа хот руу хүргэхээр ажиллаж буй аж. Онгоцны хар хайрцаг нь нисгэгчийн бүхээгийн дуу хураагуур болон нислэгийн бичигч гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Үүний нэг болох бүхээгийн дуу хураагуурт нисгэгчдийн хоорондын яриа, дуу авиаг бичдэг байна. 
 
Францын нийслэл Парис хотоос Египетийн Каир хотыг чиглэн хөдөлсөн зорчигч тээврийн онгоц өнгөрсөн сарын 19-ний өдөр ор сураггүй болж, сүйрсэн юм. Тухайн үед 66 хүн онгоцонд байсан билээ. Онгоцны сүйрлийн шалтгаан тодорхойгүй. Гэхдээ албаныхан террорист халдлага байх магадлалыг үгүйсгэхгүй байгаа юм. Ямартай ч, хар хайрцгийн нэг хэсэг олдсоноор онгоцны сүйрлийн шалтгааныг тогтооход нэг алхам урагшилж буйг ажиглагчид онцолж байна. 
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus